Си Зиньпин харилцаагаа хөгжүүлэх нь гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэлээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хийгдэж байгаа анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлогтой төдийгүй хоёр улсын өндөр, дээд түвшний яриа, хэлэлцээний үргэлжлэл бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн таван жилийн дараа БНХАУ-д хийж буй төрийн айлчлал юм.

 

 
Өчигдөр /арваннэгдүгээр сарын 10/ БНХАУ-ын дарга Си Зиньпин, гэргий Пөн Ли-Юань нар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаа нарыг албан ёсоор угтах ёслол БНХАУ-ын Ардын Их Хурлын ордонд боллоо. Угтах ёслолд хоёр талын албаны хүмүүс оролцов. Албан ёсоор угтах ёслолын эхэнд ёслолын буудлага хийж, хоёр орны төрийн дуулал эгшиглэсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар хүндэт харуул, угтан авсан хүмүүстэй мэндчиллээ.

 

 

  

Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар албан ёсны хэлэлцээ хийв.

Албан ёсны хэлэлцээний эхэнд БНХАУ-ын дарга Си Зиньпин ”Эрхэмсэг ноён Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж таныг Хятад улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлье.

Өнөөдөр Хятад, Монголын харилцаа түүхийн хамгийн таатай үедээ явж байна. Өнгөрсөн жил миний бие танай улсад айлчлал хийсэн нь хоёр тал Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо хамтдаа тунхаглаж, хоёр талын харилцааны шинэ үеийг нээсэн түүхэн ач холбогдолтой болсон гэж үздэг. Хятад, Монголын харилцаа нь хоёр улсын хамтын хүчин чармайлтын амжилт, хоёр талын нийтлэг эрх ашигт нийцэж, мөн хоёр талын ард түмний дэмжлэгийг авч амжилттай хөгжиж буйд бид сэтгэл хангалуун байдаг юм. Хятад, Монгол хоёр улс  нь сайн хөрш, сайн найз, сайн түнш бөгөөд бид хоёр улсын харилцаандаа өндөр ач холбогдол өгч, цаашид харилцаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэж үздэг юм” гэлээ. 

  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ ”Эрхэмсэг ноён БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлье.  Энэхүү айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хийгдэж буй анхны төрийн айлчлалын хувьд түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгөх ач холбогдолтой гэж үзэж байна.

Хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал, ажил хэргийн уулзалтын давтамж нэмэгдэж буй нь улс төрийн харилцан итгэлцлэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Худалдаа, эдийн засгийн салбар нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг байсаар ирсэн бөгөөд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх нөөц боломж байгаа төдийгүй, хоёр талын худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэх боломжтой юм” гэлээ.

Хоёр тал эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн парк байгуулах, тэргүүний технологийг ашиглан байгаль экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-д экспортлох асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарласан байнга төвийг сахих статусын тухай Хятадын талд танилцууллаа.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан