Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгох төлөвлөгөөтэй байсан МАН-ын Их хурал албан ёсоор хойшлов

Өнгөрсөн сарын 10-ны өдөр /2021.01.10/ МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж ээлжит 30 дугаар Их хурлыг  хуралдуулах товыг ирэх сарын 01-ны өдөр /2021.03.01/  гэж тогтсон. Тус Бага хуралдаанаар Их хуралд оролцох төлөөлөгчдийг сонгох, намын 100 жилийн ойг тэмдэглэх, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотойгоор гишүүдтэйгээ санал солилцоод тарсан юм.

Энэ үеэр зарим гишүүдийн зүгээс “Коронавирусийн халдварын улмаас улс орны нөхцөл байдал хүнд байхад юун Их хурал, намын баяр вэ. Намын Их хурлыг цахимаар зохион байгуулах хэрэгтэй. Олон хүнийг Улаанбаатарт цуглуулж эрсдэлд оруулах шаардлагагүй. Намын 100 жилийн ойг хойшлуул” хэмээн уурласан гэдэг.

Тэгвэл тухайн үед гишүүдийн хэлж байсанчлан улс орны нөхцөл байдал үнэхээр амаргүй байгаа тул МАН ирэх сарын 01-ны өдөр товлосон Их хурлаа хойшлуулах асуудлыг удирдлагын түвшиндээ ярилцаад эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл МАН-ын Их хурлыг албан ёсоор хойшлуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Их хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. МАН-д Их хурлаа хойшлуулах гурван шалтгаан бий.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙГ БАГА ХУРЛААР СОНГОДОГ УЧИР ИХ ХУРЛЫГ ХУРАЛДУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ-

НЭГДҮГЭЭРТ, Намын Их хурлыг хуралдуулах гол шалтгаан нь намын дараагийн даргыг сонгох л юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг томилох тохироог аль хэдийн хийсэн гэх. Тэгэхээр ирэх сард Их хурлаа зохион байгуулаад намын шинэ даргаа сонгох нь цаг хугацаа болон бусад асуудлын хувьд тохиромжгүй гэж үзсэн байна. Нөгөөтэйгүүр намын зарим фракц болон ялагдсан аймгуудын намын үйл ажиллагаа цэгцрээгүй байгааг харгалзаж буй бололтой.

ХОЁРДУГААРТ, Улс орны нөхцөл байдал хүнд бүх нийтээр коронавирусийн халдвартай тэмцэж буй энэ үед аймаг, сумдын намын төлөөллийг цуглуулж Их хурлаа хийх нь эрсдэлтэйн дээр хэл, амны бай болно гэж үзэж байгаа аж. Мөн ажиллаад удаагүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын коронавирустэй тэмцэх ажлыг хойш татсан үйлдэл болно гэж ярилцжээ.

ГУРАВДУГААРТ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах хуулийн хугацаа бий. Энэ хугацаанд намууд нэр дэвшигчээ тодруулна. МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвшихээр аль хэдийн бэлтгэл ажилдаа орсон бөгөөд Тусгаар тогтнолын ордны Зүүн жигүүрийн сонгуулийн штаб болгосон гэх мэдээлэл бий. Мөн Засгийн газарт хамтран ажиллаж байсан мэргэжилтнүүдээ тус штабдаа ажиллуулж  байгаа гэх. Ямартай ч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялалт байгуулах амбицтай байгаа бөгөөд их ч хүч хаяж буй. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ Бага хурлаараа сонгож болох дүрэмтэй. Тэгэхээр Бага хурлаа хуралдуулахад л хангалттай гэж үзэж буй бололтой. Харин МАН 100 жилийн ойн баяраа тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ гэж төлөвлөж буй.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан