З.Энхболд: АН гурван саяын цалинтай, 150 мянган ажлын байр бий болгох урт хугацааны бодлого хэрэгжүүлнэ

-АН Их хурлын сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа гишүүдээсээ тодорхой хэмжээний хандив авч байгааГэтэл дахиад нэмж 400-570 сая төгрөг нэхэж байгаа гэсэн мэдээлэл гараад байнаЭнэ үнэн үү?

-Энэ худлаа. Зарим  ийм мэдээ гарчихсан байна. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиуд гэж бий. Сонгуулийн хуулиар нэр дэвшигчийн үнэмлэх авч, данс нээж байж хандив цуглуулах эрхтэй болно. Гэхдээ нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа болоогүй учраас одоо АН-д нэр дэвшигч нэг  ч хүн байхгүй. Тиймээс АН нэр дэвшигчдээсээ хандив нэхэж байгаа гэдэг үг худлаа. Дахиж нэмж 400-570 сая төгрөг авна гэдэг нь ч огт үндэсгүй зүйл. Үндэсний аудитын газраас нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг 300-700 сая гэж тогтоосон. Энэ бол нэр дэвшигч болсноос хойш сонгуулийн үеэр яригдах хандивын хэмжээ. АН Улс төрийн намын тухай хуулийн 18-р зүйлийн дагуу (гишүүн намдаа хандив өгч болно, хуулийн этгээд 10 сая, иргэн нэг сая) 60, 100 сая төгрөгийн хандив авсан. 400-570 гэдэг бол тойргийн сонгогчийн тоо болон бусад шалгуураар ҮАГ-аас тогтоосон сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулагдаж байгаа өөр хандив. Хоёр өөр хуулиар зохицуулагддаг хоёр өөр зүйлийн тухай яриад байна. АН 100 сая төгрөгийн хандиваа нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсээ уриалуулж зохион байгуулж дансандаа авсан. Ер нь дэлхийн улс төрийн бүх нам хандив цуглуулна. Монгол ардын нам шиг хандив цуглуулдаггүй нам гэж энэ дэлхий дээр байхгүй. МАН сонгуулийн болон сонгуулийн бус үед хандивгүйгээр яаж амьдраад байгаагаа ил тод зарлах ёстой.

-Тэгэхээр Үндэсний аудитын газраас баталсан зардлын дээд хэмжээг АН гишүүдээсээ авах гээд байгаа юм уу?

-Болохгүй шүү дээ. Нэр дэвшигчид тодроогүй байна. Нам энэ мөнгийг авахгүй. Тавудугаар  сарын сүүлээр нэр дэвшигчийн үнэмлэх авсан З.Энхболдын нээсэн дансанд цуглуулж зарцуулах мөнгөний дээд хэмжээг ҮАГ тогтоосон. Нэг нь Сонгуулийн тухай хуулиар, нөгөө нь Улс төрийн намын тухай хуулиар зохицуулагдсан харилцааг ярьж байна. Энэ хоёроо хольж яриад байгаа учраас буруу ойлголт төрөөд байгаа юм.

-60,100 сая төгрөг тоолоод өгдөг хүн цөөн. Эргээд нөгөө компаниаж ахуй нэгжүүдээсээ мөнгө гуйнаЭнэ тойрог чинь үргэлжлээд байх юм биш үү?

-Тэгнэ. Хүмүүсээс хандив гуйна. Одоогийн гуйж байгаа хандив бол өөр. АН-д сонгууль хүртэлх үйл ажиллагаанд нь хандив өгөөч гэж байгаа юм. Дундговийнхон Эрдэнэбүрэнг дэмжээд 100 мянгат малчин тус бүр сая төгрөг өгөөд байна шүү дээ. Энэ бол АН-ын үйл ажиллагааг дэмжиж өгч байгаа хандив болохоос Эрдэнэбүрэнгийн сонгуулийн хандив биш. Сонгуулийн хандив бол тавдугаар сарын сүүлээр буюу нэр дэвшигчийн данс нээгдсэний дараа эхлэх хандив.

-Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах санаачилга гаргасанТа үүнийг дэмжих үү?

-УИХ-ын сонгуулийг хойшлуулах санаачилгыг хэн ч гаргаж болно. Эцсийн дүндээ МАН-ын 63 гишүүн шийднэ. Өвчин хүндрээд, хүн нас бараад эхэлбэл хойшлуулахаас өөр аргагүй. Иран энэ өвчнийг үл тоогоод сонгууль хийсэн чинь хэдэн мянган иргэн нь үхчихлээ. Ийм гашуун туршлага байгаа учраас хойшлуулах шалтгаан гарвал хойшлуулна. Гэхдээ одоогоор манай улсад тийм нөхцөл байдал үүсээгүй байна. Эцсийн дүнд МАН-ын УИХ гишүүд шийднэ.

-Хэрвээ цаашдаа нөхцөл байдал хурцдаж сонгууль хойшлуулах болбол ямар үр дагавар бий болох вэ?

-Сонгуулиа хийхээс илүү улс орнууд амьд явах тухай ярьж байна. Өдрийн хэдэн зуугаараа үхээд байхад юун сонгууль ярих болчихоод байна. Гэхдээ Монголд ийм нөхцөл одоогоор үүсээгүй.

-Нам, эвслүүд Их хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Дундаж цалинг тав, гурван сая төгрөг болгонозээлийн хүүг нэг хувь болгонохөнгөлөлттэй орон сууцанд оруулна гэж бараг бүхнам эвсэл мөрийн хөтөлбөртөө бичсэн байна.  Манай улсын эдийн засагт ийм боломж бий юү?

-АН-ын мөрийн хөтөлбөрт зүгээр сууж байгаа хүнд таван сая, гурван сая төгрөгийн цалин өгнө гэсэн асуудал тусгаагүй. Намууд мөрийн хөтөлбөрөө олон түмэнд ил болгох цаг нь болоогүй байна. Өмнө нь ил болгочихвол Сонгуулийн хууль зөрчинө. Мөрийн хөтөлбөрөө Аудитад өгч улсын эдийн засгийн хүчин чадлаас давсан байна уу гэдгээ л шалгуулж байгаа юм. Одоо нэгэнт цалингийн тухай яриад эхэлсэн учраас би тодорхой ярья. МАН нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүн болгон байртай болно гэж амлаад байна шүү дээ. Энэ хуулиар хориотой амлалт. Нийгмийн даатгал төлдөг бол ажилтай хүн гэсэн үг. Ажилтай хүмүүс байранд ордог ипотекийн хөтөлбөрийг АН амжилттай хэрэгжүүлээд 80 мянган айлыг байранд оруулсан. Энэ бол аль нэг нам мөрийн хөтөлбөртөө бичсэн, бичээгүй үргэлж хэрэгжиж байх ёстой хөтөлбөр. АН-ын мөрийн хөтөлбөрт ажилгүйдлийг хэрхэн даван туулах вэ гэдэг л зүйл байгаа. Ерөнхийлөгч 2017, 2018 онд бүх аймаг, дүүргээр явж уулзалт хийсэн. Энэ уулзалтаар яаж ядуурлаас гарах вэ гэдэг асуултад Ерөнхийлөгч маш ойлгомжтой хариулж байсан. “Бид таван тэрбум ам.долларын түүхий эд зарж байна. Зэс, төмрийн хүдэр, алт, нэхий, махаа боловсруулалгүй гаргадаг. Манай улсын зарж байгаа бүх бүтээгдэхүүн түүхийгээрээ таван тэрбум ам.доллар байгаа. Энэ түүхий эдээ боловсруулбал 30 тэрбум ам.доллар болох юм байна, хэдэн зуун  мянган ажлын байр бий болно” гэсэн. Ерөнхийлөгчийн энэ санааг АН мөрийн хөтөлбөрийнхөө гол зүйл болгосон. АН-ын мөрийн хөтөлбөр дотор 10 жилийн хугацаанд 150 мянган ажлын байр бий болгоно, үйлдвэрүүдийг хувийн хэвшил бий болгоно гэж байгаа. Засгийн газар зөвхөн дэд бүтэц барьж дэмжинэ, Зүүнбаянгийн төмөр зам шиг. 30 тэрбумын экспорт хийх учраас багадаа 1000 ам.долларын цалинтай 150000 ажлын байр үүсгэх бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ бол гурван сая төгрөгийн цалин гэж ярьсан. Хувийн хэвшлийнхэн түүхий эдээ боловсруулж өртөг нэмж экспортолсон учраас гурван саяын цалинтай болно. Мөн эдгээр олон мянган үйлдвэрүүдийн төрд төлсөн татвараас төрийн албан хаагчдад хувийн хэвшлийнхнээс дутахааргүй цалин өгнө гэсэн тооцоо хийсэн. Энэ 10 жилийн хөтөлбөрийн эхний дөрвөн жилийнхийг Аудитад өгсөн. Аудитын газар манай мөрийн хөтөлбөрийг өөлөөд байх юм байхгүй. Яагаад гэвэл ажлын байрыг хувийн хэвшил бий болгоно. Төсвөөс хамаарахгүй. Гэхдээ улсад бас хариуцах зүйл бий. Одоо Зүүнбаянгийн төмөр замыг улс тавьж өгч байна. Үүгээр Тавантолгой, Оюутолгойн түүхийгээр гардаг бүтээгдэхүүн гол төмөр зам руу ирнэ. Ингээд Сайншанд, Чойрт аж үйлдвэрийн парк байгуулагдаад тэнд 100 мянган хүнтэй хотууд үүснэ. ХАА-н тухайд, арьс ширний үйлдвэрийг Дарханд байгуулна гээд биччихсэн байгаа. 200 мянган малчин өрхийн жил бүр нядалдаг 15 сая малын арьс ширийг Дарханы аж үйлдвэрийн паркт эцсийн бүтээгдэхүүн болгоно. Эцсийн дамжлага нь Дарханд байх ба Дархан хүрэхдээ аймаг, сумандаа ямар нэгэн боловсруулалт хийгдэнэ. Энэ өөрөө 200 мянган малчин өрхийн амьдралыг авч явах бизнес. Ийм маягаар сарын 1000 ам.долларын цалинтай 150 мянган хүний ажлын байр бий болно. Үүний 40 хувь нь 2020-2024 онд бий болно. Үлдсэн 60 хувь нь дараагийн зургаан жилд гарна гэсэн үг. Ийм л мөрийн хөтөлбөр байгаа юм. Ерөнхийлөгчийн 2017, 2018 онд улс даяар зарласан зүйлийг АН мөрийн хөтөлбөртөө оруулсан  гэснээс мөрийн хөтөлбөрөө сурталчлаагүй. Түүнээс МАХН-ын ярьж байгаа шиг зүгээр байж байхад нь байранд оруулах, МАН шиг арматур, цемент өгөөд бүгд хямд байранд орох амлалт өгөөгүй. Одоо байгаа түүхий эдээ боловсруулж гаргаад, үндэсний аж үйлдвэрээ хөгжүүлж байж бүгд сайхан амьдарна. Экспорт хийж байгаа учраас 1000 ам.долларын цалин авах боломжтой гэж үзсэн.

-Ирэх дөрвөн жилд манай улс их хэмжээний өр төлнө. Өр төлөх санхүүжилтийг хэрхэн олох талаар танай нам мөрийн хөтөлбөртөө тусгасан уу?

-Их өр төлөх ч ялгаагүй. Бид экспорт хийж байж л өрөө төлнө. МАН-ынхан шиг баахан приус машин импортлоод өр төлөгдөхгүй шүү дээ.

-АН нэр дэвшигчдээ хэзээ тодруулах вэНэр дэвшигч тодруулах намын бага хурлаа онлайнаар хийх үү?

-Хуулийн хугацаандаа хийнэ. Хуульд заасан хугацаа болоогүй байна. Карантин цуцлагдахгүй бол онлайнаар хийхээс өөр аргагүй. Манайх онлайнаар хурлаа хийгээд сурчихлаа. Хамгийн сүүлд АН-ын зөвлөлийн өргөтгөсөн хурлыг онлайнаар хийсэн. Энэ хурлаар коронавирустэй хэрхэн тэмцэх вэ, үүнээс болж муудаад байгаа эдийн засгаа хэрхэн дэмжих вэ гэдгийг ярьсан. Үүндээ МҮХАҮТ-ийн саналыг тусгасан. Короновирусын гамшиг болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” гэдэг нэртэй УИХ-ын тогтоолын төслийг АН гишүүд өргөн барина.

-Засгийн газар эдийн засгийг сэргээхийн тулд долоон арга хэмжээ авна гэдгээ зарласан. Эдгээр арга хэмжээнд 5.1 их наяд төгрөг зарцуулна гэсэн. Засгийн газрын авч хэрэгжүүлэхээр зарласан арга хэмжээний талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Засгийн газрын авах гэж байгаа арга хэмжээнүүд манай хөтөлбөрт үндсэндээ орсон. Гэхдээ зарчмын нэг л ялгаа байгаа. У.Хүрэлсүх энэ мөнгөө зээлэх гэж байгаа бол АН одоогийн төсөв дотроосоо гаргах гэж байгаа. Тухайлбал, Баянхонгор аймагт сургууль шаардлагагүй газарт зургаан тэрбум төгрөгөөр сургууль барьж байна. Хэдэн зуун конторын барилга, спорт заал, соёлын төв, хөшөө дурсгал гэх мэтээр 1 жил барихгүй байхад хэнч хохирохгүй хөрөнгө оруулалт хэдэн их наяд төгрөгийнх байна. Ийм маягаар төсвийг үрэн таран хийж байгаа. 2016 онд Баянхонгорын хөрөнгө оруулалт зургаан тэрбум төгрөг байсан бол одоо 103 тэрбум төгрөг байна. Тэгэхээр төсөвт маш их нөөц бололцоо байна. Хүүхдийн мөнгийг нэмж байгаад Засгийн газрын саналтай адилхан байгаа. 200 мянган төгрөг дээр АН-ын санал өөр. Коронавирусээс шалтгаалан хамгийн түрүүнд агаарын тээврийн компаниуд дампуурч байна. Дараа нь зочид буудал, ресторан гээд хаалгаа бариад эхэллээ. Ажлаас халагдсан хүн эхлээд 76 хоногийн ажилгүйдлийн тэтгэмжээ авна. Ажилгүйдлийн тэтгэмжийн санд 200 мянган хүнийг халагдана гэж үзээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гурван сарын турш олгох мөнгийг улсын төсөвт суулга гэж байгаа юм. Жишээлбэл Баянхонгор аймагт шаардлагагүй газарт сургууль барихаа болиод коронагаас болоод ажилгүй болсон хүн бүрт 420000Х3сар=1260000 сая төгрөгийг олгох юм. Ажилгүйдлийн тэтгэмжээ авч дуусахаар нь нэмээд 1.26 сая төгрөг өг гэж байгаа. Ингээд таван сарын дараа коронавирусийн сөрөг үр дагавар арилбал ажилдаа буцаад орно. Ийм нэг зөөлөвч хийж өгье гэж байгаа юм. Яагаад гэвэл АНУ яг адилхан арга хэмжээ авч байна. Ажилгүй болсон иргэн ажилгүйдлийн тэтгэмжээ эхэлж авч хэрэглэнэ. Түүн дээр нь долоо хоногт 600 ам.доллар нэмээд улсын төсвөөс нь өгч байна. Л.Магнайгийн ярьсан 1.2 саяын задаргааг манай намын эдийн засгийн хөтөлбөрт ингэж оруулсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хөтөлбөр дотор хэд хэдэн шүүмжлэх зүйл бий. Тухайлбал, чи МИАТ компанид ажилладаг байж байгаад ажлаас халагдсан гэж бодъё. Харин МИАТ компанийг чамайг битгий хал гээд 200 мянган төгрөг сар бүр улсаас өгье гэж байгаа юм. Тэгэхээр компаниуд нь үгүй гэж байна. Хувийн компанид бол нэгэнт хийсэн бүтээгдэхүүн нь борлогдохгүй, үйлчлүүлэх хүн ирэхгүй учраас 200 мянган төгрөгийн төлөө ажилчдаа халахгүй байж чадахгүй, хална гэж байна. Угаасаа халагдсан хүн ХАОАТ, НДШ төлөхгүй. Угаасаа төлөгдөөгүй татварыг хариуцна гэж худлаа ярихаа боль гэж байгаа юм. Мөн Засгийн газрын санал дээр байхгүй манай нэг санал бий. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл бүх айлын ипотекийн төлбөрийг хойшлуулах. Ипотекийн зээлтэй иргэд хүсвэл нэг жил нэг ч төгрөг төлөхгүй, ямар ч торгууль хүү байхгүй. Тэгэхээр улс нэг ч төгрөгөөр хохирохгүй. 100 мянган айл 400 тэрбум төгрөг нэг жилд ипотекийн зээлд төлдөг. Энэ мөнгийг нэг жил 100 мянган айлдаа үлдээнэ гэсэн үг. Харин зээлийн гэрээг нь дахин нэг жилээр сунгана. Хэрвээ энэ жилийнхээ төлбөрийг төлөхгүй гэж хүсвэл зээлийн хугацааг нь нэг жилээр хойшлуулах санал юм.

Тэгэхээр манай санал илүү бодитой. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санал сайн тооцоо хийгээгүй, одоо хүртэл цаасан дээр бууж чадахгүй байгаа юм билээ. Манайх бол цаасан дээр буугаад өнөөдөр өргөн барилаа. Манай санал илүү байгаа оносон. Өнгөрсөн жил 2020 оны улсын төсөв, мөнгөний бодлого баталж байхад дэлхий даяар корона байгаагүй, нүүрс, зэс, алтны үнэ, зээлийн хүү, улс орнуудын эдийн засгийн өсөлтийн хувь хэд байлаа. Өнөөдөр бүгд хасах болсон. Тэгэхээр төсөв хийхдээ суурь болгож авсан бүх тоо худлаа болсон учраас цоо шинээр төсөв болон мөнгөний бодлогоо хийх хэрэгтэй. Өндөр хүүтэй зээл авсан компаниуддаа хүссэн хэмжээний зээлийг нь бага хүүтэй өг гэж байгаа юм. Тэгэхийн тулд төсвөө алдагдалгүй болгох хэрэгтэй.

-Танай намын эдгээр саналыг эрх баригч нам хүлээж авах болов уу?

-Авах байх. Корона гэдэг өвчинд намын ялгаа алга. Энэ хямралаа хамтдаа даван туулъя, төсвийн үргүй зардлаа багасгая. АН-ын зүгээс жалгын нэг байшин барьдгаа болье, энэ мөнгөөрөө ажлаас халагдсан хүмүүстээ тусалж, компаниудад бага хүүтэй зээл олгоё гэж байгаа юм. Энэ эх үүсвэрийг Монголбанк олох ёстой. Ингэхийн тулд төсөв мөнгөний бодлогоо уялдуул гэж байгаа юм. Тав дахь өдрийн 15.00 цагт Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн. Яг тэр үед УИХ-ын дарга өрөөндөө баахан банкныхныг цуглуулаад хүүгээ буулга гээд яриад сууж байна. Үүнээс төсвийн бодлого хариуцсан Засгийн газар мөнгөний бодлого хариуцсан УИХ хоорондоо ямар ч уялдаагүй ажиллаж байгаа нь харагдаж байна. Энэ хоёр уялдаж байж л үр дүн гарна.

-Засгийн газар 5.1 их наяд төгрөг зарцуулна гэдгээ мэдэгдчихлээ. Их хурлаас зөвшөөрөл авахгүй шийдэх эрх Засгийн газарт бий юү. 1.2 их наядаас дээш бол УИХ-аар хэлэлцүүлнэ гэдэг хууль байгаа шүү дээ?

-Төсвийн тухай хуулийн 34.1.2 дээр ДНБ-ий гурван хувиар орлого зарлага, өөрчлөгдвөл тодотгол хийнэ гэдэг үүрэг Засгийн газарт бий. ДНБ-ий гурван хувь гэдэг бол 1.2 их наяд гэсэн үг. Энэ жилийн ДНБ 40 их наяд төгрөг. Үүний гурван хувь нь 1.2 их наяд төгрөг.

-Төсөвтөө тодотгол хийхгүй гэж Сангийн сайд удаа дараа мэдэгдээд байгаа шүү дээ?

-Төсөвтөө тодотгол хийхээс өөр аргагүй. Хийх үүрэгтэй. Тэгэхээр төсвийн тодотгол хүссэн хүсээгүй хийнэ. Ингэхдээ мөнгөний бодлогоо бас өөрчлөх хэрэгтэй. Өндөр хүүтэй зээлтэй компаниуддаа УИХ гишүүдийн авсан шиг гурван хувийн хүүтэй зээл олго. Ийм хоёр ялгаатай эдийн засгийг аврах төлөвлөгөө байна. Энэ хоёроо чуулган эхлэхээр нийлүүлээд хэлэлцэнэ биз. Тав хоногийн дараа чуулган эхэллээ.

-УИХ-ын чуулганыг цахимаар хуралдуулна гэж Их хурлын дарга хэлээд байгаа. Гэтэл онлайнаар хуралдах техникийн ч, хууль эрх зүйн ч боломж байхгүй гэж гишүүд нь хэлээд байгаа. Чуулган цахимаар хуралдах боломжтой юу?

-Маскаа зүүгээд зааландаа хуралдана биз. Гар барихгүй, маскаа зүүгээд хуралдахад ямар ч асуудал байхгүй. Ер нь чуулганыг цахимаар хуралдуулах эрх зүйн боломж байхгүй байх. Байнгын хороо бол болно.

-Ярилцсанд баярлалаа

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: itoim.mn

Шинэ мэдээ
Их уншсан