ХҮН АМИНЫ ХЭРГИЙГ ҮНЭН ХЭЛСЭН ҮЗМЭРЧ

 

Энэ эмгэнэлт явдал хоёр жилийн өмнө болжээ. Нийслэлийн нэгэн гэр хороололд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг Н гэгч эр хотын төвд байранд амьдардаг төрсөн дүүгийндээ хоёр хоноод ирэхээр явсан эхнэр, хүүхдүүдийнхээ эзгүй хойгуур гэртээ ганцаар баахан гиюүрэн хэвтэж байснаа Хархорин зах орохоор өндийн боссон байна. Ингээд тэнд гар дээрээс наймаа хийдэг танил Нараатай тааралджээ. Нараагийн наймаанаас хамт яван заралцаж өгөнгөө хоёр ч шил архи хувааж уусан байна. Нараа нь шоронд ороод гарсан ч хүн шиг амьдрах гэж зүтгэж яваа жирийн нэгэн эр. Н цагийн дараа эргэж уулзахаар газар болзож Нараагийн бараанаас хэдийг аваад салжээ. 
    
Болзсон газартаа иртэл Н байсангүй. Түүнийг баахан хүлээж байгаад Нараа гэртээ харьсан байна. Түүнээс хойш Н-ийг хэн ч олж харсангүй. Эхнэр, хүүхдүүд нь хоёр хоногийн дараа ирэхэд Н гэртээ байсангүй. Долоо, арав, хорь хонолоо. Очиж болох бүх айл, найз нөхдөөс нь асуухад “Манайхаар ирээгүй” гэв. Сураггүй болсоор хоёр сар болоод байтал шоронд орж явсан Нараатай хамт юм зарчихсан Хархорин зах дээр хоёул согтуу явж байсныг олж мэдээд эхнэр цагдаад хандан “Тэр Нараа нөхрийг маань алсан байж магадгүй. Тэр бол шорон оронгоор орж гарч явсан үл бүтэх хүн” гэсэн утгатай өргөдөл гомдол өгчээ. Ингэж өргөдөл гомдол өгөхөөсөө өмнө баахан лам хуварга, бөө зайран, үзмэрч мэргэчид халаасаа хоослон бараалхаж, нөхрийнхөө тухай асуужээ. Тэд ёстой бурж байна аа. 
    
Ийм хорь гаруй хүнд бараалхахад хэн нь ч үнэн зөв юм хэлсэнгүй. Нөхөр чинь уг нь наймаанд сэргэлэн хүн юм байна, тэр амьд байна, гадаадад наймаа хийгээд их сайн яваа юм байна, хагас жилийн дараа бөөн олзтой гэнэт ирэн та нарыг баярлуулах гээд хэл чимээ зориуд өгөхгүй байгаа юм байна гэж нэг нь бурав. Гадаад паспортгүй, ямар ч мөнгөгүй, солих хувцасгүй хүн юу гэж тэгж явах билээ гэж эхнэр бодоод энэ мэргэд итгэсэнгүй. Итгэх аргагүй нь уншигч танд ч ойлгомжтой байгаа биз дээ. 
    
Бас нэг нөхөр бурж байна аа. Нөхөр чинь амьд байна. Чамаас жаахан уйдаж залхсан юм аа даа. Одоо бол хөдөө уулын мухарт хэдэн малтай байдаг нөхөргүй хүүхэнтэй нөхцөн амьдарч байна. Нөхөр чинь хүүхэмсэг эр юмаа даа. Ийм эрчүүд болдоггүй бордоо толгойгоо мэдүүлээд хаагуур ч тэнэж байж мэднэ. Тэр хөдөөний хүүхэнтэй хотод танилцсан юм байна. Тэгээд ачаа барааг нь хүргэлцэж өгөх нэрээр дагаад явчихжээ. Та нарт амьд байгаагаа дуулгах санаа байвч уулын мухарт байгаа юм чинь яаж дуулгаж чадах билээ. Нөхөр чинь тэр хүүхнээс бас уйдаад жилийн дараа хүрээд ирнэ гэв. Үүнийг сонсоод эхнэр нь амьд байгаагаа дуулгах бодолтой л юм бол мориор ч болсон сумын төв ороод утсаар холбоо барьж болмоор доо гэж бодоод мөн л итгэсэнгүй. Ийнхүү тэр олон мэргэлсэн хүний ихэнх нь амьд байна, хэл дуулгахгүй байж байгаад гэнэт орж ирэн та нарыг баярлуулах гээд байна гэж мэргэлсэн болохоор хөөрхий эхнэр нь нөхөр минь амьд байгаасай гэж дотроо залбирч явжээ. 
    
Гэтэл гурван хүн “Нөхөр чинь үхсэн байна, бусдад алуулжээ, цогцсыг нь хөдөө аваачиж булсан байна” гэж мэргэлэв. Бүр нэг нөхөр “Нөхөр чинь гэрээсээ гарч явсан өдөр амиа алджээ. Хамгийн сүүлд хамт явсан хүн орон шоронд орж явсан үл бүтэх нөхөр байж. Ямар нэг юм булаалдаж, бүр тодруулбал мөнгө төгрөгнөөс болж хэрэлдэн цаадах нь нөхрийн чинь амийг хөнөөжээ. Тэгээд хотоос зайдуу цогцсыг нь аваачиж булсан байна” гэж мэргэлсэн нь эхнэрт нь нэлээд итгэлтэй бодогджээ. Ингээд хамгийн сүүлд хэнтэй хамт явсаныг эрэн сурвалжлахад Нараа тодорсон байна. Эхлээд Нараатай уулзаж юу болсныг бүгдийг яриулаад “Юмаа заруулж нөхөрт маань хувь өгнө гэж байснаа мөнгөнөөс болж хэрэлдээд амийг нь хөнөөсөн байж магадгүй юм байна” гэж бодоод энэ бодлоо өргөдөл гомдолдоо ч оруулжээ.
    
Цагдаагийнхан Нарааг шууд сэжигтнээр татан Ганц худагт хорих гэж байтал хамаатны нь цагдаагийн том тушаалын офицер ирж батлан  даалтад авч, гадуур байцаалгах болов. Ийнхүү Нараа цагдаагийнханд дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгдөг ажилтай болов. Нэг л мэдүүлэг буюу эргэж уулзахаар болзсон, Н ирээгүй гэдгээ л хэлнэ. Иймэрхүү маягаар яг бүтэн жил болоод байлаа. Эхнэр нь ч хүмүүсээр мэргэлүүлсээр байгаад бүр залхаж орхисон байна. Цагдаагийнхан ямар хариу өгөхийг хүлээнэ. Тэд болохоор сураггүй алга болсон хүнийг гурван жил эрэн сурвалжилдаг юм гэнэ. 

Тэгж байтал нэг найз хүүхэн нь ирж уулзаад “Би чамайг аягүй сайн мэддэг үзмэрч хүүхэнтэй уулзуулъя. Миний асуусан бүхнийг үнэнээр нь хэлсэн. Ховдоос ирсэн хөдөөний үзмэрч хүүхэн юм байна” гэснээр тэд үзмэрч хүүхэнд бараалхав. Үзмэрч хүүхэн мэргэ төлгөө үзээд “Энэ хүн гэрээсээ гарсан өдөр нас баржээ. Гэр рүүгээ нэлээд согтуу харьж яваад нэг тийм төмөр шиг юманд цохиулсан юм уу, мөргөлүүлсэн байна. Бусдад алуулаагүй байна. Энэ хүнийг оршуулчихсан байна. Та нар ер нь Замын цагдаагаас асууж үзсэн үү? Тэндээс нэг асуугаад үзвэл яасан юм. Сураг тэндээс л гарч магадгүй байна” гэжээ. 
     
Эхнэр нь удалгүй Замын цагдаагийн газар дээр очиж эрэн сурвалжлуулахад тэндээс яг гараад ирэв. Дээрх үзмэрч хүүхэн бүгдийг үнэн хэлжээ. Тэр өдөр Нараагаас авсан бараагаа Н зарж явсаар, бас замдаа нэг шил архи худалдан авч түүнийгээ бага багаар уусаар нэлээд согтож, нэг дулаахан орцонд ороод хэсэг зуур унтаад сэрэхэд аль хэдийн орой болж, болзсон цаг өнгөрчээ. Маргааш Нараатай зах дээр дахин уулзъя гэж бодоод автобуст сууж, гэрийнхээ ойролцоох буудалд буун зам даган гуйвлан алхжээ.Ингээд зам хөндлөн гарч явахдаа өөд өөдөөсөө ирж яваа хоёр машины дунд орж, яах ийхийн зуургүй нэгэнд нь мөргүүлж арваад метр хол шидэгдээд ухаан алдсан байна. 
    
Дайрсан машин тэр дороо зугтан алга болжээ. Харин сайн санаатай хүмүүс Н -ийг олж хараад цагдаа дуудаж, түүнийг Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн байна. Эмнэлгийн үзлэгээр Н-ийн гавлын яс цуурсан, дөрвөн хавирга хугарсан, баруун хөл хоёр газраараа хугарсан, дотуур цус их алдсан гэж гарчээ. Түүний халааснаас хэн болохыг гэрчлэх бичиг баримт гарсангүй, мөнгө, барьж явсан тор дотроос нь зарж байсан бараа нь гарчээ. Н долоо хоног ухаангүй хэвтээд нас барсан байна. Түүний шарилыг моргт сар хадгалаад хэн ч сураглаж ирээгүй тул Нарангийн энгэрт номертой пайз хатгаад оршуулжээ. Энэ сар гаруй хугацаанд хөөрхий эхнэр нь хамаг мөнгөө баран мэргэч төлгөч нар руу гүйж байсныг дээр өгүүлсэн. 
    
Хэрвээ Гэмтлийн эмнэлэг юм уу моргоос асуусан бол олох л байсан. Ийнхүү хүн амины хэрэгт сэжиглэгдэн хэлмэгдэх гэж байсан Нараа бүрэн цагааджээ. 
Талийгаачийн эхнэр, 
- Би нөхрийнхөө сургийг гаргах гэж хоёр, гурван сар мэргэч төлгөч нар руу хөлөө хугалах шахам гүйж, хамаг мөнгөө бараад бүр залхаад байсан юм. Гэртээ сууж байтал найз хүүхэн утасдаж “Тэнд маш сайн мэргэлдэг нэг хүн байна. Хүрээд ир” гэнэ. Яваад очно. Иймэрхүү маягаар хоёр, гурван сарыг өнгөрөөж байхын оронд Гэмтлийн эмнэлэг, моргоос асуусан бол олох байж. Замын цагдаагийн газраас талийгаачийн тухай “Зууны мэдээ” сониноор нэг удаа зарлуулсан юм билээ. Тэр сонинг бид олж уншаагүй. Тэгээд ч талийгаачийн зургийг тавиагүй, насыг 5-6 насаар зөрүүлж бичсэн болохоор яаж мэдэх билээ. 
    
Ийнхүү эрэл мухардаад яг жил болж байтал Ховдын тэр үзмэрч хүүхэнтэй уулзсан. Анхандаа би тэр хүүхэнд бас л итгэхгүй байсан. Юмыг яаж мэдэхэв гэж бодоод ажил төрлийнхөө завыг харж байгаад хэд хоногийн дараа Замын цагдаагийн газар очоод бүгдийг олж мэдсэн. Тэр үзмэрч хүүхэн цохиулсан юм уу мөргүүлсэн тэр төмөр нь машин болж буугаад байна гэж бүр тодруулж хэлсэн. Тэр үзмэрч ёстой даруухан хүүхэн байсан. Мэргэч төлгөчид сүжиггүй болчихоод байсан би түүний гарыг бага мөнгөөр цайлгасандаа одоог хүртэл харамсаж явдаг. Олон олон үзмэрчид ахиухан мөнгө салгахын донд автсан байна шүү дээ. Тэр хүүхнийг хотод дахин ирвэл заавал олж уулзана гэж ярьсан юм. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48