Г.ЗАГДАА: Би таван охинтой хүн. Хүчирхийллийн эсрэг тэмцсээр өдий хүрсэн

Г.ЗАГДАА: Би таван охинтой хүн. Хүчирхийллийн эсрэг тэмцсээр өдий хүрсэн

 

Ж.Сандагдорж “Г.Загдаа “Зөв амьдрах ухаан” төвд байгаа хүмүүсийг зоддог, дарамталдаг. Гурван хүүхдээ тэндээс авч чадахгүй явна” гэж ярьсан юм.

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай төвд амьдарч байсан Д.Халиун танд удаа дараа хүчиндүүлсэн гэж өнөөдөр хэвлэлд ярьсан. Үнэн үү?

-Тусалсныхаа төлөө ингэж гүтгүүлж буйдаа харамсаж байна. Надад бүр хэлэх үг алга. Халиунаа, Сандагдорж хоёроос болж эхнэр бид хоёр энэ өвөлжингөө хэл аманд өртлөө. Худлаа юм чинь хуулийн байгууллага үнэн мөнийг нь тогтоох байх гэж хүлээсээр өдий хүрсэн.

Би таван охинтой хүн. Би хүчирхийллийн эсрэг тэмцсээр өдий хүрсэн. Эмэгтэй хүнийг дээрэлхэж байгаа хүнд үнэн голоосоо дургүй. Энэ жижигхэн хашаанд, хүүхдүүдийнхээ хажууд хүн хүчиндээд явж байх юм гэнэ ээ. Та нар нэг сайн бодоод үз дээ.

Халиун хэвлэлийн хурлын дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Загдаа Энхмаа гэдэг эмэгтэйг хүчиндсэн” гэлээ. Өөрөөсөө булзааруулаад өөр хүн рүү чиглүүлж байхгүй юу. Тэр Энхмаа гэдэг эмэгтэй нь одоо манай төвд бий. Та нар өөрөөс нь шууд асуу. Би нүүр бардам хэлье. Халиун манай төвд тэмбүүтэй ирсэн. Одоо ч эдгээгүй байгаа. Өвчнийг нь эмчлүүлэхийн тулд бид олон удаа, удаан хугацаанд хөөцөлдсөн.

-Түүний охинтой холбоотой маргаан удаан үргэлжилж буй. Ер нь танай төв Халиуны охиныг өөрт нь яагаад өгөхгүй байгаа юм бэ?

-Халиун өөрөө энд хүүхдээ орхиод явсан шүү дээ. Сураг сонсох нь ээ бүтэхгүй хүмүүстэй нийлээд, цадиггүй юм хийгээд явна лээ. Түүнд хүүхдийг нь өгөөд явуулбал юу болох вэ. Хүүхдийнх нь аюулгүй байдал яах вэ. Халиун өөрөө хүүхдээ тэжээж чадах уу. Үүнд л бид санаа зовоод байгаа юм. Түүнээс биш хүний хүүхдээр би яах вэ дээ. Харин Халиун ажилтай болоод хүүхдээ тэжээх боломжтой болоосой гэж хүсэж байна. Хүүхэд нь аюулгүй орчинд өсөх нөхцөл бүрдвэл ээжид нь өгөхөд бэлэн.

Ж.САНДАГДОРЖИЙН ОХИН: ААВ БУСДЫН ЯТГАЛГААР ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА

Мөн бид өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн Ж.Сандагдоржийн том охиноос зарим зүйлийг тодруулав. Тэрбээр өдгөө хоёр дүүгийнхээ хамт “Зөв амьдрах ухаан” ТББ-д амьдарч байгаа юм.

-Аавынх нь хэлсэн шиг тийм зүйл танай төвд болдог уу?

-Тийм зүйл огт болдоггүй. Аав, Халиунаа эгч хоёрын ярьж буй зүйл бүгд худлаа. Би аавыгаа сайн мэднэ. Бусдын ятгалгаар худлаа ярьж байна.

-Яагаад тэгж худлаа ярьсан юм бол?

-Хүмүүсийн явуулга л байх. Өнөөдөр “Хэдэн сар архи уухгүй байгаа” гэсэн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө надтай согтуу ярьсан шүү дээ. Тэгээд бас надад “Чи ам хэлээ мэдээрэй. Шоронд оруулчихна шүү” гэсэн. Аавдаа би их гомдсон.

-Аавтайгаа хамт амьдармаар байна уу, эндээ үлдмээр байна уу?

-Энд л амьдармаар байна. Хоёр дүү минь 13, 10 настай. Бид гурав энд есөн жил амьдарч байна. Энэ хугацаанд аав эндээс олон удаа явсан. Тэгэх бүртээ биднийг орхиод явдаг. Биднийг огт тоодоггүй. Аавын хайрыг аавтай байхдаа бус энд байхдаа мэдэрдэг. Одоо ч гэсэн бид гурвын төлөө бус өөр зүйлийн төлөө хэвлэлийн хурал хийсэн. Хэрвээ гурван хүүхэддээ санаа зовж байгаа бол ирээд уулзах хэрэгтэй шүү дээ.

Эх сурвалж: Eguur.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан