Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.11.06/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

 
Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 онд баталж мөрдсөнөөс хойш 23 жил болж байна. Энэ хугацаанд Үндсэн хууль, түүний Хавсралт хуульд заасны дагуу Монгол Улсын төрийн байгууллагыг шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлсэн. Үүний дагуу Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зарчмын шинэтгэл хийгдэж, улмаар боловсронгуй болон хөгжиж байна.

 

Ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлж ирсэн үйл явцад төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангахтай холбогдсон зарим нэг асуудал, сорилтыг шийдвэрлэх шаардлага нийгмийн хөгжлөөс урган гарч ирсэн.

Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг одоогийн Үндсэн хуулийн үйлчлэлийн улмаас нийгэмд нэгэнт бий болсон учир шалтгаануудыг харгалзан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэсэн юм.

Энэ дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын  2015 оны 01 дүгээр сарын 13-ны 08 тоот захирамжаар томилон ажиллуулсан.

Ажлын хэсэг 2015 оны 01 дүгээр  сарын 21-нээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан урьд нь хийгдсэн судалгаа, дүгнэлтүүдтэй танилцаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар удаа дараагийн хуралдаанаараа хэлэлцэж, саналаа нэгтгэх, холбогдох асуудлаар судалгаа, лавлагаа гаргуулах, Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг төрийн холбогдох байгууллагуудын саналыг авч, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хуралд ирүүлсэн иргэдийн саналыг судлах зэргээр ажилласны үндсэн дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулжээ.


Улсын Их Хуралд суудалтай бүх нам, эвсэл буюу Ардчилсан нам, Монгол Ардын нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам, мөн бие даагч гишүүдийн төлөөлөл болох Улсын Их Хурлын нийт гишүүний 60 гаруй хувь нь гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн байгууллын талаар Үндсэн хуульд тусгасан зарчмыг хөндөхгүйгээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын хоорондын харилцан хамаарал, тэнцэл, эрх мэдэл хоорондын ялгаа заагийг тодорхой болгохоор тусгажээ.

Засгийн газар тогтвортой ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх, Ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж, хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах хариуцлага, Засгийн газрын үйл ажиллагаагаа тогтвортой явуулах бие даасан байдлыг дээшлүүлэхээр заасан байна.

Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог байсныг Улсын Их Хурлаас өргөтгөсөн төлөөлөлтэйгээр, зургаан жилийн хугацаагаар, нэг удаа сонгодог байх, Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч институт байх зарчимд бүрэн эрхийг нь нийцүүлэн өөрчлөлт хийжээ.

Хотыг засаг захиргааны нэгжид хамааруулах, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, бүх шатны Засаг даргыг томилж, сонгох, чөлөөлөх зарчим, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, уг үйл ажиллагаанд улс төрийн намын оролцоог хязгаарлах, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн хоорондын зарим харилцааг зохистой болгох чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө энэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах, түүнтэй холбогдон Ард нийтийн санал асуулгын тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэж холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэснээр иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд  оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасны дагуу төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ хэрэгжүүлэх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нийгмийн зөвшилцлийг бий болгох чухал ач холбогдолтой бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг баталгаажуулах юм гэж хууль санаачлагчид үзжээ.

Ард нийтийн санал асуулгыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр явуулахаар төсөлд тусгасан байнахэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ