Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал талаар хэлэлцэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” сэдэвт хэлэлцүүлгийг төр нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн төлөөлөл Ш.Гунгаадорж, Т.Нинжин, Б.Даваасамбуу, Д.Содном, Ө.Бямбажав нарыг оролцуулан өнөөдөр /2015.12.11/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/”-ыг боловсруулах ажлын дэд хэсгийн гишүүн Н.Энхбаяр дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд гарах үр дүн, өөрчлөлтийг эдийн засгийн дундаж өсөлт, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого, хүний хөгжлийн үзүүлэлт, ядуурлын түвшин, улс орны өрсөлдөх чадвар зэрэг 25 үндсэн үзүүлэлтээр тодорхойлохоор авч үзсэн. Урт хугацааны бодлого нь олон нийтэд нээлттэй, ахиц дэвшил, үр дүн нь хэмжигдэхүйц байх юм гэдгийг тэрбээр дурдаад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах үндэслэл, эрх зүйн орчин, сорилт, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын хамрах хүрээ, төлөвлөлтийн зарчим, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд, урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын шалгуур үзүүлэлтүүд, хүрэх дүн, түүний хэрэгжилтийн зохицуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар хэлэлцүүлэгт оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/-ыг 2016-2020, 2020-2025, 2025-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд Монгол Улс дунд орлоготой орнуудыг тэргүүлэгч улс орнуудын эгнээнд хүрч, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 6.6 хувиас доошгүй, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрсэн байна гэж тооцож байгаа аж. Мөн ядуурлын бүх төрлийг эцэс болгож, монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг ханган дундаж наслалтыг 78-д хүргэнэ, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий улс орнуудын эгнээнд багтаж, эхний 70 орны нэг болно, төсвийг алдагдалгүй болгож, хуримтлал үүсгэх замаар 2017-2024 онуудад төлөх Засгийн газрын өрийг барагдуулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөлийг хангана. Түүнчлэн засаглалын хүрээнд хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, төрийн алба нь цэвэр тунгалаг, хариуцлагатай, ардчилсан иргэний нийгмийн засаглал төлөвшинө гэсэн судалгааны тооцоо хийсэн байна.

Энэ үеэр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг Улсын Их Хурлаар баталсан. “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гол хөшүүрэг тавигдсан гэдгийг онцлоод хэлэлцүүлэгт оролцож буй ахмад зүтгэлтнүүдийн асуултад хариулт өглөө.

Илтгэл танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов.

 

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан