Д.Булганыг саатуулах хугацааг сунгажээ

С.Зориг агсны гэргий Д.Булганыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт баривчлан саатуулсан нь олон хүний хувьд итгэмгүй, цочир мэдээлэл гэгдэж байлаа. Гэвч Цагдаагийн ерөнхий газраас даваа гаригт буюу өчигдөр саатуулан баривчилсан нь үнэн гээд харин ямар хэргийн улмаас баривчилсан болохыг хэлэх боломжгүй гэсэн мэдээлэл хийсэн. Ингэснээр Д.Булганыг С.Зориг агсны амиа алдсан хэрэгт саатуулан баривчлав уу, эсвэл өөр хэрэг байв уу. Сүүлийн үед үүсээд байгаа улстөрийн элдэв дуулиант мэдээллүүдийг бүдгэрүүлж, олон нийтийн анхаарлыг сарниулах ээлжит “тоглоом” болчихов уу гэсэн эргэлзээ, таамаглалуудыг дэгдээсэн.

 

Басхүү сонгууль болгоны өмнө С.Зориг агсны амийг хөнөөсөн алуурчдыг илрүүлнэ, илрүүлэхэд ойрхон боллоо гэсэн “шоу” дэгдээдгийн нэг хэсэг үү гэсэн хардлага ч байгаа юм.

 

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсан 1998 онд амиа алдсанаас хойш 20 гаруй хүнийг баривчлан шалгасан гэсэн мэдээлэл байдаг. 2004 оны сонгуулийн өмнө Д.Энхбат хэмээх хүнийг Францаар хулгайлан авчирч, эрүүдэн шүүж, эцэст нь Д.Энхбат амиа алдсан. Хил дамнуулан хүн хулгайлснаас үүдэн олон улсын харилцааны асуудлууд ч үүсч байсан билээ.

Д.Булганыг ч мөн хэрэг гарсны дараахан саатуулан хорьж байсан нь шуугиан дэгдээж, ар гэрийнхэнд нь хүнд цохилт болж байсан юм. Д.Булган энэ хэргийн цорын ганц гэрч. Тийм ч учраас гол мэдүүлэг түүнийх гэдэгт олон нийт найдсаар буй. Харин энэ удаад хэргийн цорын ганц гэрч буруу мэдүүлэг өгсөн нь ийн 17 жилийн дараа хорих үндэслэл болсон байж магадгүй гэсэн мэдээлэл байна.

 

Д.Булган алуурчид “Эрэгтэй, эмэгтэй. Нэг нэгнийгээ Батаа, Оюунаа”  гэж дуудаж байсан гэсэн мэдүүлэг өгсөн гэгддэг. Харин 17 жилийн дараа буюу энэ хэрэгт хоёр эрэгтэй хүнийг холбогдуулан баривчилсан. Тэднийг сар гаруйн өмнө Орхон аймгийн Эрдэнэт хотоос баривчилсан. Сар гаруйн хугацаанд байцааснаар Д.Булганыг баривчлах үндэслэл гаргаж ирсэн байж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Гаргаж гэдгийн учир нь олон удаа С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж амласан үе үеийн эрх баригчдад итгэх итгэл алдарсаар өнөөдөр дэгдээд байгаа энэхүү албан бус мэдээлэлд ч итгэхэд хэцүү байдал үүсээд байгаа юм.

 

Харин энэ удаад Д.Булганыг 72 цаг саатуулах хугацааг 14 хоногоор сунгасан нь хангалттай нотлох баримттай гэж үзсэнийх үү гэсэн асуулт гарч ирж байна. Хэрвээ мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл түүнийг яллагдагчаар татан дахин хоёр сар хорьж, шалгах боломжтой.

 

Хэн, юу хэлэв?

 

Хамгийн баталгаатай мэдээллийг өгөх ёстой Цагдаагийн ерөнхий газраас дээр өгүүлсэнчлэн “Ямар хэрэгт шалгаж байгаа талаар мэдээлэх боломжгүй” гэсэн үгээр хэсэг төөрөгдөл үүсгэсэн. Тэгвэл яг энэ хугацаанд прокурорын байгууллагын зүгээс “Саатуулан баривчлах талаар бидэнтэй зөвшилцөөгүй” гэсэн бол ийн хугацааг сунгасан гэдэг нь прокурорт танилцуулан зөвшөөрлийг нь авсан гэсэн үг.

 

 Баривчлах хугацааг сунгахын өмнө УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “С.Зориг агсны хэрэг илэрнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн үг твиттертээ тавьсан нь бас анхаарал татаж байгаа юм.

Ж.Дуяа

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан