“Шинэ толгойт” орон сууцын хорооллын айлууд худгаас усаа зөөж хэрэглэдэг

“Шинэ толгойт” орон сууцын хорооллын айлууд худгаас усаа зөөж хэрэглэдэг

 

Сонгинохайрхан дүүргийн II хорооны нутаг Орбитод 2013 онд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал, Орбитын 254 өрхийг орон сууцад оруулна хэмээн гурван талт гэрээ хийж, газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь Орон сууцын дэд бүтцийн газрынхан хураан авсан байна. Харамсалтай нь, дахин төлөвлөлт хийхээр шалгарсан “Стандарт проперти групп” компанийнхан үүргээ биелүүлсэнгүй, төр ч хяналтаа тавиагүй тул иргэд дунд нь хохирсоор долоон жилийн нүүр үзэж буй. Тухайн үед АН-ынхан төрийн эрхийг барьж байсан бөгөөд “Төрдөө итгэ, газраа чөлөөл” хэмээн иргэдийг ухуулж байсан. Мөн төсөл хэрэгжүүлэгч “Стандарт проперти групп” ХХК нь 2013-2019 онд нийт 2860 айлын 9 блок орон сууц, 1920 хүүхдийн сургууль, 560 автомашины дулаан зогсоол, 540 хүүхдийн цэцэрлэг, соёл урлаг, спорт цогцолбор, худалдаа үйлчилгээний төв, эмнэлэг барьж байгуулна гэж иргэдийн чихэнд цэцэг ургуулсан байна. 2013 онд Сонгинохайрхан дүүргийн II хороонд хоёр блок барилга барьж, гурав дахь орон сууц барих нүхээ ухаад орхижээ. Ухсан нүхэнд нь хүүхдүүд унах эрсдэл үүсжээ. Үүнээс хойш ажил нь үндсэндээ гацаж, “Стандарт проперти групп” компанийн захирал нь солигдон, иргэдээс зугтсаар байгаа гэсэн аж.

 

 Тухайн орон сууцыг уурын зуухаар халаадаг, иргэд уух усаа ойр орчмын худгаас зөөдөг аж. Мөн чанаргүй материалаар баригдсан тул тухайн 10 давхар орон сууцын орц болох, хоёрдугаар давхарт нь хэд хэдэн удаа гал гарч байсан гэдгийг иргэд хэлсэн юм. Гэр хорооллын тэхий тунд байрладаг уурын зуухны ойр орчимд нь хөө, үнс овоорчээ. Энэхүү уурын зуухны үнс тортог өвөл зунгүй хийсэж, иргэдийн монгол гэрийн цагаан бүрээсийг үнсэн саарал болгож байшинтай айлууд нь цонхоо  ч онгойлгох боломжгүй хүндхэн аж төрж байна.  Мөн уурын зуухны нам даралтын зуух нь дэлбэрч, хоолойнууд нь хагарч, урд гудамжных нь айлууд руу үнстэй халуун ус нэвчин орж байсан гэнэ. Орбитын иргэд асуудлаа шийдүүлэхээр II хорооны Засаг дарга болон нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, тухайн үеийн хотын дарга Сү.Батболдод хандаж, удаа дараа гомдол, санал гаргаж байсан гэдэг. Гэсэн ч нийслэлийн удирдлагаас АН-ынхны хутгасан бантан МАН-ынханд хамаагүй гэх агуулгатай үг хэлэн иргэдийг үл тоосон гэнэ. Тиймээс газар, үл хөдлөхийн гэрчилгээгээ хураалгасан иргэд хашаа байшингаа зарах болон барьцаанд тавьж зээл ч авах боломжгүй зутруухан аж төрж байгаа юм. Дахин төлөвлөлтийн хүрээнд барилга барих газруудын цахилгаан, халуун ус, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн асуудлыг төр шийдэхээр хуульчилсан. Мөн энэ тухай гурван талт гэрээнд ч тусгадаг.

 

Уг нь анх тухайн төслийг Японы хөрөнгө оруулагчид хэрэгжүүлэхээр тендерт шалгарсан аж. Харамсалтай нь, төр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, дулааны шугамаа татаагүй тул Японы тал “Танай төр анхан шатны бэлтгэл ажлаа ч хийгээгүй юм байна” хэмээн төслийг хэрэгжүүлэхээс татгалзсан аж.  Энэ мэтээр эл асуудлыг анхан шатны нэгж нь ч үл тоож, нийслэлийн удирдлага ч өөрөөсөө зайлуулан зугтаж, айл өрхүүд үнсэнд сааралтан аж төрсөөр байна. Хохирогчид УИХ-ын 27 дугаар тойрогт Та Бидний Эвсэлээс нэр дэвшиж буй Буяагийн Тулга, Дашаагийн Бямбасүрэнд хандаж, дахин төлөвлөлтийн алдаа, гацааг арилгаж өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байв. 

 

ЭХ СУРВАЛЖ: zarig.mn Б.Наран

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан