Ч.Ганбатыг интерполоор эрэн сурвалжилж байна

 

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Samsung CT” corporatian компанийн удирдлагуудыг өнгөрсөн аравдугаар сарын 30-нд сүр дуулиантайгаар баривчилсан. Үүнтэй зэрэгцээд шахуу уг хэрэгт холбогдуулан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг цуг баривчлах тушаал гарсан байсан ч эдгээр хүмүүс гадагш оргон зайлсан байсан гэсэн мэдээлэл гарсан. Гэвч энэхүү мэдээлэл гарсны дараахан цагдаагийнхан “Өөр хүмүүсийг баривчлах гээгүй. Энэ бол худал мэдээлэл” гэж яаран сандран тайлбар хийж байсан. Гэвч ийн худлаа мэдээлэл тараалаа гэж сэтгүүлчдийг “загнаж” байсны эцэст “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар ийн Интерполын сайтад мэдээлэл тавигдсан байна.

Д.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ"  гэсэн зүйл заалтаар шалгаж байгаа.

 “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа аж.

Мөн гурван жилийн өмнөөс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, Ерөнхийлөгч асны туслахаар ажиллаж байсан Б.Хуяг нарыг эрэн сурвалжилж буй. Дашрамд сонирхуулахад гадаад нөхөртөө хүүхдээ алдчихлаа гэж Монголд ирж хэвлэлийн бага хурал хийж байсан Аятунгаа хэмээх бүсгүйг одоо хүртэл Интерполоор эрэн сурвалжилж байгаа юм байна. Тэрээр нөхөртөө хүүхдээ булаалгасан гэж тайлбарласан ч нөхөр хүүхдийг маань хулгайлах гэсэн, нялх хүүхдийг зодож, зүй бусаар харьцдаг учир, ээж байх эрхгүй хүн гэсэн мэдэгдлийг хийж байсан. Түүнийг хүүхэд хулгайлах гэсэн хэргээр ийнхүү эрэн сурвалжилсаар байгаа бололтой.

Ж.Дуяа

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан