Н.Энхбаяр: Сонгуульд орох гэж улайрчихсан байгаа хүмүүсээс “сонгууль болох уу, үгүй юү” гэж асуух нь ашиг сонирхлын зөрчил

Н.Энхбаяр: Сонгуульд орох гэж улайрчихсан байгаа хүмүүсээс “сонгууль болох уу, үгүй юү” гэж асуух нь ашиг сонирхлын зөрчил

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр сэтгүүлчидтэй онлайн ярилцлага хийсэн. Тэрээр Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Монголд ирсэн бөгөөд одоогоор тусгаарлалтад байгаа юм. Ингээд түүний сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Ерөнхийлөгч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. Та нам, “Та бидний эвсэл” Ерөнхийлөгчийн санаачилга дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн санаачилгыг уншиж, танилцсан. Би шуудхан хэлэхэд Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж байгаа. Солонгос, Турк, Орос, Японоос 1000-аад хүн ирсэн гэж байгаа. Үүнээс одоогийн байдлаар 14 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Одоо дахин олон мянган иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байгаа. Энэ хүмүүсээ Монгол Улс ямар нэгэн байдлаар авах ёстой. Одоо 5000 мянга орчим хүн ирэхээр төлөвлөж байгаа юм гэсэн. Гэхдээ тэр дотор коронавирусийн халдвар авсан хүн байж магадгүй. Ерөнхий сайд “Монголчууд үхэх үү, сэхэх үү сорилтын өмнө ирсэн байна” гэж хэлсэн. Үхэх үү, сэхэх үү гэдэг сорилтын өмнө ирчихээд байна гэж хэлчихээд сонгууль болно гэхээр өөрөө зөрчилтэй. Тиймээс эхлээд үхэх үү, сэхэх үү гэдгээ эхлээд шийдье. Дараа нь албан тушаалын төлөө улайрч тэмцэлддэг ажлаа хийе. Манай эвсэл бол албан тушаалын хойноос улайрахаа болиод ард түмнийхээ өвчин зовлонг эдгээгээд, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлээд, ядарч зүдэрсэн иргэдийнхээ ахуй амьдралыг яаж өөд нь татах вэ гэдгээ яръя. Сайнаар бодвол орон нутгийн сонгуультай хамтруулж Их хурлын сонгуулиа явуулъя. “Та бидний эвсэл”-ийнхэн ийм байр суурьтай байгаа. Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгыг бид дэмжиж байгаа. Нөгөө талаар сонгуульд орох гэж улайрчихсан байгаа хүмүүсээс “сонгууль болох уу, үгүй юү” гэж асуух нь ашиг сонирхлын зөрчил. Ялангуяа эрх барьж байгаа намаас асуух нь буруу. Ийм үед Ерөнхийлөгч үүнийг шийдэх ёстой. Төрийн тэргүүний хувьд хариуцлагаа үүрээд, өөрийн гаргаж байгаа үндэслэлээ тайлбарлаад ийм үүрэг чиглэл өгөх хэрэгтэй. Түүнээс нэг, нэгнээсээ асуугаад олонхоороо шийддэг асуудал биш. Коронавиурс олонхоор дарагддаг өвчин биш. Тиймээс сонгуулиа хойшлуулаад амгалан тайван байдалд хийх нь зүйтэй гэж бодож байна.

-Хэрвээ манай улсад өвчний тохиолдолд нэмэгдэхгүй, нөхцөл байдал хүндрэхгүй бол сонгууль хугацаандаа болно. Гэхдээ сонгууль боллоо гэхэд ирц хүрэхгүй ч юм уу ямар нэгэн эрсдэл үүсэх үү. Та хэрхэн харж байна вэ?

-Гадаад улсаас дахин олон мянган иргэнээ авчирна. Энэ дундаас халдвар авсан хүмүүс гарвал яах вэ. Мөн өөр замаар өвчин орж ирвэл, эдийн засгийн асуудал улам хүндэрвэл яах вэ. Эрүүл мэндийн асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Эдийн засгийн асуудал шийдэгдэж эхлээгүй байна. Энэ үед ард иргэдийнхээ айдас, хүйдэс дээр тоглож төрийн эрх барьж байгаа ганцхан намын хүмүүс байнга телевизээр гарч хүч түрэн сонгууль явуулж өөр ашигтай дүн бичих гэж байгаа бол энэ байж болохгүй. Шударга сонгууль биш. Монголчуудынхаа өвчин зовлон дээр дөрөөлж явуулдаг сонгууль гэж байж болохгүй. Үхэх, сэхэхдээ тулсан байгаа шүү гэж Ерөнхий сайд өөрөө хэлчихээд сонгууль хэвийн болно гэж хэлж байгаа нь өөрөө зөрчилтэй. Тиймээс энэ сонгуулийг хойшлуулж, орон нутгийн сонгуультай хамт хийе гэж зөвлөж, бас шаардаж байна. Гадаадад байгаа иргэдээ санал өгөх боломжоор хангах хэрэгтэй. Хар машинаар тоолсон тооллогоо гараар тоолж баталгаажуулах ёстой.

-Сонгууль хойшлуулах эсэхийг УИХ шийднэ. Хэрвээ нөхцөл байдал гайгүй байгаад сонгууль хугацаандаа болбол танай эвсэл нэр дэвшигчдээ ямар шалгуур тавих вэ. Нэгэнт эвсэл болж орж байгаа учраас танай гурван намын нэр дэвшүүлэх квот ямар байхаар ярилцсан бэ?

-Хариуцлагагүй сонгууль болохгүй байх гэж бодож байна. Мэдээж “Та бидний эвсэл” сонгуулийн бэлтгэлээ хангаж байгаа. Урьдчилсан байдлаар хоорондын харилцааны асуудлаа гэрээгээр зохицуулсан. Тэр гэрээгээ СЕХ-д өгсөн. МАХН-аас ИЗНН, МУНН-аас хэд хэдэн хүн нэр дэвших вэ гэдгээ гэрээндээ суулгасан. Сонгууль өнгөрсний дараа алга болчихдог хүмүүс бий. Харин бид өнгөрсөн дөрвийн жилийн хугацаанд аймаг бүрт хоёр удаа очсон. Ингээд ард түмний захиа даалгавраар “Та бидний эвсэл” мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Манай мөрийн хөтөлбөр бол дандаа ард түмний захиа даалгавар.

-Танай эвсэл нэр дэвшигчдээсээ дэнчингийн мөнгө авах уу. Сонгуулийн зардлаа хэрхэн босгох вэ?

-АН 60, 100 сая төгрөгийн босго тавиад нэр дэвшигчдээсээ мөнгө цуглуулж байгаа юм билээ. Үүнийг би буруу гэж үзэж байгаа. Шударга сонгууль хувь хүн, пүүс компанийн мөнгөн дээр явдаггүй. МАН-ынхан 60 тэрбумын луйвар гээд бөөн хэл аманд орсон. Гэтэл хашрахгүй байна. АН-ын дэнчин бол 60 тэрбумын нэг хувилбар. МАН-ынхан мөнгөгүй сонгууль хийнэ гэж байна. Энэ бас худлаа. Тийм хууль байхгүй. Нууж байгаад ямар нэгэн эх үүсвэрээс олох гэж байгаа. Төрийн өмчийн компаниудаас татах гэж байна уу, ЖДҮ-д өгсөн хүмүүсээсээ авах гэж байна, бизнесийн дэмжлэг үзүүлэх гэж байгаа хүмүүстэйгээ цаанаа тохирч байна уу. Заавал ийм булхайн аргаар хийх гэж байгаа. Тиймээс ингэж бие биенээ гэнэн хүүхдүүд шиг хуурах хэрэггүй гэж хэлмээр байна. Манай намын хувьд хамгийн бага мөнгөөр хамгийн их үр дүнтэй ажиллаж УИХ-д суудалтай байгаа нам. Биднийг бүх талаар хавчдаг. Тиймээс бид мөнгө төгрөгөө зохицуулахдаа арвич хямгач ажиллана. Бид 100 хувь хандиваар сонгуулийн санхүүжилтээ босгоно. 2017 онд ч гэсэн бид хандиваар санхүүжилтээ босгож байсан.

-“Та бидний эвсэл” мөрийн хөтөлбөртөө иргэдийн цалинг таван сая болгож, үнэгүй орон сууцанд оруулна гэсэн. Ийм эдийн засгийн боломж манай улсад байгаа юу?

-Энэ шууд хээл хахуультай холбоотой асуудал. Дэлхийн судлаачид хээл, хахууль ихтэй орны ДНБ-ний таваас дээш хувийн хээл хахууль тухайн улс оронд байна гэж үздэг. Монголын жишээн дээр аваад үзэхэд манай ДНБ 40 их наяд төгрөг гэж үзвэл ойролцоогоор 2.5 их наяд төгрөг хээл, хахуульд явдаг. Энэ асуудалд сайн тэмцэж чадвал 2.5 их наяд төгрөгийн их наяд төгрөг шууд утгаараа цалин нэмэгдүүлэх эх үүсвэр болж болно. 2.5 их наяд төгрөгийг өнөөдөр байгаа 188 мянган төрийн албан хаагчдын цалин болж хувиргахад нэг хүнд сарын 1.2 сая төгрөгийн нэмэгдэл эх үүсвэр бий болно. Хоёрт, сонгуульд мөнгө хууль бусаар цуглуулж  оролцдог. Ингээд хууль бусаар мөнгө өгсөн хүмүүсээ төрийн албанд хууль бусаар томилдог. МАН-ынхан 20 гаруй мянга хүн төрийн албанд орууллаа гэдэг, АН-ынхан өмнөх дөрвөн жилд 10 гаруй мянган хүн оруулчихлаа л гэдэг. Нийт 35 мянган хурган дарга бий болсон. Сонгуульд зарсан мөнгөө олох гээд ийм албан тушаалд тавьчихсан. Тэд шархаа нөхнө гээд хээл, хахуулийг ингэж их даамжруулж байна. Хээл, хахууль байхгүй бол энэ 35 мянган хүн хүссэн хүсээгүй төрийн албанаас явна. Тэдний дундаж цалин 1.5 сая гэж бодвол нийтдээ жил 630 тэрбум төгрөг болж байгаа юм. Багш, эмч нарын цалин дунджаар 800 мянган төгрөг. Энэ 630 тэрбум төгрөгийг багш, эмч нарынхаа цалингийн нэмэгдүүлэх боломжтой. Мөн Оюутолгой, Тавантолгой гэж том ордоо ар түмнийхээ нэр дээр бичээд 10-хан хувийг бодоход 900 тэрбум байна. Үүнийг цалингийн нэмэгдэл болгохоос гадна боловсруулах үйлдвэрүүдийг барих хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр хөшөө, цэцэрлэг, усан оргилуур барина гэж урсгал зардлыг маш их нэмж байна. Үүнийг зогсоох хэрэгтэй. Завхан нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд барих болгож хөрөнгө оруулалтын бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Ингэвэл Монгол Улсын, монголчуудын орлого нэмэгдэнэ, цалин нэмэх эх үүсвэр, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ.  Дээр нь Монголбанкны бодлогын хүү гэж том хана, хэрэм байна. Монголын ахуй амьдралаа өөд татъя гэж байгаа хүн бүрийн очоод мөргөж унадаг, цөхрөнгөө барж байгаа хана хэрэм. Монголбанкны бодлогын хүү их өндөр байна. Үүнээс болоод бүх зээлийн хүү өндөр болчихсон. Үйлдвэрлэл явуулах, хөрөнгө оруулах эх үүсвэр байхгүй болчихсон. Тиймээс Монголбанкны бодлогын хүүг бууруулах, тэглэх хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу төв банк нь бодлогын хүүгээ тэг болгочихлоо. Саяхан Сингапурын бодлогын сан ч мөн адил. Гэтэл манай Засгийн газраас үүн дээр ерөөсөө дуугарахгүй, Монголбанкны бодлогын хүү хэвээрээ байна гэж ярьж байна. Хэрвээ бодлогын хүүг бууруулбал цалин нэмэгдүүлэх эх үүсвэр тэндээс гарна. Таван сая төгрөгийн цалин бол үе шаттайгаар хийх гэж байгаа ажил. Таван сая төгрөгийн цалин амлаж байгаа хоёр улс төрийн хүчин байгаа. Нэг нь “Та бидний эвсэл” бид. МАН-ынхан бас таван сая төгрөгийн цалин амлаж байгаа. Гэдгээ тэд 2050 он гэхэд монгол хүн таван сая төгрөгийн цалин авна гэж байгаа. Инфляци гэж юм. Одоогоор манай улс жилийн долоон хувийн инфляцтай байгаа. 2050 он хүртэл 30 жилийн хугацаанд 200 орчим хувиар төгрөгийн ханш буурна. Тэгэхээр 2050 оны таван сая төгрөгийн цалин бол өнөөдрийн 1.2 сая төгрөгтэй тэнцүү. Тэгэхээр МАН-ынхан цалинг таван сая төгрөг болгоно гэж байгаа ч өнөөдрийн 1.2 сая төгрөгийн худалдан авах чадвартай цалинтай байлгана гэж байна. Өөрөөр хэлбэл, цалин нэмэхгүй гэж байна.

-Дэлхийн улс орнууд эдийн засгаа сэргээх, уналтыг сааруулах арга хэмжээ аваад эхэллээ. Манай улсын хувьд эдийн засгаа сэргээх ямар гарц гаргалаа байна гэж та харж байна вэ?

-Манай Засгийн газар ажиллахгүй биш ажиллаж байна. Ялангуяа өвчний эсрэг сайн ажиллаж байна гэж бодож байгаа. Харин эдийн засгийн асуудал дээр тааруу ажиллаж байна. Эдийн засгийг дэмжих бодлого нь хууль зөрчиж байна. Төр засаг хууль зөрчиж ажиллаж болдоггүй. Хууль нь дутуу байвал нэмээд, засаад явах ёстой. Тухайлбал, 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэр гаргаж коронавирусээс үүссэн эдийн засгийн хүндрэлийг давна гэж байна. Энэ бүхэн хуультай. Төсвийн тухай хууль дээр ДНБ-ний гурван хувиас дээш орлого, зарлага нэмэгдвэл заавал УИХ шийднэ гэсэн байгаа. Гэтэл Засгийн газар төсөвт тодотгол хийхгүй энэ эх үүсвэрийг гаргана гэдэг худлаа. Мөн аж ахуйн нэгжүүдээс татвар авахгүй гэж байна. Яг үнэн хэрэг дээрээ татвар өгөх компани угаасаа цөөхөн болсон. НДШ авахгүй гэж байна. Тэртээ тэргүй НДШ өгөх мөнгө байхгүй. Цалинтай хүмүүсээс НДШ авахгүй гэж байна. Гэтэл нөгөө талдаа цалингүй хүмүүс яах вэ. Бүр орлогогүй болчихсон хүмүүс яах вэ. Тэгэхээр Монголбанк бодлогын хүүгээ бууруулаад, зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлээд, өр ширэнд орчихсон байгаа хүмүүсийнхээ зээлийн эх үүсвэрийг хөнгөлөх эсвэл тэглэх хэрэгтэй. Ажлын байраа авч үлдсэн компаниудад хөнгөлөлттэй зээл өгөх хэрэгтэй. АНУ яг тэгж байгаа. 90-ээд доошгүй хувийн ажлын байраа хадгалж үлдсэн компаниудад таван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож байна. Би нэг зүйлийг У.Хүрэлсүх сайдад зөвлөж хэлье. Сангийн сайд гэж албан тушаал өөрөө хүнийг юу ч бүтэхгүй, мөнгө өгч болохгүй гэж хэлдэг. Байгууллагынх нь онцлогт автаад тийм ийм хүмүүжилтэй болчихдог юм. Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдад хэлмээр байна. Сангийн сайдынхаа үгэнд битгий ор. Ялангуяа энэ үед битгий ор. Ч.Хүрэлбаатар гэдэг хүн сайн, муудаа биш. Сангийн сайд гэж хүн угаасаа болохгүй л гэж хэлнэ. Болно оо, болгох хэрэгтэй Ерөнхий сайдаа. Ингэж байж бид энэ хүнд хэцүү байдлаас гарна. Сангийн сайдын үгээр яваад энэ хүнд, хэцүү байдлаас гарахгүй шүү гэж зөвлөмөөр байна.

-Сангийн сайд төсөвтөө тодотгол хийхгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Энэ онд 3.1 их наяд төгрөгөөр бүтээн байгуулалт хийхээр байгаа. Эдийн засаг хүндрээгүй байхад баталсан төсвийг одоогийн нөхцөл байдал нийцүүлэн өөрчлөх шаардлага байгаа юу?

-Энэ төсвийг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард баталсан. Коронавирус гэдэг юм бүр дуулдаагүй байсан. Энэ их аюул нүүрлэчихээд байхад төсвөө яагаад өөрчлөхгүй байгаа юм бэ. Хар ухаанаар бодоход ч болохгүй. Тиймээс төсвийн тодотгол заавал хийх хэрэгтэй. Хуульдаа ч тийм. Төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй. Нөгөө талаар бид хөрөнгө оруулалтын бодлогоо өөрчлөх хэрэгтэй. Ингэж байж цалин нэмэгдэнэ. УИХ-ын гишүүн бүхэн тойрог бүр дээрээ хэдэн төгрөг тавиулчихаад байна. МАН-ын 65 гишүүн үүнийгээ таслан зогсоох хэрэгтэй. Тиймээс Ерөнхий сайд Сангийн сайд, Их хурлын гишүүдийнхээ үгэнд оролгүйгээр энэ хөрөнгө оруулалтын гурван их наяд төгрөгөө болиулаад эдийн засгийг сэргээх багц асуудалдаа зарцуул. Хөрөнгө оруулалтаа зогсоо гэж зөвлөх байна.

Эх сурвалж: itoim.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан