О.Дашпагма: Монголд ирэх вакцинуудад архи, тамхи хориглосон заалт байхгүй

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өнөөдөр (2021.02.20) ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуусан вакцинтай холбоотой зарим асуултад хариулт өглөө.


-Covid-19 авсан хүүхдүүдийг вакцинд хэрхэн хамруулах вэ?

-Эсрэг биет үүссэн буюу халдвараар өвдсөн хүмүүсийг эдгэрснээс нь хойш 90 хоногийн дараа вакцин хийх боломжтой. Дэлхий дээр бүтээгдэж буй вакцинууд 18-аас дээш насны хүмүүст хийгдэх заалттай. Энэ вакцинуудыг 16-гаас доош насны хүүхдэд хийх туршилт, судалгаанууд хийгдэж байна. Судалгааны үр дүнгээс хамаарч хийгдэх болно.

-Эхний тунгаар хэдэн хувийн дархлаа тогтох вэ?

-Хоёр тунгаар дархлаажуулна. Манай улсын хүлээж авах вакцин мөн хоёр тунгаар хийгдэнэ. Аливаа вакциныг 2-3 тунгаар дархлаажуулахдаа заасан хугацаанд нь хийж байж дархлаа тогтох үр дүнтэй. Их Британид хийсэн судалгаагаар AstraZeneca вакцин хийсний дараа хэсэг газар урвал илэрсэн тухай мэдээлэл бүртгэгдсэн. Энэ нь вакцины дараа илэрч болох хэсэг газрын урвал илрэх түвшинд байна гэж гэж судалгаагаар дүгнэгдсэн. Бусад түгээмэл илрэх шинж тэмдгүүдэд толгой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдгүүд бүртгэгдсэн. Гэхдээ энэ нь хэсэг газар урвал өгөх тохиолдлуудаас цөөн илэрсэн гэж үзсэн. Вакцины дараа илрэх урвалуудыг бид цаг тухайд нь мэдээлж, хариу арга хэмжээ авна.

-Дотоодын хувийн компаниуд вакцин оруулж ирэх боломжтой юу?

-Эм ханган нийлүүлдэг компаниуд вакцин оруулж ирэх тухай асуудал Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулагддаг. Энэ хуулийг дагаж мөрдөнө. Хамгийн гол дүрэм журам бол тухайн вакцин, эм Монгол Улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Мөн  вакциныг тээвэрлэх, хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатай.

-Вакцины эхний тунг хийлгэсэн хүн хоёр дахь тунг хийлгэх хүртлээ юу юуг анхаарах шаардлагатай вэ. Архи, тамхи хэрэглэхгүй байх зэрэг хориотой зүйлс бий юү?

-Вакцин хийлгэсний дараа тодорхой хугацаанд мөрдөх зүйлс бий. Манай улс эрс тэс уур амьсгалтай учраас вакцин хийлгэсний дараа дулаан хувцаслана. Вакцин хийлгэсэн газар болон хэсэг газар нь 1-2 хоногийн дараа илрэх хариу урвалыг ажиглаж, түүнд тохирсон хариу арга хэмжээ авахыг иргэдэд зөвлөдөг. Манай улсад оруулж ирэх вакцинуудад архи, тамхийг хориглоно гэсэн заалт байхгүй.

-Вакцинтай холбоотой журмыг өнөөдөр батлах талаар Эрүүл мэндийн сайд мэдээлсэн. Энэхүү журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Covid-19-ийн эсрэг вакцин дэлхийд шинэ вакцин учраас бид одоо мөрдөж буй зарим журам, зааварт нэмэлт өөрчлөлтийг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан  хийж байна. Тухайлбал, вакцин хийх өрөө тасалгаа ямар байх, вакцин хийх эмч юуг баримтлах зэрэг дүрэм, журам, зааврыг хийхээр бэлтгэж байна.

-Манай улсад вакцины тусгай зүү тариур хангалттай бий юу?

-AstraZeneca вакциныг нэг удаагийн тариур буюу ДЭМБ-ын шаардлагыг хангасан тариураар хийнэ. Эхний ээлжийн вакциныг тарихад шаардлагатай хэмжээний 0.5 мл-ийн зориулалтын тариур нөөцөд бий. Цаашид хийх тариурууд болон аюулгүй хайрцгийг манай улс захиалсан. Вакциныг тариуртай нь хамт өгдөг.

-Манайд улсад эхний ээлжид оруулж ирэх вакцин мутацид орсон Covid-19-д таарах уу?

-Вакциныг тухайн вирусийн генетикийн мэдээллийг авч хийдэг учраас Covid-19-ийн эсрэг ихэнх вакцин үр дүнтэйг судалгаагаар тогтоосон.

-Вакциныг ямар хүмүүст тарихыг хориглох вэ?

-Аливаа халдварт өвчнөөр өвчилсөн үед вакцин хийлгэхийг хориглоно. Мөн вакцины зааварт тусгагдсан эсрэг заалт бүхий хүмүүсийг хамруулдаггүй. Дархлаажуулалт эхлэхээр тухайн иргэн эмчийн асууж буй асуултуудад үнэн, зөв хариулж байж вакцины зааварт тусгагдсан эсрэг заалттай эсэхийг тодорхой болгодог.

О.Дашпагма: Монголд ирэх вакцинуудад архи, тамхи хориглосон заалт байхгүй

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан