БНХАУ-ын хоёр ч том гэмт бүлэглэл манай улсад орж ирж, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байжээ

БНХАУ-ын хоёр ч том гэмт бүлэглэл манай улсад орж ирж, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байжээ

 

Тагнуулын ерөнхий газар, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийнхэн хамтран өнгөрсөн оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудаас БНХАУ-ын 818 иргэнийг саатуулж, улмаар 783-ыг нь албадан гаргасныг уншигчид санаж буй биз ээ. Хятадууд “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудал болон Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь нэгэн орон сууцыг хөлслөн өнгөрсөн оны ес болон аравдугаар сараас хойш сууж байсан юм. Тэгвэл энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн өдгөө шүүхүүд хянаж, удахгүй урьдчилсан хэлэлцүүлгийг нь товлохоор болжээ. Бидэнд олдсон мэдээллээр БНХАУ-ын хоёр ч том гэмт бүлэглэл манай улсад орж ирж, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байжээ.

Нэгийг нь Дундад улсын иргэн Лиу Тинхуа (Liu Tinghua) гэгч толгойлсон аж. Уг хоёр бүлгийн нэг нь Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Юнион бюлдинг” цогцолборын III, IV, VI, VII, XII давхрын өрөөнүүдийг түрээслэн өндөр хүчин чадалтай цахим төхөөрөмж, компьютер, гар утас ашиглан бусдыг залилж, мөнгө угаасан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр төлөвлөж буй бололтой. Прокурорын байгууллагаас тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, улмаар түүнийгээ хятад хэлээр орчуулуулж, холбогдогч нарт өгсөн аж. Тэдний бүлэглэлд багтсан нэг холбогдогч нь батлан даалтад байгаа бол бусдыг нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Гэвч батлан даалтад буй хятад эр манай хууль сахиулах байгууллагынхны дуудсан цагт ирэхгүй, өмгөөлөгч нар ч нийлж, бусад холбогдогчийг нь суллуулахаар ажиллаж байсан гэнэ. Прокурорын байгууллагаас батлан даалтад байгаа хятад эрийг цагдан хорих хүсэлт шүүхэд хүргүүлснээр манай хуулийн байгууллагынхныг үл ойшоож байсан тэр иргэн хүрч ирсэн аж.

Харин нөгөө зохион байгуулалттай бүлэглэлийнхэн нь дээр дурдсан бусад зочид буудалд нутаг нэгтнүүдээ байршуулж, хэрэг үйлдсэн хүмүүсийн гэм бурууг аль шүүхээр шийдвэрлүүлэх харьяаллыг Улсын дээд шүүх тогтоосон байна. Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дахь зочид буудал дамжин хэрэг үйлдсэн учраас дээрх дөрвөн дүүргийн шүүхийн аль нэгт хэргийг хэлэлцэх шаардлага тулгарсан тул ийнхүү харьяалал тогтоолгохоор хандсан аж. Улсын дээд шүүхээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, хүргүүлснийг тус шүүх хянаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь тогтоогдсон. Ингээд цахим төхөөрөмж ашиглан “Вичат”, “Телеграмм”, QQ зэрэг захидал харилцааны сүлжээнд “Жи-Мобайл”, “Скайтел”, “Юнител”-ээс авсан олон тооны утасны дугаараараа хуурамч хаяг нээн, “МТ4” хэмээх өөрсдөө хувиргаж боловсруулсан платформд элсүүлэн хөрөнгийн зах зээлд арилжиж буй хувьцааг худалдах, худалдан авах ажиллагаанаас ашиг олж буй мэтээр зохиомол байдал бий болгон залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн билээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр өмнөд хөршийн хууль сахиулах байгууллагынхан энэ хоёр бүлгийнхний өдүүлсэн хэргийг шалгахад манай цагдаа, тагнуулынханд дэмжлэг үзүүлж, мөрдөгчдийн гаргасан хүсэлтүүдийг шуурхай биелүүлж, хариу ирүүлээд зогсохгүй, “Дундад улсын нэрийг дэлхий дахинд сэвтүүлсэн энэ хүмүүстэй хатуу хариуцлага тооцох ёстой” гэдгээ ч илэрхийлсэн байна.

Дашрамд мэдээлэхэд, прокурорын байгууллагаас энэ хоёр бүлгийнхэнд гадаад улсад гэмт хэрэг үйлдэж, залилан мэхэлсэн мөнгөө Монгол Улсад оруулан ирж угаасан, манай улсын нутаг дэвсгэрт гэмт бүлэглэл байгуулан үйл ажиллагаа явуулсан, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн гэх зэрэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн гэнэ.

Эх сурвалж: asu.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан