“Хүүхдүүдийн минь нэг нь ч болтугай амьд байгаасай гэж залбирсан”

“Хүүхдүүдийн минь нэг нь ч болтугай амьд байгаасай гэж залбирсан”

 

2020.05.27 Нийслэлийн Аврах ангийн аврагчид цогцсуудыг хайж байгаа нь.

-Зуурдаар алдсан үрсээ тоолж суухаас өөр чадах зүйл бидэнд үгүй гэж үү-

2020.05.28 Хэсэгхэн хугацаанд тоглох гэж явсан хүүхдүүдийн дөрөв нь энэ тогтоол усанд осолдсон юм.

Бидний үр үндэс, яс, махны тасархай, цаашлаад Монгол Улсын хойч ирээдүй балчир үрс минь цаг бусаар, маш эмгэнэлтэйгээр амиа алдаж буй явдал хэрээс хэтэрлээ. Ганц, нэгээрээ биш, гурав, дөрвүүлээ нэгэн зэрэг эндэж, бүр нэг айлын хүүхдүүд байх тохиолдол цөөнгүй гарах болсон нь нийгмийг цочоож байна. Шар махтайгаа хатаж буй аав, ээжийг нь харааж зүхэхээс илүү нялх балчир үрсэд аюулгүй орчин бүрдүүлж чадахгүй байгаа эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхэх нь үнэнд ойр.

Цахилгаанд цохиулж, хөлбөмбөгийн талбайн хаалганд даруулж, халуун усанд шалзарч, машинд дайруулж, осолдож, усанд живж, хүчирхийлэлд өртөн хөөрхийлөлтэйгөөр буцсан бяцхан зүрхнүүдийн өмнө бид буруутай. Гэтэл хамгийн их буруутнууд нь арьсаа хамгаалж, албан тушаалтайгаа зууралдан үлдэж байна. Хүүхдүүд тоглох талбайгүй, ээлтэй орчин бүрдээгүй, гэртээ, гадаа ч аюул, эрсдэл дунд амьдарч буй.

Хэдхэн сарын өмнө Дархан-Уул аймагт нэг айлын 1-5 насны гурван охин халуун усанд түлэгдэж амиа алдахад хүмүүс хэсэгтээ л шуугиж, хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг хангахыг цахим ертөнцөөр уриалж байсан ч багачуудын төлөө хийсэн ажил гэхээр юм сонсогдоогүй. Тэгвэл уржигдар өсвөр насны дөрвөн хүү усанд осолдож, харамсалтайгаар амиа алдлаа. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Маршалын гүүрний зүүн хойд талд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хашаан доторх тогтоол усанд хүүхэд осолдсон гэх дуудлага Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирсний дагуу Аврах тусгай ангийн алба хаагчид очжээ. “Хан талст” ХХК-ийн хашаан дотор байрлах тогтоол усанд осолдож, хөвж байсан хүүхдийг гаргаж, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар анхан шатны тусламж үзүүлсэн ч нэгэнт оройтсон байж. Аврагчид ойролцоогоор таван метр орчим гүнд 12 удаа шумбаж гурван хүүхдийн цогцсыг гаргасан байна. Эрлийг 17.10 цагт эхлүүлж, цагийн дараа Чингэлтэй дүүргийн XII хороонд амьдардаг 11 настай О, 18.30 цагт 14 настай Б нарын цогцсыг уснаас гаргасан бол тус дүүргийн харьяат 15 настай Б гэх хүүгийн цогцсыг 19.28 цагт олжээ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнуудад хөвгүүдийн цогцсыг хүлээлгэн өгсөн бөгөөд түргэн тусламжийн хоёр эмч, онцгой байдлын 31 алба хаагч ослын газарт ажилласан гэнэ. Дуудлагад очсон нийслэлийн Аврах ангийн аврагч, дэд ахлагч О.Ангараг “Биднийг очиход нэг хүүхдийг уснаас гаргасан байсан ч амиа алджээ. Эрэг дээр зургаан хүү уйлаад зогсож байсан. Хөөсөнцөр хөвүүлэн тоглож байтал тэр нь хөмөрсөн гэж нэг нь хэлсэн. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа” хэмээн ярилаа.

Нэг хороонд амьдардаг, багаасаа нөхөрлөсөн үе тэнгийн 10 хүүгийн дөрөв нь зуурдаар хорвоог орхисон нь энэ. Тэд Дэнжийн мянгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглож хөгжилдөх гэж л ирсэн байж. Гэвч барилга барих гэж ухсан нүхэнд нь хөрсний ус хуримтлагдаж, үүнийгээ тойруулан хашлага, хаалт бариагүй, хариуцлагагүй хүмүүсийн балгаар амиа алдана чинээ яахан санах билээ.

Талийгаач хөвгүүдийн амьдарч байсан Дэнжийн мянгад бид очсон юм. Чингэлтэй дүүргийн XII хороо хүн ам ихтэй, амьдралын боломж тааруу айл өрх цөөнгүй. Дөрвөн сайхан хүү шороо тоостой гудамж, нохой боргож, халамцуу хүмүүс холхисон эгэл жирийн амьдрал буцалсан энэ л газартаа эргэж ирэхгүй оджээ. “Нарантуул-2” захаас холгүй, өгсүүр гудамжаар мацан талийгаач ах, дүү хоёрын гэрт хүрсэн юм. Чулуу овоорсон гудамжаар өгсөн, зарим банз нь унаж, шүдгүй ам шиг болсон жижигхэн хашаан дотор хоёр гэр харагдана. Гэрт орохоос зүрхшээж хашаанд явсан хүүгээр дамжуулан талийгаачийн эгчтэй уулзсан юм. Нүд нь дов болтлоо хавдсан хөөрхий охин “Би гурван дүүгээ хараад гэртээ үлддэг. Аав, ээж хоёр ажилтай учраас өглөө гараад л орой ирнэ. Ийм юм болно гэж ёстой бодсонгүй. Хоёр дүү минь заримдаа сагс тоглохоор явдаг юм. Тэр өдөр яагаад тийм хол явсныг нь ойлгохгүй байна. “Эгч ээ, бид хоёр гарч тоглочихоод ирье” гээд өдөр гарсан хүүхдүүд орой болтол сураггүй. Гар утасгүй явсан учраас холбоо барьж чадаагүй. Хамт явсан найзууд нь нэг сургуулийнхан. Зарим нь нэг ангид хамт сурдаг байсан. Тэд багаасаа л нөхөрлөсөн. Гэртээ удаан суусандаа уйдаад гоё газар очиж үзэхийг хүссэн байх.

Дүү нараа хүлээгээд сууж байтал 19.00 цагийн үед цагдаагийн байгууллагаас аав, ээж рүү залгасан…” хэмээгээд хоолой нь зангирав. Тавхан настай охин дүү нь хоёр ахыгаа хэзээ ч эргэж ирэхгүйгээр хол явсныг бүрэн ойлгоогүй бололтой гүйж яваа харагдсан. Хил манаж, удам залгуулах хоёр сайхан хүүгээ нэг доор харамсалтайгаар алдсан эцэг, эхийн сэтгэл ямар байгааг үгээр илэрхийлэх аргагүй. Талийгаачдын аав О-той утсаар холбогдон нийслэлийн удирдлага болон “Хан талст” компанийн төлөөлөл эмгэнэл илэрхийлсэн, эсэхийг асуухад “Аль нь ч бидэнтэй холбоо бариагүй. Ямар ч учиртай компани байсан юм, учрыг нь сайн ойлгоогүй л явна. Би Зайсанд байрладаг нэг хотхоны манаач, эхнэр минь үйлчлэгчээр нь ажилладаг. Том охин минь дүү нараа хараад үлддэг. Цагдаагийн алба хаагч “Та сэтгэлээ бариарай” гэж хэлэхэд нэг нь ч гэсэн амьд байгаасай гэж их залбирсан. Гэтэл хоёр үр минь хамтдаа явчихлаа” хэмээн хоолой зангируулан өгүүлсэн. О-ынх Дэнжийн мянгад суурьшаад 15 жил болж буй бөгөөд усанд осолдсон нөгөө хоёр хүүгийнх ч тэднийхээс холгүй байдаг аж. Ухаангүй, урагшгүй албан хаагчид, мөнгө, хөрөнгөнөөс өөрийг бодохоо больсон компанийн эздийн иргэнээ гэх сэтгэлгүйн төлөөсийг иргэд үр хүүхдээрээ төлж буй нь өнөөгийн нийгэмд байдаг л үзэгдэл мэт болжээ.

Тоглох газар хайж явсан хүүхдүүдийн дөрөв нь үүрд одсон ослоос хэдэн цагийн дараахан нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэл хийсэн юм. Тус газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Хан талст” компанийн барилгын ажлыг удаа дараа шалгаж, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгч байсан. Мэдэгдлүүдийн шаардлагыг төдийлөн хангаагүй, барилгын шороог авсан хэсэгт үүссэн хөрсний усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдлаа. Уг газарт “Хан талст” ХХК тохижилтын ажил хийж байгаа” гэж ярьсан юм. Үргэлжлүүлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2014 онд гаргасан бөгөөд үүний дагуу “Хан талст” компанид 3.3 га газар олгосон. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд найман удаа хяналт шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээн албан шаардлага хүргүүлсэн юм. “Хан талст” компанийн үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл хоёр удаа хүргүүлсэн. Тус компанид олгосон 3.3 га газар нь хууль бус гэж үзэж, АТГ-т шалгуулахаар хандсан ч хууль ёсны, үйл ажиллагаа явуулж болно гэж үзсэн. “Хан талст” компанийн эзэд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Бид цаашид зохих ёсны дагуу хянаж шалгана” гэв. Мөн нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба “Хотын дарга С.Амарсайхан тавдугаар сарын 10-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тавьж буй дугуйн замын ажлын явцтай танилцахдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг шалгахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш их илэрсэн” гэж мэдээлсэн юм.

Ослын дараагийн өдөр буюу өчигдөр ЦЕГ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагаас мэдээлэл өгөв. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Гурван хүүхэд усанд живж эхлэх үед ах нь дүүгээ аврах гэж араас нь ороод амиа алджээ. Хүүхдүүдээ гол, ус руу хараа хяналтгүй явуулахгүй байхыг анхааруулж байна” гэв. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “2014 оны зургадугаар сарын 23-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГ-ын эзэмшилд олгосон 973 га газраас тус цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан наран шарлагын цогцолборын төслийг хэрэгжүүлэх зорилгоор 3.36 га газрыг “Хан талст” ХХК-д ашиглуулахыг зөвшөөрсөн байна. Улмаар 2014 оны долдугаар сарын 18-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг газар ашиглагчийг төлөөлж “Хан талст” компанийн захирал Ш.Бат-Энх нар гэрээ байгуулжээ. Уг компани маш олон хууль зөрчсөн, энэ сарын 13-нд мэдэгдэх хуудас өгч, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан ч хэрэгжүүлээгүй. Одоо тус компанийн барилгын суурийг нураана” хэмэн мэдээллээ. Мөн өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Түүнийг зөвшөөрөлгүй ажиллаж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримтлаагүй, зогсоох арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр ийм хариуцлага тооцжээ.

Ганц нэг хүнийг суудлаас нь буулгалаа гээд орчин нөхцөл хүүхдэд ээлтэй болчихгүй учир дахин ийм харамсалтай явдал гаргахгүйн тулд бүгдээрээ санаа нэгдэн, төлөвлөгөөтэй, сэтгэлтэй ажиллах хэрэгтэй байна. Ирээдүйгээ биш, эрх мэдэл, эд хөрөнгийг урьтал болгосон томчуудын буруугаас маш олон зүрх эргэж цохилохгүй болсныг дараах тоон баримт бэлхнээ харуулна. Зам, тээврийн ослоор өнгөрсөн онд 819 хүүхэд эрүүл мэнд, амиараа хохирсон бол энэ оны таван сарын байдлаар 10 хүүхэд энджээ. Он гарснаас хойш усанд осолдсон тохиолдол найм бүртгэгдэж, 17 иргэн нас барсны ес нь хүүхэд байж. Өчигдөр гэхэд халуун цайнд түлэгдсэн хүүхэд өвчнөө дийлэлгүй эмнэлэгт нас баржээ. Зуурдаар алдсан үрсээ тоолж суухаас өөр чадах зүйл бидэнд үгүй гэж үү.

ЭХ СУРВАЛЖ: unuudur.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан