Гавьяат хуульчийн уяач хүү

Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ч.Батцогтын ярилцлагыг хүргэж байна.

 

-Таныг Гавъяат хуульч Чимид гуайн хүү гэдгээр нь сайн мэднэ. Бага насаа Хөвсгөлд өнгөрөөсөн гэж дуулсан.

-Би уг нь Улаанбаатар хотын унаган хүүхэд л дээ. Ээжийн маань ээж эрдэм номтой мундаг эмэгтэй байсан юм.  Би сургуульд ортлоо эмээгийндээ Хөвсгөлд байдаг байсан. Эмээ маань намайг таван сартай байхад хөхнөөс гаргаад Хөвсгөл рүү авч явсан гэдэг юм. Манай аав Хөвсгөлийн халх гурван сумын нэг болох Шинэ Идэр сумынх, харин ээж маань зэргэлдээх Жаргал сумын гаралтай хүмүүс.

-Таныг инженэр, эдийн засагч мэргэжилтэй гэж сонссон. Нэртэй хуульчийн гэр бүлд төрж өссөн таны хувьд аавынхаа мэргэжлийг өвлөж авах бодол байсан уу?

-Бид ах, дүү дөрвүүлээ. Үүнээс гурав нь санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Харин хамгийн бага дүү маань олон улсын харилцаа, хуульч гэсэн давхар мэргэжилтэй. Америкийн Йелийних сургуулийг төгссөн өндөр боловсролтой хүн бий. Миний хувьд бол хүүхэд байхаасаа л тоонд дуртай байсан ч тухайн үедээ хуульч болно л гэж боддог байлаа. Гэхдээ нийгмийн ухаанаас илүүтэй математикт их сонирхолтой байсан. Тухайн үед ах маань менежмэнтийн чиглэлээр сурахыг зөвлөж байсан болохоор би нэг их оройтолгүй ангиа сольж менежмэнтийн чиглэлээр сурсан. Тэр үед энэ мэргэжил монголд дөнгөж  нэвтэрч байсан болохоор багш нар маань хүртэл шинэ байлаа. Бид  багш оюутан гэлтгүй л хамтдаа  суралцсан гэж хэлж болно. Монгол хэлээр ном олдохгүй гадаад номноос хамтдаа орчуулга хийхээс эхлээд л...Тэгэхдээ багш нар маань мэдээж эдийн засгийн суурьтай хүмүүс байсан. Манай ангид дандаа эхний хорьд жагссан шилдэг хүүхдүүд орсон. Олон шилдэг хүүхэд нэг дор байхаар өрсөлдөөн ихтэй, бие биенээсээ их юм суралцдаг, хөгжил сайтай байдаг юм билээ. Сүүлд нь би  Бизнесийн удирдлагын чиглэлээр Америкт магистр хамгаалсан.

-Таныг даатгалын салбарыг монголд хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа гэж сонссон. Монголын даатгалын салбарын хөгжлийн түвшин ямар хэмжээнд байгаа вэ?

-Сүүлийн арав гаруй жил даатгалын салбартай холбоотой ажиллаж байна. Би Соёмбо даатгалын ТУЗ-ын дарга, хувь эзэмшигч хүн. Зугатаж болдоггүй, урьдчилан харж болохгүй эрсдлээс хамгаалах ухааныг даатгал гээд байгаа юм. Тэр гарч байгаа эрсдлүүд нь янз бүр байна. Монголдоо бол бусад салбартай харьцуулахад хөгжлийн түвшин маш хойно явж байгаа. Ер нь бол анх даатгалын салбар 15-16 зуундүүссэн гэж ярьдаг. Тэр үед европчууд азиас бараа таваар их зөөдөг байсан юм билээ. Нэг усан онгоцны эзэн өөрийнхөө бүх барааг нэг онгоцондоо ачаад явахад ямар нэг далайн шуурга ч юм уу эрсдэл гарахад 100 хувь хохирол амсана. Тэгэхлээр бараа, таваар зөөдөг худалдаачид цуглараад яаж эрсдлээс зугтах талаар ярилцсан байдаг. Тэгээд нэг арга олсон нь бүгдээрээ нэгдээд бараагаа олон хувааж ачих. Тодруулбал арван усан онгоц явах бол бараагаа арав хуваагаад ачина. Тэгээд аль нэгд нь эрсдэл тохиолдоход 10 хувийн л хохирол амсана гэсэн үг. Тэгэхлээр эдгээр худалдаачид эрсдлээ хувааж, их хэмжээний хохирлоос зугтааж чадсан байгаа юм. Үүнээс даатгалын үүсэл эхэлсэн гэдэг юм билээ. Өнөөдөр дэлхийн хэмжээнд даатгаж болохгүй юм гэж байхгүй болсон. Олон улсын хэмжээнд бол манай монголын өнөөдрийн даатгалын салбар бол анхан шатны хөгжлийн шатандаа л явж байна. Мөн манай компаниуд даатгалын зардлыг илүү зардал гэж үзэх сэтгэлгээ ихтэй, даатгалд зардал гаргах дургүй. Өндөр хөгжилтэй орнуудад бол зайлшгүй байх ёстой зарлага гэж үздэг учраас төсөвтөө суулгаж өгдөг. Ингэснээр тухайн байгууллагынхаа  санхүүгийн тогтвортой нөхцөл байдлыг хангаж өгч байдаг.

-Даатгалын салбарын хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлс юу байдаг юм бол...Даатгалын тухай манай хуулийн дутагдалтай тал...

-Өнөөдрийн хуулийн бас нэг цоорхой нь гэвэл заавал даатгалын хураамжийг төрөөс тогтооно гэж заасан байдаг. Угтаа бол зах зэлийн хуулиар явах ёстой юм. Тодруулбал энэ жил монголын хэмжээнд хичнээн аваар гарсан. Үүнийг хохирлыг даатгалын компани төлсөн эсэх, үүнийг төлөхийн тулд ямар хэмжээний сан байх гээд статистикийн буюу эрсдлийн тооцоогоор тэр хураамжийн хувийг тогтоож байдаг. Ийм зүйлсийг хуулиар тогтооно гэдэг бол их асуудалтай. Тэгэхлээр даатгалын хөгжилд хууль, эрх зүй орчин маш чухал. Гадаадад бол хувийн хариуцлагын даатгалаас эхлээд байгууллагын хариуцлагын даатгал гэж байна. Жишээ нь: Би нэг дэлгүүрт явж байгаад шатанд юмуу шаланд нь хальтирч, унаад эрүүл мэндээрээ хохирлоо гэж бодоход тухайн байгууллагаас нэхэмжлэл нэхэж болдог. Тэгтэл тэр газар нь даатгалын компаниар хамгаалагдсан байж байдаг. Ялангуяа Америк бол хэт даатгагдсан нийгэм, эдийн засаг гэдэг.

-Тэгэхлээр үүнээс улбаалаад даатгалтай холбоотой асуудлууд шүүхэд их очдог байх даа...

-Шүүхдэнэ гэдэг бол угтаа их зөв хандлага шүү дээ. Монгол хүний сэтгэлгээгээр муу байж болох боловч уг нь бол аливаа юмыг засах, залруулах хөшүүрэг нь болдог. Жишээлбэл нэг тохиолдол дээр авч яръя л даа. Сүүлийн үед монголд маань зарим нэг хариуцлагагүй эмч нар буруу оношилсноос болж олон хүн гадаад руу зардал гаргаж эмчилгээ хийлгэхээр явж байна. Гэтэл гадаадад очоод үзүүлэхээр монголд хийлгэсэн онош зөрдөг. Огт тийм өвчин байхгүй байна гэдэг.Нөгөө хүмүүс нь ч өвчингүй л бол яамай гээд өнгөрдөг шүү дээ. Энэ тохиолдолд л гэхэд буруу оношилсон эмчийг шүүхэд өгч сэтгэл санааны болон зардал мөнгөний хохирол нэхэмжилж болно. Тэгвэл нөгөө эмч нар ч илүү няхуур болж буруу оношлох явдал нь багасаж, нийгэмд эерэг үр дагавар гарах ёстой. Харамсалтай нь монголчууд маань тэгдэггүй.

-Даатгалын компаниудын мөнгөн хөрөнгө нөөц хэлбэрээр хөдөлгөөнгүй байх ёстой юу?

-Өндөр хөгжилтэй орнуудад амьдралын, эрүүл мэндийн гээд маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд их хэмжээгээр зарагддаг болохоор мөнгөн сан нь маш их байдаг. Арилжааны банкинд өгсөн мөнгөө хүн дуртай цагтаа авах боломжтой бол даатгалд өгсөн мөнгөө  гэрээнд заасан хохирол үүссэн нөхцөлд л авах үүрэгтэй. Тиймээс тэрхүү мөнгө бодитойгоор байж байдаг. Тиймээс урт хугацааны өөр хөрөнгө оруулалтанд хийх боломж их байдаг. Харин арилжааны банкуудын хувьд урт хугацааны хөрөнгө  оруулалт хийх ямар ч боломж байдаггүй. Тэр утгаараа даатгалын компани бусад төрлийн бизнэсүүдэд маш их дэмжлэг болж өгч чаддаг. Тиймээс урт хугацааны санхүүгийн эх үүсвэр болж байдаг. Тэгэхэд манайд ганцхан арилжааны банкнаас өндөр, хүүтэйгээр зээл авдаг.

-Тэгэхлээр манайд хөрөнгийн зах зээлийн хөгжил муу байгаагаас болж байна гэсэн үг үү?

-Номоор нь ярих юм бол аливаа улс орны хөрөнгийн зах зээлд эхлээд худалдаа хөгждөг, дараа нь үйлдвэрлэл хөгждөг, түүний дараа  санхүүгийн зах зээл хөгждөг. Гэтэл манайд өнөөдөр үйлдвэрлэл нь алга байна. Тэгэхлээр ямар ч сайн мэргэжилтэн ямар ч мундаг бодлого явуулаад ийм суурьтай эдийн засгаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэдэг бол хэцүү. Нөгөөтэйгүүр монголын нягтлан бодох бүртгэлийн, бизнэсийн тайлагнах, импортлох систем нь стандарт биш. Түүнээс зугтдаг маш олон аргатай. Түүнийг барих боломж байдаггүй. Тэгэхлээр  үйлдвэрлэл, нэмүү өртөг олдог зүйлийг монголдоо хийх хэрэгтэй. Түүний дараа санхүүгийн зээл хөгжинө. 

-Манайд өмч хувьчлал жаахан түүхий болсон уу, Тухайн үед мэдлэг, туршлагатай хүмүүс ховор байсныг ч хэлэх үү?

-Ганц манайх биш зүүн европын орнууд бүгдл  янз, янзын аргаар хийсэн байдаг.  Манайх бол Польшийн хувилбараар хийсэн гэдэг юм билээ. Юу гэхлээр монголын бүх хөрөнгийг тухайн үеийн үнэлгээгээр үнэлээд нийт хүн амдаа хувсаасан. Гэхдээ үүнийг буруу зөв гэж дүгнэхээс илүүтэй хийх ёстой зүйлээ зөв хийсэн гэж би боддог. Тухайн үед бүх иргэдээ нэг гараанаас гаргасан. Бүх хөрөнгийг эзэнтэй болгож чадсан. Энэ бол буруу зүйл биш. Ард иргэдийг хөрөнгөжүүлж өгсөн, хөрөнгийг эзэмшигч, эзэнтэй болгож өгсөн сайн талууд бий л дээ. Тэгэхгүй бол төрийн компани гэхээр  ашиггүй ажиллаад байдаг тийм тал байдаг. Одоо ч тийм тохиолдлууд олон байна шүү дээ.

-Тааавынхаа нэрэмжит сангаа хэзээ байгуулсан бэ?

-Аав маань олон зүйлийг сэдэж, хийе гэсэн бодолтой явдаг хүн байсан. Тиймээс хүүгийнх нь хувьд аавынхаа хийхийг хүсэж, эрмэлзэж явсан тэрхүү үйл хэргийг үргэлжлүүлэе гэсэн үүднээс “Чимэд сан”-гаа байгуулсан. Аав маань амьд сэрүүндээ “Монголд хуулиа дээдлэх, мөрдөх ёс алга. Хуулиа мөрдөөд, дээдлээд эхэлвэл улс орон, эдийн засаг хөгжинө” гэж ярьдаг байсан. Тиймээс энэхүү сангаараа дамжуулж хууль дээдлэх ёсыг сайжруулахад тус болох, хуулиа сурталчлах, олон түмэнд хүргэх, уриалах болон болохгүй байгаа хуулин дээр хамтарч ажиллах гэх мэт олон зорилготойгоор байгуулагдсан сан байгаа юм. Өнөөдрийн байдлаар хүмүүс гэр бүлийн сан гэж хараад байгаа боловч миний хувьд тийм болгох хүсэлгүй байгаа. Бид үр хүүхдүүдийнх нь хувьд аж, ахуйн талаас нь хариуцаад, сангийн мэргэжлийн талын асуудлуудыг аавын маань хэдэн мянган шавь нараас эхлээд хариуцаад авч явах хүмүүс олон бий. Одоогоор үйл ажиллагаа нь хараахан тогтворжиж амжаагүй байна. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш хоёр жил дараалан эрдэм шинжэлгээний бага хурал зохион байгуулсан. Энэхүү хуралд оюутнуудаас эхлээд эрдэмтэд хүртэл оролцох боломжтой, хэн бүхэнд нээлттэй болохоор олон хүн оролцож боломжийн, авмаар сэдэл, шийдвэрүүд гардаг. Энэхүү хэлэлцүүлгэнд бид уриалга гаргасан. Манай үндсэн хууль болохоо больсон хууль биш ээ. Магадгүй засах юм байж болно. Гэхдээ өнөөдөр цаг нь мөн үү, биш үү? Аав маань амьд сэрүүн байхдаа “Үндсэн хуулийн нэг үгийг өөрчлөхөд л төрийн дээд шатнаас доод шат хүртэл нөлөөлдөг” гэж ярьдаг байсан. Тэр өөрчлөлт нь буруу хийгдчихвэл засахын аргагүй юм болдог. Үндсэн хуулинд үг, үйлдэл бүрийг нарийн заадаг юм биш. Ерөнхий ойлголтыг өгдөг юм гэдэг байсан.

-Үндсэн хуулинд 2007 онд өөрчлөлт оруулсан байх аа...

-2007 онд хийсэн долоон өөрчлөлт үндсэн хуулийг их муутгасан гэдэг. Энэ талаар олон улсын шинжээчид, манай аав маань хүртэл ярьдаг байсан. Олон улсад тавцанд аавтай маань хамтарч ажиллаж байсан хуулийн олон хүмүүс байдаг. Тэд хэлэхдээ “Муу, тааруу үндсэн хууль улс орны хөгжлийн түүхэнд 15-17 жилийн дотор улсаа мөхөөсөн байдаг” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Тэгэхлээр манай үндсэн хууль 23 жил болсон байна. Үүнээс үзэхэд манай үндсэн хууль муу үндсэн хууль болоогүй. Мөн олон улсад хүний эрх, чөлөө, ардчилал талаас нь дүгнэдэг тийм журам байдаг юм билээ. Түүнд манай үндсэн хууль нэлээд өндөр шаардлага хангасан сайн хуулинд ордог юм билээ.

-Парламентын засаглалын хувьд засаглалын хэр оновчтой хэлбэр вэ? Таны бодол...

-Мэдээж хэрэг төгс гэж юм байхгүй. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд хамгийн оновчтой нь  парламентын засаглал гэж би боддог. Эрх чөлөөтэй, ардчилсан нийгэмд эдийн засаг маань хөгжиж байх ёстой гэсэн үүднээс парламентын засаглалыг зөв гэж үздэг. Нийгмийн сэтгэхүйг дундаж хүний сэтгэхүй бий болгодог. Өнөөдөр дундаж хүний сэтгэхүй дэндүү бага байна. Нийгмийн сэтгэхүй нь дундаж хүний сэтгэхүйнээс бага байвал засаг төрд сонгож байгаа хүмүүсээ харна. Тэгэхлээр өдрөөс өдөрт нийгмийн дундаж хүний сэтгэхүй тодорхой хэмжээгээр өсөөд яваад байна. Тэгэхлээр энэ хууль маань илүү ажиллаад байх бололцоо нь бүрдэх болов уу гэж боддог.  Ер нь бол хувьдаа үндсэн хуулийг оролдох цаг нь одоо биш гэж бодож байна.

-Та Ардчилсан намыг яагаад сонгох болов.Хөвсгөл аймгийн ардчилсан намын даргаар хэдийнээс ажилласан бэ?

-Миний ардчилсан намд элсэх, ажиллах болсон шалтгаан маань аавтай маань салшгүй холбоотой. Намайг оюутан байх үед буюу үндсэн хууль хэлэлцэж байх үед манай гэр бүл их түгшүүртэй байдаг байсан. Гэрийн утсаар янз бүрийн хүмүүс залгаад заналхийлэх, сүрдүүлэхээс эхлээд... Энэ үед аав маань олон хүмүүстэй уулзаж зуучилж, учир байдлыг ойлгуулдаг, үл ойлголцлолоос урьдчилан сэргийлдэг тийм хүн байсан юм билээ. Тэр үед манайд ардчилалын одоогийн лидерүүд болох Ц.Элбэгдорж, Э,Бат-Үүл, Р.Гончигдорж, Баабар ахаас эхлээд олон хүмүүс орж гарч, зөвөлгөө авах, санал бодлоо солилцдог байсан л даа. Тэгэхэд би тэд нарын яриаг сонсоно, заримыг нь таньдаг болохоос эхлээд надад маш их нөлөөлсөн. Ингэж л би ардчилал руу татагдсан. Мөн нөгөө талаас аавын маань нөлөө байсан гэж боддог. Тиймээс улс төрд орох нь  миний үүрэг юм болов уу гэж боддог. 2012 оноос эхлэн Хөвсгөл аймгийн ардчилсан намын даргаар сонгогдон ажиллаж байна. Та нар мэдэх байх. Манай нам хэвтээ бүтэц зохион байгуулалттай. Дарга нь дээрээс бус доороос төрж гардаг. Модны үндэс сайн байвал мод сайн ургадагтай адил манай намын үндэс гэвэл парламентад сууж буй гишүүд маань байгаа шүү дээ.

-Нам гэж хуваагдах хэрэг байна уу гэж олон хүн ярих болсон...

-Нам бус парламент цуглах юм бол ямар хэцүү хямрал болох бол гэдгийг төсөөлөхөд ч хэцүү. Ёстой 76 тийшээ харсан нөхдүүд л орж ирнэ шүү дээ.  Тэгэхээр зайлшгүй нам байж нэг зохион байгуулалтанд орж, үзэл бодол нэгдсэн хүмүүс байж л хөгжинө. Өнөөдрийн хувьд нам дэмий, бие даагчид илүү байна гэж ярьж, мунхруулж байгаа хүмүүс байгаа. Сонголтоо хийхдээ хувь хүн талаас нь чадвартайг нь харж сонгох нь чухал.  Нэр дэвшигч нарт тавих шаардлагаа өндөр болгомоор байгаа юм.

-Нэр алдартай хуульч хүний хүүтэй уулзсан болохоор өөрийн эрхгүй хуулийн талаар зөндөө ярьчихлаа. Таныг багадаа хурдны морь унаж байсан гэж сонссон юм байна...

-Багадаа Хөвсгөл аймгийн Жаргал суманд эмээ дээрээ байхдаа ээжийн дээд талын ахын хурдан саарал морийг унаж/1976 онд/ их насанд уралдаж байсан. Энэ саарал морь маань их хурдан, том биетэй, маш номхон морь байж билээ. Надаас өөр хүн нэг их унадаггүй байлаа. Тэгээд л хот руу ирээд морь унах боломж дахин олдоогүй.

-Морь уралдуулж үзье гэсэн бодол байдаг уу?

Сүүлийн үед найз нөхөд морь их сонирхож, цуглуулдаг болсон байна. Тэднийг дагаад юу, юугүй дуурайгаад явъя гэсэн бодол одоохондоо алга л байна. Монгол хүн юм чинь мэдээж морио, дээдэлж шүтэлгүй яахав. Манай аав насныхаа сүүлийн жилүүдэд надтай нийлж мал их цуглуулсан даа. Эрдэнэ суманд манай нэлээд хэдэн адуу, мал бий. Нэг үе адуу сонирхоод зүүн аймгуудаас адуу авчирч, адуундаа тавьсан байгаа. Бага байхад аав маань наадмын морины комисст орж ажилладаг байсан. Тиймээс аавыгаа дагаж наадам алгасалгүй морь үздэг хүүхэд байлаа.  Багын энэ сонирхол маань одоо хүртэл бий. Юмыг яаж мэдэх вэ. Нэг өдөр морь сонирхоод уяж, уралдуулаад явж байх ч юм  билүү. Хэлж мэдэхгүй шүү дээ. Юутай ч эхлэлийг нь тавьсан  байгаа.

-Морь гэх энэ сайхан амьтны хийморь эр хүний хийморийг сэргээж, эзнээ элдэв муу зүйлээс хамгаалж байдаг гэж олонтаа сонсож байсан юм...

-Тэгж ярьцгаадаг. Манай Соёмбо даатгалын сайхан сийлбэртэй гэр байдаг юм. Бид наадмаар Хүй долоон худгийнхаа ногоон зүлгэн дээр гэрээ барьж, морь үзэж, наадамчин олноо дайлж цайлан хоёр хоног сайхан амардаг. Ажлынхан маань ч гэсэн морь уяж уралдуулъя гэсэн санал тавиад байдаг юм. Тийм болохоор нь хоёр гурван жилийн өмнө Сүхбаатар аймгаас хоёр морь авчирч Борнуурт байдаг уяачдаа аваачиж өгсөн. Тэр жилээ соёолондоо сумын наадамд түрүүлж байсан морь бий. Нэгэнт л Хүй долоон худагт гэр барьж байгаа юм чинь улсын наадамд авчирч уралдуулж үзье гэж уяачтайгаа яриад л байгаа.  Монголынхоо түүхэн хөгжилтэй салшгүй холбоотой энэ сайхан мориндоо монгол эрчүүд маань татагадахгүй байхын аргагүй л дээ. Үндсэн хуулийг баталж байх үед төрийн сүлдний загварыг гаргаж манайд олон хүмүүс ирдэг байсан. Ирсэн хүн болгоны хэлдэг нэг л үг байдаг байсан нь “Морио л оруулах ёстой шүү” гэдэг үг байлаа. Тэгэхээр монгол хүний сэтгэлгээнээс морь хэзээ ч арилшгүй амьтан юм.

“Ухаантай морь” сэтгүүл:Ярилцсан М.Насанжаргал, У.Билгүүн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан