“Зарим хүмүүс усны цоргыг амаараа үмхээд усаа сорж ууж байна”

 

“Зарим хүмүүс усны цоргыг амаараа үмхээд усаа сорж ууж байна”

 

Хонхтой” гэж нийслэлчүүдийн нэрлэж заншсан төв талбайн урд хэсэгт байршилтай цэцэрлэгт хүрээлэн өнгө төрхөө өөрчлөөд удаагүй байна. Одоогоос гурван сарын өмнө Нийслэлийн хот тохижилтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн албанаас хамтарсан мэдээлэл хийж, шинэ өнгө төрх бүхий “Хонхтой” цэцэрлэгт хүрээлэнг зургаадугаар сар гэхэд ашиглалтад оруулна гэж мэдэгдсэн. Энэ нь ч ёсоор боллоо.

Цэцэрлэгт хүрээлэнд “аялгуут” гэх усан оргилуур, үзвэрийн зорилгоор ашиглагдах боржин талбай болон шинэ бие засах газар нэмэгдсэн нь онцлог. “Аялгуут” хэмээж буйн учир нь талбай тойрон байршсан өсгөгчөөс хөгжим явахад усан оргилуур тухайн хэмнэлд нь тохирсон хөдөлгөөнөөр оргилж байгаа юм. Өөрөөр хэлбэл усан оргилуур аялгуунд нийцүүлэн “бүждэг” юм билээ. Түүнчлэн цэцэрлэгийн ногоон байгууламж бүхэлдээ автомат усалгааны системээр тоноглогдсон нь амжилт болж байгаа юм.

Харин эдгээрээс өөр нэгэн онцлох шинэ жишиг “Хонхтой” цэцэрлэгт хүрээлэнд байршсан нь “Амны ус” билээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун, зүүн хоёр захад байршсан энэ төхөөрөмж бол гаднын орнуудад элбэг тааралддаг бүтээн байгуулалт. Иргэдэд гэнэт ам нь цангах, эсвэл амаа зайлмаар болох шаардлага гарахад “Амны ус” тус болдог.

Өмнө нь олон нийтийн хэрэгцээнд ийм хэлбэрийн “Амны ус” байршиж байгаагүй тул үүнийг шинэ тутам соёлд тооцох нь аргагүй болж байгаа юм. Ингээд иргэд нийслэлчүүд шинэхэн “Амны ус”-тай хэрхэн харьцаж байгааг сурвалжиллаа.

Биднийг ирэхэд агаарын температур 25 гаруй хэм, тэнгэр үүлгүй, орой дээрээс нар шарж байв. Яг ийм үед л цэцэрлэгт хүрээлэнгээр зөрж өнгөрөх ам нь цангасан, халууцсан хүмүүст “Амны ус” хэрэг болох учиртай, тийм ч зориулалттай. Ажиглахад хаа нэгхэн хүмүүс саатан зогсозноод, цоргыг нээж, усаа уугаад цааш явж байна. Тийм ч түгээмэл хэрэглээ болж амжаагүй байх шиг харагдав.

“Амны ус”-ыг хэрэглэхийн тулд цоргоны дээр байрлалтай бөөрөнхий товчийг бага зэрэг чангаар дарах хэрэгтэй аж. Ингэхэд ус нам өндрөөр олгойдон гоожиж эхэлнэ. Ийн уруулаа цоргоны амсарт хүргэлгүй алс зайд тогтоож, гоожиж буй уснаас уух ёстой юм. Гадна нь “Гар, нүүрээ угааж болохгүй” гэхчлэн анхааруулгыг бичиж өгчээ.

Уухад ус нь хага ташим хүйтэн биш ч ер сэрүүн талдаа юм байна. Цоргыг хоёроос гурван удаа нээж уухад амны цангаа хангалттай тайлагдахаар хийгджээ.

Наана, цаагуур нь хүмүүс хөлхөлдөх ч “Амны ус” дээр ирж саатах нь тун цөөн байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр захад байршуулж өгсөн нь зөвхөн хүрээлэн дотор биш, гадна, дэргэдүүр нь өнгөрч яваа хүмүүст олж харахад хялбар байх зорилготой болов уу.

Ингээд “Амны ус”-наас ууж үзсэн Баянзүрх дүүргийн оршин суугч хижээл насны эрэгтэйн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр, “Тун зүгээр юм байна. Ид халуун зунаар уух зүйлд мөнгө зарлагадахгүй, хажуугаар нь өнгөрөхдөө хэд балгачхаж болохоор. Амны цангаа тайлах юм байна. Усных нь амт, халуун хүйтэн нь боломжийн байна” гэлээ.

Харин хот, тохижилтын албаныхан “Амны ус”-ны тогтмол хэрэглэгчид болжээ. Тэд байн байн хүрч ирээд усны савандаа “Амны ус”-наас ус хийн дүүргэж аваад буцацгаах аж. Тэдний нэгтэй яриа өрнүүлэхэд дараах зүйлсийг хэлсэн нь анхаарал татсан юм.

“Энэ “Амны ус” ажиллаж эхлээд удаагүй байна л даа. Хүмүүс яах вэ, мэдэх нэг нь ирээд ууж л харагдаж байна. Энэ бол шууд доороосоо цэвэршүүлсэн устай холбогдчихсон байгаа. Зуны халуунд тун зүгээр эд юм билээ.

Өдөржин наранд ажилладаг бидэнд их таатай байгаа. Ирж усны саваа дүүргэж авна, эсвэл шууд ууна.

Үүгээр явахдаа ажиглахад зарим хүн цоргонд нь уруулаа хүргэчихсэн, эсвэл бүр амандаа үмхчихсэн хөхөж, сорж уугаа харагдах юм. Ингэж болохгүй шүү дээ. Коронавирус гээд бүгд халдвараас сэргийлж байхад зарим хүн ийм үйлдэл гаргаж байна”.


“Хонхтой” цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд ажилладаг хот, тохижилтын албаны хүн ингэж ярилаа. Иймд иргэдэд зориулж энэхүү “Амны ус”-ны төхөөрөмжийг хэрхэн зөв, зохистой хэрэглэх талаар зөвлөмж бэлтгэлээ.

АНУ-ын Tyentusa сайт дээрх мэдээллээс иш татахад:

“Амны ус”-ыг англи хэлээр “Drinking water fountain”, эсвэл “Water fountain” гэхчлэн нэрлэдэг юм байна. Өрнийн орнуудад эхэлж үүссэн энэ соёл эрүүл ахуйн шаардлагыг хэр хангадаг вэ гэх асуулт үргэлж тавигддаг аж. Харин мэргэжлийн хүмүүс хэрэв зөв хэрэглэвэл ямар ч халдварт өвчин тусах эрсдэлгүй гэж тайлбарладаг.

Тухайн хүний дархлаа тогтолцоо сул үед цоргоны гадаргуу дээр наалдсан хүмүүсийн гарын хирээр дамжиж E.Coli тэргүүтэй гэдэсний бактериар өвчлөх тохиолдол гардаг. Гэхдээ энэ нь цөөн гэж тайлбарлажээ.

“Амны ус”-ыг зөв ашиглахын тулд:

  • Нэгт, цоргыг нээж, усыг гоожуулах
  • Хоёрт, усыг гоожуулан оргилуулж хэдэн секунд болох
  • Гуравт, уруулаа цоргонд хүргэлгүйгээр оргилж буй уснаас уух
  • Дөрөвт, цоргонд гараараа хүрсэн тул гараа ариутгах, эсвэл угаах хэрэгтэй юм байна.

Эх сурвалж: eguur.mn

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан