Орхоны Д.Батлутын хэргийг прокурорт шилжүүлнэ

Орхон аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлут өнгөрсөн сарын 10-нд Булган аймгийн Хангал сумын нутагт байрлах Сэлэнгэ амралтын газарт иргэн Э-г зодож гэмтээсэн тухай бид мэдээлсэн. Манжуураас ирсэн зочдыг хүлээн авсан хүндэтгэлийн зоогны дараа МАН-ы хорооны дарга Д.Батлут Ардчилсан намын гишүүн Э-г зодож гэмтээсэн. Тухайн өдөр Д.Батлутыг цагдаагийнхан саатуулсан боловч маргааш нь сулласан гэгдэж байсан. Хохирогч Э аймгийнхаа эмнэлэгт хүргэгдэн биеийн байдал маш хүнд байсан учир нийслэлд яаралтай авчран Гэмтэл согогын үндэсний төвд эмчлүүлж байсан буй. Тухайн үед бид хохирогчийн ар гэрийнхэнтэй холбогдоход

-Хотод ирээд Э хагалгаанд орсон. Гэхдээ бие нь хүнд л байна. Маш хүнд хагалгаа болсон. Эрүү, нүүр, нүд гурван газар нь ясыг нь хадсан, дөрвөн газар ясыг нь хадах аргагүй гээд бидэнд ясыг нь гаргаж өглөө. Нүүр хэсэгтээ маш аймшигтай цөмөрсөн. Зарим хэсгийн ясыг эвлүүлж болдоггүй юм байна. Бас тархины суурь яс нь бяцарсан. Нэг нүд нь заримдаа юм харахгүй, заримдаа хоёр давхарлаж харагдаад, ухаан нь ч гэсэн орон гаран байна.

Одоохондоо Д.Батлутыг цагдаа, сэргийлэх шалгаж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Юуны түрүүнд энэ хүнээ л хөл дээр нь босгоод авья. Бусад нь яах вэ л гэлцэж байна гэж байсан юм.

Хэрэг гарах үед хажууд нь байсан хүний яриагаар бол “Юу юугүй л гар нь гялалзаад цохиод авсан. Бид үг дуугарах ч завдал болоогүй. Хохирогч ч гэсэн элдэв зүйл ярих завдал болоогүй” гэсэн. Зодсон этгээд буюу Д.Батлут хохирогчийн биеийн байдлыг асууж, эмнэлэг дээр ирж очиж байгаа гэсэн юм.

Тэгвэл сүүлд авсан мэдээллэр бол Д.Батлутын хэргийн харъяаллын дагуу Булган аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн хуулийн 96.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, прокурорт шилжүүлэхэд бэлэн болсон аж.

Энэ зүйл ангид, “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг аж.

 

Ж.Дуяа

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан