АМЬ ЭРСЭДСЭН ДӨРВӨН ХҮҮХДИЙН ХОЁР НЬ НЭГ АЙЛЫН АХ, ДҮҮС БАЙЖЭЭ

АМЬ ЭРСЭДСЭН ДӨРВӨН ХҮҮХДИЙН ХОЁР НЬ НЭГ АЙЛЫН АХ, ДҮҮС БАЙЖЭЭ

 

Өчигдөр орой 16:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хэсэгт байрлах “Хан талст” компанийн эзэмшил талбайд 11-15 насны 4 хүүхэд тогтоол усанд живж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарлаа.

“Хан талст” компанийнхан барилгын суурь шороог авсны улмаас хөрсний ус ундарсан байсан тэрхүү усны толионд хүүхдүүд живж амь насаа алдсан гэдэг мэдээллийг албаныхан өчигдөр орой өгсөн. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар тогтоол усан дээр хүүхдүүд хөөсөнцөр тавин дээр нь гарч завь болгон тоглож байгаад амь эрсэдсэн гэдэг мэдээллийг өгсөн юм.

Хүүхдүүд Дэнжийн 1000-аас хэсэг найзуудынхаа хамт ийнхүү тоглохоор ирээд амь насаа алджээ.

Уг асуудлын хүрээнд өчигдөр орой Нийслэлийн мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагууд мэдээлэл хийх үеэрээ 2014 онд хотын дарга Э.Бат-Үүл “Хан талст” компанид 3.3 га газар ашиглах зөвшөөрлийг өгсөн талаар мэдээлсэн. Үүний дагуу Монголын хамгийн анхны эргийн тохижилт, наран шарлагын газар, задгай театр зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр “Хан талст” компани барилгын ажлаа эхлүүлээд байсан аж.

Тавдугаар сарын 10-нд буюу өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн зөрчлөө арилгаж, ажлаа зогсоох хэд хэдэн зүйл албан шаардлагыг хүргүүлжээ. Гэвч тэд зөрчлөө арилгаагүйгээс болж ийнхүү 4 хүүхдийн амь нас эрсдэлээ гэдэг тайлбарыг албаныхан өгсөн юм.

Энэхүү хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа. Албаныхан өчигдөр орой хэргийн газраас  мэдээлэл хийхдээ Цэцэрлэгт хүрээлэнд бүтээн байгуулалт хийж байгаа “Хан талст” компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж урьдчилсан байдлаар мэдээлсэн.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Баатархүүгээс тодрууллаа. Тэрээр  “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Маршалын гүүрний зүүн хойд талд тогтоол усанд тоглож байсан 4 хүүхэд тогтоол усанд нас барлаа гэдэг дуудлага мэдээлэл 5 сарын 27-ны өдрийн 18.10 минутад цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж ажилласан. Урьдчилсан байдлаар хэргийн газраас тогтоогдсон зүйл бол амь эрсэдсэн хүүхдүүд Чингэлтэй дүүрэгт оршин суух 11-15 насны 4 хүүхэд байсан. “Хан талст” компанийн барилгын суурь ухаж тогтоол ус үүссэн энэ газарт хүүхдүүд тоглож байгаад амь нас нь эрсэдсэн. Гурван хүүхэд живэхэд нэг хүүхдийн ах ус руу орж дүүгээ аврах гэж байгаад эндсэн гэдэг мэдээлэлтэй байгаа. Тухайн үед хүүхдүүд 10-уулаа явсан. Тиймээс энэ асуудал дээр хаана хаанаа л анхаарах хэрэгтэй. Урин дулаан цагт  хүүхдүүд гол ус руу хараа хяналтгүй явж тоглох, амь нас нь эрсдэх харамсалтай асуудал гарч байгаа учраас аж ахуйн нэгж, байгууллага, эцэг эхчүүд бүгд л анхаарах хэрэгтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Хүүхдүүд зуурдаар нас барж ар гэрийнхнийх нь сэтгэл санаа таагүй байхад үүнээс улбаалсан худал, ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Үүнтэй холбоотой ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараахгүй байхыг иргэддээ уриалж хүсэж байна.

Одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн газар хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Холбогдох дүгнэлтүүд гарах учраас албаны эх сурвалжуудаас мэдээлэл авахыг хүсье” гэв.

Аз жаргалтай Улаанбаатар хот гэж томьёолон стандартыг мөрдөх чиглэлээ болгон явж байгаа энэ хотод аюулгүй байдал хангагдаагүйгээс болоод хүүхдийн амь нас эрсдэн, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол тасрахгүй байна. Тодруулбал, тавдугаар сарын 3-нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд тоглоомын талбайд тоглож байсан 10 настай хүүхэд гулсууранд даруулж, маш хүнд гэмтсэн. Хүүгийн уушги бяцарч баруун талын уушгиа тайруулсан байгаа.

Мөн өнгөрсөн бямба гаригт 6 настай хүүхэд орон сууцны хороолол дунд тоглож яваад автомашинд дайруулж хөлөө хугалсан. Өчигдөр 11-15 насны 4 хүүхэд амь эрсэдлээ. Энэ мэтээр харамсалтай мэдээллүүдийг дурдвал урт жагсаалт гарна.

ГССҮТ-д хүүхдүүд ахуйн болоод зам тээврийн осол, бусад зүйлээс шалтгаалан олноороо гэмтэж, бэртэн очиж, амь насаа алддаг тухайн тус эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч Солонго өчигдөр онцолж байсан юм.

Хуудуутай газар олголт, хайхрамжгүй хяналт шалгалтын балаг дөрвөн бяцхан зүрхийг авч одлоо. Тоглох газар, тордох зүлэгтэйсэн бол тэд маань дүүрэг алгасан цэцэрлэгт хүрээлэнг бэдрэхгүй л байв.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан