Хөгжлийн банкны шалгалтын дүн дээр гарын үсэг зураагүй гишүүд

 

 

 Хөгжлийн банкны шалгалтын ажлын хэсэгт МАН-ын гурав, АН-ын тав, "Шударга ёс" эсвлийн нэг, бие даагч нэг гишүүн тус тус ажиллажээ. Гэтэл Ардын намын гурван гишүүн, "Шударга ёс" эсвлийн нэг гишүүн гарын үсгээ зураад үлдсэн хэд нь зураагүй байх юм. Арга ядсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэдэн сар хүлээсний эцэст Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг сэтгүүлчдэд нээлттэй мэдээлсэн нь АН-ынхны эгдүүг хүргэж орхисон. Ингэснээрээ тэр эрх баригчдын галыг өөр дээрээ дуудчих шиг боллоо. Нөгөө талд АН-ын гишүүд гарын үсэг зураагүй нь ямар учиртай вэ гэсэн хардлагыг нийгэмд төрүүлж эхэлсэн байна. Эрх баригчид ч "Манай хэд гарын үсэг зурахгүй байхад танилцуулна гэж байхгүй" гэж бодсон нь том алдаа болжээ. Эл шалгалтын дүнг танилцуулсны маргаашнаас эрх баригчид сөрөг хүчний хэд хэдэн гишүүн рүү дайрч эхэлсэн. Дайралтын эхний бай нь УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан нар болов. Эрх баригчдын зүгээс МАН-ын даргын 10 ширхэг хувьцааг 10 тэрбумтай наасан ч амжилт олсонгүй. Улмаар "Эм-Си-Эс" компаниар нь далимдуулан ажлын хэсгийн ахлагчийг нь "харлуулах" гэж зүтгэсэн ч мөн л амжилт олоогүй. Бүр Л.Энх-Амгалан гишүүнтэй хамааралгүй хоёр компанийг холбоод ч нэмэр болсонгүй. Үнэн юм үнэнээрээ сайхан. Авлигатай тэмцэх газар хүртэл албан бичигт нь хариу өгч ямар ч хамааралгүй юм байна гэдгийг нь батлаад өгсөн. Гэтэл ажлын хэсэгт орж ажилласан АН-ын гишүүд дотор "Монроуд" компаниараа дамжуулан хамгийн их зээл авсан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар гарын үсгээ зураагүй байх жишээтэй. Цаашлаад Г.Батхүү, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг нар орж ажиллачихаад гарын үсгээ зурахгүй "алга" болчихсон гэж байгаа. Ямар нэгэн "но"-гүй хүн бол гарын үсгээ зураад, ард түмнээс нэмэх оноо авч болох байв. Харамсалтай нь ажлын хэсэгт эрх баригчдын хамгийн их "но"-той нөхдүүд нь орж ажилласан бололтой. УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч нь зам барьдаг компанитай, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон "бүжигчин" гишүүн Л.Эрдэнэчимэг нь эмийн бизнестэй, Г.Батхүү гишүүн нь "АПУ", "Шунхлай" зэрэг компанитай гээд шалгавал "но" илэрч магадгүй хэд хэдэн гишүүнээ ажлын хэсэг рүү илгээсэн нь эрх баригчдын далд санаа. Эрх баригчдын намын дарга, доодох хүмүүс нь "Хэрэв та нар гарын үсэг зурч ардын баатар болох гэвэл эргээд өөрсдөө баларна шүү" гэж барьцаалсан гэх яриа шаргал ордон дотор нисээд эхэлчихлээ. Ямар сайндаа л элдвээрээ хэлүүлэн байж сэтгүүлчдэд шалгалтын дүнг танилцуулах шийдвэр гаргасан ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан "Хамтдаа шалгуулъя" гэж байх вэ дээ. Тэрбээр "ҮАБЗ-ийн зөвлөмжийн дүгнэлт, Сангийн яамны шалгалтын дүн энэ бүхнийг гол баримт биш гэж үзэж байгаа юм уу гэдгээ хамтдаа сууж ярилцах хэрэгтэй. Хэрэв энэ бүх байгууллагууд болон тэдгээрийн баримт бичгүүдэд итгэхгүй байгаа бол хамтдаа шалгуулъя. Ажлын хэсгийн бүх гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ ярилцах хэрэгтэй. Шалгуулбал хамтдаа шалгуулах шаардлагатай. Би хувьдаа шалгуулахад бэлэн байна" гэжээ. Харамсалтай нь АН, тэр дундаа ажлын хэсэгт орж ажилласан АН-ын гишүүдээс Л.Энх-Амгалантай хөтлөлцөж очоод шалгуулчих хүн олдохгүй л болов уу. Гарын үсгээ зурахгүй зугтаад байсан хүмүүст бол шалгуулна гэдэг хол сонсогдох байлгүй. Уг нь хэн хэн нь шалгуулчих юм бол хаана хаанаа хардлага сэрдлэггүй амар болчихно. Ард түмэн ч төрдөө итгэж эхэлнэ. Даан ч АН-ынхан дундаас Л.Энх-Амгалан гишүүний хэлснээр "Хамтдаа шалгуулах" хүн яагаад ч олдохгүй. 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан