Н.Номтойбаяр:Бид Ерөнхий сайдтай санал нийлэхгүй байна

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Банкийг захиргаадалтын аргаар зээлийн хүүгээ бууруул гэж даалгаж төрийн зүгээс арилжааны банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болохгүй. Тэтгэвэр авч байгаа иргэдийн 60 хувь нь тэтгэврийн зээлтэй байна” гэж онцолсон.

Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн санал дүгнэлтийг бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр уншиж танилцууллаа. Тэрээр “2015 оны хоёрдугаар сарын байдлаар арилжааны банкуудаар олгогдсон тэтгэврийн зээлийн үлдэгдэл 340,7 тэрбум төгрөгт  хүрч 3 жилийн өмнөх үетэй харьцуулахад 3 дахин нэмэгдсэн бол зээлдэгчдийн тоо энэ хугацаанд 40 орчим хувиар нэмэгдэж өдгөө 190,000-д хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал, үнэ ханшийн өсөлтөөс болж тэтгэврийн зээл авах зээлдэгчдийн тоо мөнгөн дүнгийн хэмжээ огцом эрс нэмэгджээ. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй ахмад настны тоо 220 мянга байдаг гэж үзвэл үндсэндээ 90 хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Гэтэл Ерөнхий сайд 60 хувь нь тэтгэврийн зээлтэй байна гэж дарж мэдээлж байх юм. Өнөөдөр арилжааны банкуудаас тэтгэврийн зээлийг ахмадууд сарын 1,5 хувь буюу жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлтэй ахмадууд дээрх мөнгөн дүнгээс тооцож үзвэл сардаа нийт 5,3 тэрбум төгрөгийн хүү төлж байгаа бөгөөд 1 ахмад дунджаар 28 мянган төгрөг оногдож байгаа тооцоо гарч байна. Тэтгэврээс өөр орлогогүй ахмад буурлууд маань өмнө тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдрал, ахуйгаа залгуулж байсан бол өдгөө авсан тэтгэврээ тэтгэврийн зээл, зээлийн хүүнд өгөөд ч хүрэлцэхгүй хүнд байдалд амьдарч байна.

 Гэтэл Ерөнхий сайд Та мэдээлэлдээ “Манай улсын зээлийн хүү бусад хөгжиж буй улсуудын түвшинд байна. Банкны хуульд банк өөрөө зээлийн хүүгээ шийддэг тул энд төрийн байгууллага оролцон зээлийн нөхцөлийг өөрчлөх эрхгүй” гэж хэллээ. Энэ Таны, танай Засгийн газрын байр суурь гэж бид ойлголоо. Үүнтэй МАН-ын бүлэг санал нийлэхгүй байна” гэсэн юм.

Энэ үеэр гишүүдийн зүгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаллын сайд С.Эрдэнээс дараах асуултуудыг асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Тэтгэврийн шинэчлэлийн бодлого гээд баримт бичгийг УИХ-аас баталсан. Энэ талаарх хууль хэзээ орж ирэх вэ. Эмэгтэйчүүдийн тэтгэврийн хугацааны асуудлыг шийдвэрлэх асуудал, малчдын тэтгэврийн асуудал хүлээгдэж байна. Тэтгэвэрийн өсөлт нь инфляцийн болоод үнийн өсөлтийг нөхөж чадсан уу. Мөн тэтгэвэр зээлд явж байх зүйл биш юм. Ахмадуудын бие цогцсыг сайжруулахад зориулагдсан зүйл шүү. Гэтэл ахмадын 70-80 хувь нь зээлэнд шилжүүлж байна. Энэ асуудлыг Засгийн газраас хэрхэн бодлогын хүрээнд авч явж байгаа вэ” гэж асуусан.

Үүнд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хариулахдаа “Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын дагуу хууль боловсруулах ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Арилжааны банкуудтай зөвшилцөж зээлийн хүүг бууруулах асуудлыг ярьж байгаа. Тэтгэврийн зээлтэй холбоотой хуулийн актыг гаргаснаар тухайн тэтгэврийн зээлийг барьцаалж болох, ямар хэмжээний хууль тогтоох вэ гэдгийг хуулиар зохицуулахаар төлөвөлж байна. Сүүлийн үед тэтгэвэртэй холбоотой сөрөг үр дагавар гарч байгаа. Тэтгэвэрийн зээлийг албадлагаар авахуулах, 36 сар хүртэлх хугацаагаар залилан зээлийг нь авахуулсан тохиолдол цөөнгүй байгаа. Хөгжилтэй улс оронд тэтгэврийн зээлийг “хар зээл” гэж нэрийдэн тэр бүр зээл олгохыг тэр бүр дэмждэггүй юм билээ” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Бага тэтгэвэртэй байгаа иргэд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор хэзээ нэмэх вэ гэдгийг хүлээж байгаа. Эцэг эхийнхээ авч байгаа тэтгэврээр амь зууж байгаа бүлэг бий болсон. Сүүлийн гурван жилд цалин нэмэх тухай ямар ч арга хэмжээ авсангүй. Малчдын 70-80 хувь нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөггүй. Цаашдаа шимтгэлээ төлдөг болгох талаар анхаарч үзэх хэрэгтэй. Ганц бие ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн А.Тлейхан “Эрүүл мэндийн даатгалын хууль гарсан. Эрүүл мэндийн санг бүрдүүлэхдээ шимтгэлийг нэмэгдүүлэх үү. Даатгалын хууль хэзээнээс хэрэгжих вэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас оношлогооны өндөр өртөгтэй өвчлөлүүдийг тогтоосон уу. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх үү” гэж асуулаа.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг бид жил бүр нэмэгдүүлж ирсэн. Инфляцийн түвшинтэй нийцүүлж нэмэгдүүлж ирсэн. Малчдын тэтгэврийн насыг наашлуулах асуудлыг сайтар судлах нь зүйтэй” гэсэн юм.

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48