Халх голын чөлөөт бүсийг өөрчлөх санал гаргав

Халх голд чөлөөт бүс байгуулах тогтоол маргаан дагуулж, иргэд эсэргүүцэл илэрхийлж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Халх голын чөлөөт бүсийн тогтоолыг Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө, аж ахуйн бүс болгон өөрчлөх санал гаргаж байгаа юм байна. Ингээд УИХ-ын 75-р тогтоолд өөрчлөлт оруулах түүний саналыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын баяр наадмын өмнө буюу энэ оны долдугаар сарын 9-нд батласан 75-р тогтоолыг Халх голын 500 мянган га газрыг гадаадынханд худалдах хуйвалдаан гэж иргэд эсэргүүцэж буй. УИХ-ын гишүүдийн зүгээс 500 мянган га буюу хэтэрхий их хэмжээний газрыг чөлөөт бүс болгон зарлан тусгаарлах нь буруу гэсэн шүүмж өрнөөд байгаа юм. Ингээд тогтоолын төсөлтэй танилцана уу.   

ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН “ХАЛХ ГОЛ” ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Нэг. Тогтоолын төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын үзэл баримтлалд дурьдсаны дагуу 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулах тухай Улсын Их Хурлын 75 тоот тогтоол батлан гаргасан билээ. Уг чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га-гаар тогтоож, хилийн цэсийг хавсралтаар баталсан. 
Дараах шаардлага, шалтгааны улмаас нутгийн гүн дэх их хэмжээний газар нутагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулж, гадаад зах зээлд экспортлох үйл ажиллагааг Чөлөөт бүсийн хуулиар зохицуулан онцгой дэглэм тогтоох боломжгүй бөгөөд харин органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:
1. Хил орчмын тодорхой хэмжээний газар нутгаа Чөлөөт бүс болгон хөгжүүлдэг олон улсын нийтлэг жишиг бий. Гэвч Монгол улсын “Халх гол” чөлөөт бүсийн газар нутгийн хэмжээ нь дэлхийн дунджаас 500 дахин их, хамгийн том талбайтай БНХАУ-ын “Шанхай” худалдааны чөлөөт бүсээс 41 дахин их байна. 
2. Олон улсад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг чөлөөт бүсийн дэглэмээр хөгжүүлсэн туршлага байхгүй бөгөөд дэлхийн 90 гаруй улсад НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага /FAO/-аас хүлээн зөвшөөрөгдсөн “Agricultural area certified organic” буюу “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс” гэсэн нэршлийг ашиглаж байна.
3. “Халх гол” чөлөөт бүс 500 мянган га талбайг хамарч байгаа нь цөөн хүн амтай Монгол улсын үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдалд дараах ноцтой үр дагавар, сөрөг нөлөөллийг үүсгэнэ. Үүнд
• Чөлөөт бүсийн тухай хуулинд зааснаар хөдөлмөр эрхлэх гадаад иргэдийн тоонд хязгаар тогтоохгүй ба ажил олгогч аж ахуйн нэгжүүд ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөнө. Энэ нь цаашид “Халх гол” чөлөөт бүсийн хилийн дотор урт хугацаагаар суурьшин амьдрах гадаад иргэдийн төвлөрөл үүсгэнэ. 
• “Халх гол” чөлөөт бүсийн 500 мянган га талбайд үйлдвэрлэн боловсруулсан их хэмжээний бараа бүтээгдэхүүний экспортын гаалийн татварыг тэг /0/ хувиар тооцох бол Монгол улс руу нэвтрүүлэхэд импортын татварыг холбогдох хуулийн дагуу төлнө. Энэ нь Монгол улсын эдийн засагт үлэмж хохиролтой бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг сулруулах эрсдэлтэй болно. 
• Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаж амьдарч буй иргэд болон хадлан бэлчээр газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн Үндсэн хууль, Газрын тухай хуулиар олгогдсон эрх ашиг зөрчигдөж байна.
Хоёр. Тогтоолын төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Тогтоолын төсөл 4 зүйлтэй. 
Нэгдүгээр зүйлд Дорнод аймгийн Халх гол сумын нутагт Газрын тухай хуулийн 10.1.1-т заасан хөдөө аж ахуйн эдэлбэр газарт хамаарах, хорио цээр, технологийн дэглэм бүхий Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай тусгасан.
Хоёрдугаар зүйлд тус хөдөө аж ахуйн бүс нутгийн хэмжээ, заагийг Засгийн газраас Халх гол суманд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуй эрхлэхэд тохиромжтой газар нутгийг судлан, зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний Тэргүүлэгчдийн саналыг харгалзан тогтоох талаар заасан. 
Гуравдугаар зүйлд тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тусгалаа. 
Дөрөвдүгээр зүйлд тогтоол батлагдсантай холбогдуулан “Халх гол чөлөөт бүс байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай заасан.
Гурав. Тогтоолын төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар
Тогтоолын төсөл батлагдсанаар Дорнод аймгийн Халхгол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулах тухай Үндсэн хуулийн үзэл баримтлал зөрчин батлагдсан УИХ-ын тогтоолын заалтууд хүчингүй болох бөгөөд холбогдох хуулиудын зөрчил арилж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эрх ашиг хангагдаж, улмаар гадаад худалдааны алдагдлыг бууруулж, хөдөө аж ахуй, хүнсний салбарын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах эдийн засгийн бодлогын агуулгад нийцэх ач холбогдолтой. Түүнчлэн Дорнод аймгийн Халхгол сумын иргэд болон тус сумын нутагт газар эзэмших зөвшөөрөлтөй аж ахуйн нэгжүүд Газрын тухай хуулийн дагуу нутагтаа газар өмчлөх, эзэмших, чөлөөтэй зорчих үндсэн эрх нь хязгаарлагдахгүй баталгаажих юм. 
Тогтоолын төсөл батлагдсаны дараа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомжуудад нийцүүлэн Дорнод аймгийн Халхгол сумын нутагт баталгаажсан сертификат бүхий Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс /Agricultural area certified organic/ байгуулагдсанаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилт бодитой хангагдана гэж үзлээ.

Дөрөв. Тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаархи санал.
Энэхүү тогтоолын төслийг Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан бөгөөд хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

ТӨСӨЛ САНААЧЛАГЧИД

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан