БОЛОВСРОЛГҮЙ ЭРЧҮҮД ОЛШИРЧ БАЙГАА НЬ БОГТЛОХ ЁС СЭРГЭХЭД ХҮРГЭВ ҮҮ

БОЛОВСРОЛГҮЙ ЭРЧҮҮД ОЛШИРЧ БАЙГАА НЬ БОГТЛОХ ЁС СЭРГЭХЭД ХҮРГЭВ ҮҮ

 

  • 2017 оны байдлаар гэрлээгүй малчдын 78 хувь нь эрэгтэйчүүд, 22 хувь нь эмэгтэйчүүд байна
  • 2005-2018 оны хооронд хөдөө орон нутаг дахь гэрлэлтийн тоо тогтмол буурч, хүйсийн харьцаа улам бүр дорджээ. Тодруулбал, 2017 оны байдлаар гэрлээгүй малчдын 78 хувь нь эрэгтэйчүүд, 22 хувь нь эмэгтэйчүүд байна

Эхнэр авах гэсэн эрчүүд эмэгтэйчүүдийг хүчээр богтолж байна

Богтлох, хүчээр авч суух ёсыг Монгол Улс халаад 100 жил өнгөрсөн ч зарим алслагдмал аймаг, сумдад хүчээр богтлон авч, суух үзэгдэл хэвээр байгаа жишээ олон нийтийн анхаарлыг татаад байна. Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д өргөн барьсан Хүний эрх, эрх чөлөөний тухай 19 дэх илтгэлд дурдсанаар Увс аймгийн Бөхмөрөн суманд амьдардаг залуу эмэгтэй дээд сургуулиа төгсөөд аймагтаа ирсний дараахан хулгайлагдаж, танихгүй нэгэнтэй хүчээр гэрлэсэн аж. Гэтэл эл жишээ нийтэд ил болсны дараахан Увс аймагт 23 настай залуу бүсгүй мөн л хүчээр гэрлэхээс татгалзаж, амиа хорлохыг завдсан нь анхаарахгүй байхын аргагүй асуудал болов. Чухам юуны учир XXI зууны соёлт нийгмийн залуучууд хүчээр гэрлэх замыг сонгож, охид эмэгтэйчүүдийг хулгайлж, богтлохыг оролдоно вэ. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 15-24 насны залуу малчдын 68.4 хувь нь эрэгтэй, 31.6 хувь нь эмэгтэй байгаа бөгөөд орон нутаг дахь хүйсийн тэнцвэргүй байдлын энэ үзүүлэлт өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай байна.

Эцэг эхчүүд охиндоо боловсрол эзэмшүүлэхийг илүүд үзсэн хэвээр

Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэнгээс 2016 онд хийсэн “Бага дунд боловсролын жендэрийн дүн шинжилгээ”-гээр аав ээжүүдийн 44.8 хувь нь хүү, охиныхоо хэн амжилттай суралцаж байгаад нь үргэлжлүүлэн сурах боломж олгоно гэж хариулсан ч эцэг эхчүүдийн охиноо сургахыг дэмжсэн хариулт үүнээс гурав дахин их байв. Тодруулбал аав ээжүүдийн 11 хувь нь хүүгээ, 31 хувь нь охиноо үргэлжлүүлэн сургах хандлагатай аж. 2010 оноос хойш хүйсээр ялгаварлан боловсрол эзэмшүүлэх хандлага буурч байгаа гэх боловч энэ үзүүлэлт хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Мөн судалгааны бүлгийн ярилцлагын үеэр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын эцэг эхчүүд “...Бүх хүүхдээ сургахыг бодно. Гэхдээ зөвхөн нэг хүүхдийн сургалтын төлбөртэй байгаа тохиолдолд охиноо сургана. Эмэгтэй хүүхэд хар бор ажил хийж чадахгүй. Харин хөвгүүд өөрсдийгөө болгоод явчихна. Айлд очсон ч боловсролтой байх шаардлагатай, хүний дор орохгүй” хэмээн бодлоо хуваалцжээ. Архангай аймгийн харьяат иргэн Г.Энхмаа /нэрийг өөрчлөв/ “Би нөхөртэйгөө арван жилд байхаасаа үерхэж, оюутан байх хугацаандаа хүүхэдтэй болсон. Залуу гэр бүл учраас үл ойлголцох асуудал бишгүй тохиолдоно. Гэвч нөхөр маань сургуульдаа үргэлжлүүлэн суралцахаас татгалзаж, эцэг эхтэйгээ зөвшилцөөд малчин болохоор шийдсэн. Энэ үед би нягтлангийн мэргэжил эзэмшиж, сургуулиа амжилттай төгссөн байлаа. Ингээд бид тусдаа амьдрах болж, жилийн дараа салсан. Хөдөө суманд ажлын байр элбэг биш учраас би Улаанбаатарт ажиллаж байна. Нөгөөтэйгүүр эцэг эх маань миний сургалтын төлбөрийг дөрвөн жил төлж, боловсрол эзэмшүүлсэн учраас нөхрийгөө дагаж малчин болох нь надад ичгэвтэр байсан” хэмээн ярилаа. Тэрбээр одоо Улаанбаатар хотод хүүгийн хамт амьдарч, карьераа амжилттай үргэлжлүүлж буй. Ярилцах үеэр Энхмаа үе тэнгийн, боловсролтой залуутай гэр бүл болох хүсэлтэй байгаагаа ч нуусангүй. Гэвч өнөөдөр боловсролын бүхий л зэргээр суралцаж буй 149 мянга гаруй хүний 90 мянга буюу 61 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 100 эрэгтэй оюутан тутамд 146 эмэгтэй оюутан ногдож байна.

Эмэгтэйчүүд боловсролдоо анхаарч, эрт гэр  бүл болохоос татгалзаж байна

Монгол улс дахь гэр бүл төлөвлөлтийн чанарын судалгаанаас харахад гэрлэлтийн идэвхтэй насны эмэгтэйчүүд үргэлжлүүлэн суралцах, ажил хөдөлмөр эрхлэх болон эдийн засгийн хүчин зүйлийг гэр бүл төлөвлөлтөд хамгийн чухал хэмээн үзжээ. Үнэхээр таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой байгаа нь энэ үзүүлэлтийг батална. Тэр ч бүү хэл энэ талаар Английн Guardian сэтгүүл онцолж, хэтэрхий ухаантай, боловсролтой монгол эмэгтэйчүүдийн ганц бие амьдралыг хөндөж байв. Өнөөдөр дурын ресторан, үйлчилгээний байгууллагын хаалгыг татахад ганц бие, ажил хэрэгч эмэгтэйчүүд голдуу үйлчлүүлж буй нийтлэг дүр төрх эрхгүй анхаарал татна. 2010 оны хүн ам зүйн тооллогоор эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 24.2 байгаа нь 1990 оноос хойш 3,1 жилээр хойшилсон үзүүлэлт юм. Энэ оны судалгаагаар гэрлэлтийн нас дахин хойшилсон байвал гайхах зүйл огт үгүй. Багаасаа мал маллаж, эцэг эхдээ туслахаар шийдсэн залуу малчин Г.Батсүрэн “Би есдүгээр ангиа төгсөөд мал дээр гарсан. Одоо ганцаараа амьдарч байна. Үеийн охид ихэнх нь хот руу сургуульд явчихсан. Гэрт орж эм, гадаа гарч эр гэдэг шиг л амьдарч байна” гэж ярилаа. Г.Батсүрэн одоо 25 настай бөгөөд амьдардаг газрынхаа нэрийг нууцлахыг хүссэн юм. Дээрх асуудалд Жендэрийн үндэсний хорооноос тодруулахад “Хөдөөгөөс хотыг чиглэх шилжих хөдөлгөөн идэвхтэй үргэлжилж, залуу эмэгтэйчүүдийн дийлэнх нь нийслэлийг зорих болсон нь хөдөө орон нутаг эзгүйрэх, хүйсийн тэнцвэр алдагдуулах үр дагавартай байна. Түүнчлэн 2005-2018 оны хооронд орон нутаг дахь гэрлэлтийн тоо тогтмол буурч, гэрлээгүй малчдын хүйсийн харьцаа улам бүр дордсон. 2017 оны байдлаар гэрлээгүй малчдын 78 хувь нь эрэгтэй, 22 хувь нь эмэгтэйчүүд байна” хэмээсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: zgm.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан