Нэг тэрбум долларын зээлээ нэг жилийн дараа авна

Эрчим хүчний сайд Д.Зоригттой цөөн хором ярилцлаа.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлал эрчим хүчний салбарт нэлээд өндөр ач холбогдолтой айлчлал болох шиг бол­лоо. Хоёр улс цаашдаа эрчим хүч­ний салбарт хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбар нэлээд идэвхтэй байгаа. БНХАУ-ын компаниуд Монголын эрчим хүчний салбарын өргөтгөл ши­нэчлэлийн ажил, шинэ эх үүсвэр ба­рих ажилд оролцож байна. Үүнээс гадна УИХ өнгөрсөн зургадугаар сард Төрөөс эрчим хүчний салбарт ба­римтлах бодлогоо баталсан. Алс хэтдээ Монгол Улс эрчим хүч экс­порт­лох орон болох зорилт тавьж бай­гаа. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын эрчим хүчний байгууллагуудтай, томоохон компаниудтай нэлээд олон удаа уулзалт хийж байна. Энэ удаа­гийн айлчлалын хүрээнд Шивээ-Овоо­гийн нүүрсний уурхайг түшиглэн өндөр хүчин чадалтай экспортын цахилгаан станц, хил дамнасан ца­хилгаан дамжуулах шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах гэрээнд гарын үсэг зурлаа. ТЭЗҮ-ээ зургаан сарын хуга­цаанд боловсруулах ёстой. Эдийн зас­гийн хувьд ашигтай гэсэн тооцоо гарах юм бол цаашдын хамтын ажил­ла­гааныхаа гэрээ, хэлэлцээнд орох юм.

Мөн БНХАУ-аас манай улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ зээлийн хө­рөнгөөр хэрэгжих томоохон төслийн нэг бол Эгийн голын усан цахилгаан станцын төсөл. Уг төслийн ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийж дууссан. Энэ зээлийн тусгайлсан хэлэлцээр тусдаа явагдана. Үүний дараа ирэх жилээс станцын барилгын ажил эхэлж 2022 онд ашиглалтад орно гэж тооцож байгаа. Эгийн голын усан цахилгаан станц манай эрчим хүчний салбарт гол үүрэг гүйцэтгэх сэргээгдэх эрчим хүчний том эх үүсвэр.

-Зээлийн санхүүжилт ам.дол­ла­раар хийгдэх үү, эсвэл нэг тэрбум ам.дол­лартой тэнцэх юань зээлэх юм уу?

-Нэг тэрбум ам.доллар 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүү­тэй зээлэхээр болж байгаа юм. Энэ зээл ам.доллараар санхүүжигдэнэ. Зээ­­­лийг зөвхөн Эгийн голын усан ца­хил­­гаан станцад зарцуулахгүй, авто за­­­мын төслүүдэд бас зарцуулна.Манай эр­чим хүчний салбар өглөө, оройн ид ачааллын үедээ ОХУ-аас эрчим хүч авч байгаа. Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор ОХУ-аас эрчим хүч импортлохоо болино.

-ОХУ-аас авч буй эрчим хүчний төлбөрт жилд хэдэн төгрөг төлдөг вэ?

-Жил  болгон 30 орчим сая ам.дол­лар төлж байгаа. Энэ хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Манай улс зөв­­хөн ОХУ-аас бус БНХАУ-аас бас эрчим хүч авдаг. “Оюутолгой” ком­пани тус улсаас эрчим хүч худалдан авч байна. Эгийн гол, Багануур, Таван­толгойн цахилгаан станц баригд­санаар ма­най улс өөрөө өөрийгөө эрчим хү­чээр хангадаг болно. Шивээ-Овоод цахилгаан станц барь­сан тохиол­долд манай улсын анхны экс­пор­тын цахилгаан станц болох юм. Өөрөөр хэлбэл, манай улс экспор­тын ор­логоо нэмэгдүүлэх, эдийн зас­гаа солонго­руулахад чухал ач холбог­долтой.

-БНХАУ-аас нэг тэрбум ам.дол­ларын зээлийн санхүүжилтээ хэзээ авч эхлэх вэ?

-Одоо төсөл тус бүрээр тусгайлсан хэлэлцээр хийнэ. Энэ ажил жилийн ху­гацаанд явагдах байх.

-Зээлийн хугацааг нь 30 жил болгох санал тавьсан гэж сонссон. Манай талын энэ саналыг хүлээж авсан уу?

-Манай  тал  санал  тавьсан. Одоо­гийн байдлаар бол 20 жилийн хугацаан дээр тогтоод ерөнхий хэлэлцээртээ га­рын үсэг зурчихлаа. Ер нь явцдаа зээлийн нөхцөлийг сайжруулах яриа хэлэлцээ үргэлжлэх боломжтой гэдэг нь сая Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр яригдсан.

Эх сурвалж: “Ардын эрх” сонин. С.ШИЙЛЭГТӨМӨР

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан