Эмнэлэгт эндсэн эх, хүүхдийг өнөөдөр хөдөөлүүлнэ

Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд эх, хүүхэд хоёр эндсэн талаар NEWSMONGOLIA.MN  сайт мэдээлэл хүргэсэн билээ. /Мэдээллийг видео хэсгээс үзнэ үү/

 

Анхныхаа хүүхдийг төрүүлэхээр эмнэлэгт хүргэгдсэн 27 настай эмэгтэй эмнэлэгт хэвтсэнээсээ хойш хоёр хоногийн дараа амиа алдаж, хүүхэд нь бүтэлттэй төрсөн хэмээгдэж маргааш нь нас барсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Энэхүү эмгэнэлтэй хэрэгт эмч нар буруутай гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа юм.

 

Талийгаач бүсгүй дизайнер мэргэжилтэй, жирэмсэн болсон цагаасаа эмчийн хяналтад байж, төрөх хугацаа нь болсон тул өнгөрөгч лхагва гаригт эмнэлэгт хэвтэхээр очсон. Гэтэл Нэгдүгээр төрөх эмнэлгийнхэн”Ор байхгүй” гээд буцааж. Ингээд маргааш нь буюу пүрэв гаригийн өглөө эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтэхдээ биеийн байдал хэвийн, ямар нэгэн хүндрэлгүй байжээ. Харин баасан гаригийн өглөө ус гарахаар нь эмчдээ хэлэхэд “Зүгээр. Ажиглаад байж бай” гэсэн аж. Өвдөлт ширүүсэх тусам эмчдээ хэлтэл тоохгүй байсан. Шөнөдөө халуурч, хөл гар нь бадайрч өвдөж байгаа талаараа эмнэлгийн гадаа сахиж байсан нөхөртөө мессежээр бичиж байжээ. 

 

“Бие нь өвдөөд байна гэсэн мессеж ирлээ гэхээр нь бид нар сандраад эмнэлэг дээр очсон, “Эмч, сувилагч нарт “Охин маань өвдөөд, бие нь хямраад байна гэнэ ээ. Төрөх болчихсон өвдөөд байгаа хүнийг яагаад төрөх орон дээр гаргахгүй байгаа юм гэхэд “Болоогүй байна, ор сулраагүй байна. Байж л байгаач” гэсэн. Тэгээд л удалгүй охин маань таталт өгөөд эхэлсэн” гэж талийгаач бүсгүйн аав Л.Лагсаннамдаг ярьж байна.

Ар гэрийнхэн нь хэчнээн хэлсэн ч тоохгүй байсан эмч нар хэсэг хугацааны дараа “Охинд чинь яаралтай хагалгаа хийх боллоо. Хагалгаа хийлгэхээс татгалзахгүй гэсэн гарын үсэг өг" гэсэн.  Сандарсан ар гэрийнхэн ч охиныг маань аварч л байвал хэмээн гарын үсэг зурж. Гэтэл удалгүй "Хүүхэд нь бүтэлттэй төрлөө, эм тариа олоод ир" гэж байсан аж. Бас “Ээжийнх нь бие бас тааруу байна, дотроосоо тэр чигээрээ өмхийрчихсөн байсан. Сав нь агшихгүй болохоор хумиад оёлоо” гэж хэлж байжээ. Мөн талийгаачийн ар гэрийнхэн хүн оруулж сахиулъя гэхэд сахиур хэрэггүй, зүгээр гэж татгалзаж байжээ.

 Талийгаачийн ар гэрийнхэн ингэж ярьж байна.

-Охин тань яг хэдэн цагт амиа алдсан бэ?

-Охин маань хагас сайны өглөө 09 цагийн үе өнгөрсөн. Ойр ойрхон биеийн байдал нь ямар байгаа талаар мэдээлэл өгөөч гэж гуйхад эмч нь “Би ингээд хагалгаанд орчих байх” гээд алга болсон. Биднийг дотогш оруулахгүй, хөөж туугаад хэцүү байсан. Тэгснээ гэнэт л сувилагч нь гүйж ирээд “Охины чинь бие муудаад байна. Зөвлөх эмч дуудчихсан. Дахиад хагалгаанд орж магадгүй” гэсэн юм. Бид ч сандраад зовиноод л байсан. Гэтэл сувилагч юм уу, асрагч юм уу хоёр гурван хүн цонхон дээр ирчихсэн ногоон өмд цамц өгч “Нэг, хоёр хүн нь ороодох доо. Хурдал хурдал” гэхээр нь санд мэнд тэр хувцасыг нь өмсөөд орсон. Хүргэн бид хоёрыг дотогш ороход эмч нь хагалгаа хийх гээд гараа ариутгаад зогсож байснаа "Охин чинь ер нь хүнд болчихжээ" гэж хэлсэн. Би ороод охиноо тэврээд уйлахад аль хэдийнэ хөхөрчихсөн байсан даа. Маргааш нь буюу бүтэн сайны 11:40 минутын үед хүүхэд нь өнгөрсөн. Бид үнэндээ хоёрын хоёр хүнээ алдчихаад яахаа мэдэхгүй байна. Үнэхээр хэцүү байна. Уг нь охин хүргэн хоёр маань удахгүй хуримаа хийнэ гэж байсан юм шүү дээ. 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд задлан шинжилгээнд оруулсан уу?

-Ах нь аргаа барчихаад явж байна. Лам маргааш (өнөөдөр) хөдөөлүүл гэсэн. Гэтэл Шүүх шинжилгээнд цогцсыг нь шинжлүүлээгүй байдаг. Өнөөдөр оройноос өмнө шинжилгээнд оруулах санаатай хөөцөлдөж байна. Бид одоо яах вэ, хаашаа хандах вэ гэхэд нэгдүгээр эмнэлгийнхэн "Манайх дотооддоо задлан шинжилгээ хийнэ, санаа зоволтгүй" гээд байгаа. Хүүхдүүдийн маань цогцос хаана байна гэхэд манай морг ойрхон, тэнд байгаа гэсэн. Цагдаа сэргийлэхэд мэдэгдэх үү гэхэд хэрэггүй, задлан шинжилгээний хариу нь 45 хоногийн дараа гардаг гээд байна.

-Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу?

-Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өнөөдөр өглөө гомдол гаргасан. 

-Амиа алдсан шалтгааныг нь эмч нар юунаас болсон гэж тайлбарласан бэ?

-Ураг нь дотроо бүтчихсэн, доторхи бүх зүйл нь ногоорсон байсан гэсэн. Урьд нь зүгээр байсан хүүхэд нэгдүгээр төрөх эмнэлэгт ирээд л 24 цагийн дотор өвдөөд байхад тоохгүй байсаар ийм байдалд хүрлээ. Өвдөөд байна гээд байхад эмч нар тоогоогүй” Нэг минутын зайтай өвдөж байна” гэж нөхөр рүүгээ мессэж бичсэн байсан. Тэгэхээр бүр арга ядсан байгаа биз. Дотор усыг нь хагалаад гоожуулчихсан бол хүүхэд нь зүв зүгээр л гараад ирэх байсан. Хүүхэд нь төрөх гэж тэмүүлээд байхад саван доторхи ус нь хагарахгүй байсаар байгаад бүтээгээд алчихсан гэж бид үзэж байна. Гэтэл тэр чигээрээ усан дотроо ногоорчихсон байсан гэж байгаа. Мөн хүүхдийг нь хоёр уушгиндаа хатгаатай байсан учир амьсгалахгүй байна гэсэн. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу. Тиймээс л бид үнэн мөнийг мэдэхийн тулд хүүхдүүдийнхээ цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд задлан шинжилгээнд оруулмаар байгаа юм.

-Эмнэлгийнхэн албан ёсоор юу гэж хэлж байх юм бэ?

-Бид хийж чадах бүх арга хэмжээгээ авсан ч танай хүүхдүүдийг аварч чадсангүй, хүлцэл өчье гэсэн. Бид бүхэн маш их гомдолтой байна. Нэгдүгээрт, төрөх хугацаа нь болчихсон хүүхдийг тоохгүй, цаг хугацаа алдсан, төлбөр, хахууль авсан хүмүүсээ урдуур хойгуур оруулсаар байж миний охиныг үхэлд хүргэлээ гэж хардаж байна. Миний охиныг амьдаар нь өмхийрүүлж аллаа шүү дээ.

Ийн анхны үрээ догдлон хүлээж байсан бүсгүй амиа алдаж, хүүхэд нь ч эндсэнд ар гэрийнхэн үнэхээр их гомдолтой байгаа аж. Тэд ямар ч гэсэн үнэн мөнийг тогтоох болно гэж ярьж байлаа. Талийгаач бүсгүйг, нарт хорвоод мэндлээд, эхийнхээ уургийг ч амлалгүй, ганцхан хоноод буцсан хүүхдийнх нь хамт өнөөдөр хөдөөлүүлж байна.

Харин эмнэлгийнхний зүгээс “Шүүх шинжилгээний хариу гараагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй. Шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарна. Тэгэхээр хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.” гэжээ.

 

Б.Тулга

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ