УИХ-ын дарга эрдэм шинжилгээний хурлын нээлтэд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.11.20/ Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн “Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаан: Өнөө ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтэд оролцов.

 

 

Нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 55 жилийн ойн баярын мэнд хүргээд “Хоёр жилийн өмнө Монгол Улсын Их сургуулийн удирдлагууд Хууль зүйн сургуулиа Бяраагийн Чимидийн нэрэмжит болгох хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг өчигдөр шийдэж, Засгийн газрын тогтоол гарснаар Хууль зүйн сургууль Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит болж байна. Улсын Их Хуралд тус сургуулийн төгсөгчид олон бий, тэднийг төлөөлөн өнөөдөр ирлээ. Өнөөгийн манай нийгэмд хууль эрх зүй хамгийн их эрэлттэй мэргэжлийн нэг болжээ. Үүнийг Хууль зүйн сургуулийн элсэгч, төгсөгчдийн тоо харуулж байна. Гэвч, эрх зүйн боловсролын хүртээмж, чанарыг улам сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа” гээд тус сургуулийн хамт олонд баяр хүргэж, эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсэв.

 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 452 тоот тогтоолоор Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үеэр тус тогтоолын хуулбарыг хүндэт өргөмжлөлийн хамт гардуулж, УИХ-ын Тамгын газраас бэлтгэдэг ном товхимлуудын дээжийг сургуулийн номын санд бэлэглэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан