Автохудалдааны цогцолбор руу гурван автобус явуулахаар төлөвлөжээ

Улаанбаатар хотын 2020 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд барилгын материалын нэгдсэн төвийг Налайх дүүрэгт байгуулах, техникийн зах, сэлбэгийн худалдааг нэгтгэж Улаанбаатар хотын баруун хэсэгт, хуучин 22-ын товчоо орчим төвлөрүүлэхээр тусгасан байдаг.

Энэхүү төлөвлөгөөний дагуу Автохудалдааны цогцолборын хэсэгчилсэн төлөвлөлтийг НИТХ-ын Тэргүүлэгчдээс батлан, өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон.  

“Авто худалдааны цогцолбор” нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байх юм. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын  нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1 438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөсөн.

Өнгөрсөн сард тус цогцолбор нь албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд цогцолборт 6 375  авто машины зогсоолын талбайг хийж, талбайг бүрэн гэрэлтүүлэх хүчин чадалтай лед гэрэлтүүлэг, хянах камер байрлуулсан. Мөн нийтийн хоолны газар 26, бие засах газар тав, хүнсний дэлгүүр хоёр, эмийн сан нэг, онлайн машин захиалгын төв нэг, авто угаалгын газар тав,  авто машины болон дугуй засварын газар арав, нотариат, даатгалын компаниуд, Нийслэлийн татварын газрын салбар, арилжааны дөрвөн банкны салбар, авто машины улсын дугаарын үйлдвэр гурав, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн иж бүрэн үйлчилгээ, авто оношлогоо зэргийг төвлөрүүлээд байна.

Түүнчлэн хуучин 22-ын товчооноос авто худалдааны цогцолбор хүрэх  1,7 км автозамыг шинээр барьж, I хорооллоос Автохудалдааны цогцолбор хүрэх дунд багтаамжийн гурван автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ.

Д.Чингүн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан