Б.Цэцэг: Би сонгуульд нэр дэвшихгүй, бид болоогүй хийх зүйл их байна

Б.Цэцэг: Би сонгуульд нэр дэвшихгүй, бид болоогүй хийх зүйл их байна

 

Бид энэ удаа хуульч, эрх зүйч мэргэжилтэй, мөн хэд хэдэн кинонд дүр бүтээгээд авсан энэ цаг үеийн үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг Б.Цэцэгтэй ярилцлаа. Тэрээр сүүлийн үед ”Vote Mongolia2020” нэвтрүүлэг олон нийтэд хүргэж байгаа билээ.

-Таны хувьд “Vote Mongolia2020 нэвтрүүлгээрээ хүчирхийллийн сэдвээр ярилцсан нь олон хүнд хүрсэн. Хүчирхийллийн хохирогч болж байсан олон охид бүсгүйчүүд танд хандсан байсан?

-Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон арга хэмжээ байдаг ч тэр бүр үр дүнд хүрч байсан удаагүй. Харин энэ удаад нийгмийн 12 бухимдал дагуулсан сэдвийн хүрээнд хийж буй “Vote Mongolia2020” нэвтрүүлгийн тусгай дугаараас хүчирхийллийн болон эмнэлгийн, боловсролын салбарыг хөндөж байгаа юм. Нэвтрүүлгийн тав дахь дугаар болох нийгмийн хамгийн хүнд сэдэв болох хүчирхийллийг хөндсөн нь маш олон үзэгчийн сэтгэлд хүрсэн. Иймд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэдэг санааг дэмжсэн олон үзэгч надад өдөр бүр захиа ирүүлж байна. Энэ асуудлыг иргэд бус төрд дөрвөн жил суусан гишүүд тэр дундаа 13 эмэгтэй гишүүн хийж болох байсан асуудал. Гэвч хүүхдийн төлөө дуу хоолойгоо өргөх нь битгий хэл хуулийг хөнгөлж өгөхөд гараа өргөн дэмжсэнд нь гайхаад байгаа юм. Нийгмийн дуу хоолой болдог олон хүн энэ тэнд дуугарч бие биенээ улс төрийн жижигхэн асуудлаас болж нийгмийн асуудлыг өөрийн ярих сэдэв мэт хөндөж байгаа нь огт таалагдахгүй байна. Энэ бол байж болох асуудал огт биш. Нийгмийн тэр дундаа хүчирхийллийн асуудлаар шоу хийж төрд орох хүсэлтэй олон хүн байдаг юм байна гэж харлаа. Миний хувьд нийгмийн дуу хоолой болж ирсэн учраас ямар нэгэн улс төрийн ашиг сонирхол хөөж энэ сэдвийг дэвэргэж хөөрөгдөхийг зөвшөөрөх ёсгүй гэж бодож байна. Энэ байдлаараа нэр дэвшихийг горилж буй хэсэг бүлэг хүмүүс хүчирхийллийн асуудлыг цаашид эрчимжүүлэх бус шоу болгох вий гэхээс айж байна.

-Энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа шалтгааныг та юу гэж бодож байна?

-Нэгд, хүчирхийллийн сэдвийг улстөрчдийн бусармаг үйлдлийг дарахын тулд ашигласаар ирсэн нь хамгийн том буруу. Энэ нь даамжран нийгмийн сэтгэлзүйд байдаг л нэгэн асуудал болж хувирсан. Хэвлэл мэдээллийнхэн ч анхаарах ёстой асуудал юм. Гэтэл хэт туйлшруулж мэдээллийг нэг өнцгөөс гаргадаг хэрнээ хуулийн заалтыг авч хэлэлцдэггүй. Хоёрт, хүчирхийллийн талаарх ойлголтыг боловсролын системд оруулж өгөөгүй улмаас хүүхэд хүчирхийллийн золиос болж байгаа эсэхээ мэдэхгүй цаг алдах, сэтгэл санааны хохиролд орж байна. Миний бодлоор гэр бүлийн хүмүүжил мөн эцэг эхчүүд үр хүүхдэдээ захиж анхааруулж өгөх ёстой. Ухаан орсон цагаас нь болохгүй гэдгийг нь хэлж ойлгуулж байвал хүчирхийллийн тоо буурна гэж боддог. Хуулийн заалтад өөрчлөлт оруулснаараа хохирогч сэтгэлзүйн дарамтгүй нийгэмших боломжтой юм. Харин хүчин үйлдэгч этгээд хоёр жил шоронд суугаад гараад ирж байгаа нь сөрөг үр дагаврууд маш их дагуулж байна. Мэдээж давтан хүчин хийх мөн хүчирхийллийн золиос болсон хүнээ ахиж дарамтлах гэх зэрэг асуудлууд байдаг юм байна.

-Тэгвэл ямар арга хэмжээ авбал хүчирхийллийн гэмт хэрэг багасна гэж та харж байна вэ?

-Нийгэмд байдаг зүйлийг тэр дундаа хүчирхийлэл хэрхэн явагддагийг иргэд мэдэх зайлшгүй шаардлагатай болоод байна. Далд хэлбэрээр үйлдэгддэг эдгээр хэргүүдийг хүүхэд айсандаа хэлэхгүй даамжруулж байгаа нь айдас төрүүлж байна. Бид хүүхэдтэйгээ нээлттэй байж хэн хаана нь хүрч болохгүй талаар ярилцах ёстой. Нэвтрүүлэг үзсэний дараа захидал ирнэ гэж би төсөөлөөгүй байсан. Тэр нэвтрүүлэг цацагдсанаас хойш өдөр бүр сэтгэл урагдам захидлууд ирсээр байна. Энэхүү захиаг нийгэмд цочроо сэрэмжлүүлэг болгох үүднээс бичсэн, хүмүүстэй ярилцаж байж дэлгэж байгаа. Гол нь хүчирхийллийн золиос болсон иргэд бусад хүмүүст анхааруулга болгох ёстой юм шүү гээд үнэн сэтгэлээсээ бичиж хуваалцаж байна. Бидний мэддэггүй олон далд хэлбэрийн бэлгийн дарамт байдаг юм байна гэдгийг олон хүн ойлгож хүлээж авч байгаа нь сайшаалтай. Төсөөлөхөд хүнд захиануудыг уншаад яах учраа олохгүй хэсэг шоконд байсан. Хэлэхэд уншихад ч зүрх шимширмээр хэргүүд үйлдэгдсээр л байна.

 

-“Vote Mongolia2020” нэвтрүүлгийг хийгээд эхлэхэд хэсэг бүлэг хүмүүс таныг сонгуульд нэр дэвших гэж байна гэж харж байсан. Та сонгуульд өрсөлдөх үү?

-Энэ бол нийгмийн 12 бүлгийг шударга шүүмжилж, залуусын оролцоог дэмжих үндсэн зорилго агуулгатай контент юм. Энэхүү контент олон залуусын цангааг тайлж байгаад баяртай байна. Би залуу хүнийхээ хувьд нийгэмд болж бүтэхгүй зүйлийг хараад зүгээр суух бус хамтдаа ярилцаад хэн юу гэж боддогийг харахыг хүссэн. Үүгээрээ залуусыг оролцоогоо нэмэгдүүлж сонгуульд саналаа өгөөсэй, энэ нь бидний ирээдүйтэй асар холбоотой зүйл гэдгийг ойлгуулах гэж хичээсэн. Би жижигхэн хэдэн бизнес хийдэг хүний хувьд хувийн хэвшилд өчнөөн дарамттай ажилладаг гэдгийг мэддэг. Харин бидэнд боломж олговол бид зүтгээд ажлыг хийж чадах чадвартай боловсон хүчин гэж хардаг. Үзэл бодлоо хэдий чөлөөтэй илэрхийлдэг ч гэлээ өнөөдрийн байдлаар нийгэмд, улс төрд орохгүйгээр өөрчилж болох олон арга зам шийдлүүд байдаг шүү дээ. Тиймдээ ч би ахуйгаа сайжруулж чадаагүй хүмүүс төрд битгий ороосой гэж хүсдэг. Нэг үгээр хэлбэл, та боловсролгүй, санхүүгийн чадамж бусдаас хараат бус байвал төрд орж болохгүй. Гэвч өнөөдрийн нөхцөл байдал хараахан тийм биш байна. Төр мөнгө хүүлдэг газар биш гэдгийг залуу нэр дэвшигчид ойлгох хэрэгтэй. Би улс төр сонирхож энэ чиглэлээр ажилладаг хүний хувьд хувь хүний ёс зүйн цензур өндөртэй хүн. Тийм учраас нэр дэвших санаа агуулж байна гэдэг цуурхалд та бүгд итгэхгүй байсан нь дээр. Бид болоогүй байна, залуу байна, хийж бүтээх зүйлс их байна. Төлөв төвшин насандаа хийх ёстойгоо хийгээд амжсан байвал өөр хэрэг шүү дээ.

-Энэ удаагийн Их хурлын сонгуульд бие даан нэр дэвших хүмүүсийн нэрийг зарласан. Хувь хүнийхээ хувьд тэдгээр нэр дэвшигчийг юу гэж харж байна вэ?

-Бие дааж байгаа 208 хүн дунд авах ч хүн байна, ичмээр ч хүн байна. Хуульд заасан эрхээ эдлээд дэвшиг. Харин иргэд тэнэг биш шүү дээ. Хэн нь хэн бэ гэдгийг бүгд гадарладаг болсон. Энэ удаад ард түмэн гэр бүл төлөв, боловсрол маш өндөр залуусыг сонгох болно. Судалгаа ч тэгж гарч байна. Улс төрийн PR хийдэг хүний хувьд хэлэхэд энэ жил залуусын жил байх болно.

-Энэ сонгуулиар залуус идэвхтэй байж, зөв сонголт хийх хэрэгтэй гэж та хэллээ. Сонгуульд залуусын оролцоо хангалтгүй байдаг шүү дээ?

-Тийм ээ сонгуульд залуусын оролцоо маш дутмаг байдаг. Би дөрвөн сонгуульд ажиллаж үзлээ. Жил бүр залуу сонгогчид хойшоо сууж байгаа нь та бидний амьдралд ирэх дарамтыг ихэсгэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, залуус оролцоо сайтай, бүгд саналаа өгдөг байсан бол дөрвөн жил дамнан хэрүүл сонсож хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлж нийгэм эдийн засаг уруудаж доройтохгүй байсан. Одоо бид хангалттай харсан, үзсэн үнэндээ гутарч байна. Тийм учраас залуусыг сонгуульд идэвхтэй саналаа өгөөсэй гэсэндээ иргэнийхээ хувьд хичээн зүтгэж байна. Энэ бүгдийг зүгээр хараад шүүмжлээд суух бус зүг чигээ олох, сонголтоо зөв хийх л байгаа юм. Тиймээс залуусыг иргэнийхээ үүргийг сайн биелүүлээсэй гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: itoim.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан