Б.Золбаяр: Гадаадад сурч, ажиллаагүй ч гэрээсээ Лондонд ажилладаг болсон

Хүмүүсийн амьдралыг гэрэл гэгээтэй басхүү сонирхолтой түүхийг хуваалцдаг Life is булангийн шинэ дугаарын зочноор гадаадад боловсрол эзэмшиж байж л гадны компанид ажилладаг гэсэн олон залуусын бодлыг өөрчилж, Баянзүрх дэх гэрээсээ гадаадын компанид ажилладаг болсон Б.Золбаярыг оролцууллаа.

 

 

 

Өвөр Монголын Тэнгэр гэдэг дуучны нэгэн дуунд “хүмүүс диваажинг холоос хайх юм, диваажин чинь дэргэд байна” гэдэг.

Хүмүүс аз жаргал, сайхан амьдрал, зорилго гээд ихэнх зүйлийг их холоос хайдаг. Гэтэл яг үнэндээ эргэн тойрноо сайн харах аваас хүссэн бүхэн нь дэргэд байх үе бий.

Программ бичиж ер гавьдаггүй ээ. Бичих гэж оролдсон ч мөн чанарыг нь ойлгоогүй байсан болохоор мэргэжлээ солих талаар хэсэг эргэлзсэн ч гурван жилийг ардаа орхисон болохоор сууриас нь сурахаар шийдэж сайн ч нухсан даа. Гэхдээ л тэр үед хангалттай “нухаагүй” байж. Ингэж явсаар л оюутан нас өнгөрчихсөн.

Сургуулиа төгсөөд Монголын томоохон компанид ажлын ярилцлагад ороход “Хэр удаан ажиллах вэ?” гэхэд нь гурав, дөрвөн жил ажиллаад гадагшаа явж сурах бодолтой” гэж үнэнээ л хэллээ.

…Ажлаа сайн хийж чадахгүй ээ. Гүйцэтгэлээсээ сэтгэл ханамж авдаггүй, компанидаа оруулж буй хувь нэмэр ч байхгүй нэг мэдсэн амралтын өдрийг л хүлээдэг Золбаяр болчихсон байв…

Одоо бодоход ямар гэгчийн өрөвдөлтэй бодолтой нэгэн байсан юм бэ дээ. Гадаад гэж үлгэрийн газар байдаг, тэнд л сурчихвал хүссэн ажлаа хийгээд сайхан амьдрах нь гэж бодож явсан хэрэг.

Харин энэ үед охинтой болсон минь өөрийгөө дайчлах маш том түлхэц болсон. Хичээхгүй л бол энэ янзаараа яваад байж хэрхэвч болохгүйг 5 мэдрэхүйгээрээ мэдэрч 2015 оны сүүлээс эхэлж, өөрийгөө өөрчлөхөөр шийдэж билээ.

8 цаг ажиллачхаад орой ядарч ирээд дахиад юм хийх гэхээр толгой ажиллахгүй, оройн цагийг эхнэр хүүхдэдээ зориулах хэрэгтэй тул өглөөг л өөрийгөө хөгжүүлэхэд зориулахгүй бол зав гардаггүй ер байв.

Тиймээс эрт босож, өөртөө цаг гаргаж ном уншиж, мэдэхгүй зүйлээ судалж, өглөөний цагийг маш сайн ашиглаж сурсан.

Бусад ажилчид оногдсон ажлаа дуусгачхаад сошлаар сэлгүүцэх зуур би компанидаа хэрэгжүүлж болох, шинэ бүхнийг судалж, туршдаг байлаа

Монголын ахлах программистын цалинг дор хаяж 40 жил үрэлгүй цуглуулбал санхүүгийн эрх чөлөөнд хүрч болно гэдгийг бодохын төдийд яс хавталзах ч одоо хийж байгаа ажилдаа зүрх сэтгэлээ зориулбал хариу нь хэзээ нэгэн өдөр ирнэ гэдэгт итгэдэг байв.

Компанийнхаа дотоод мэдээллийн урсгалыг сайжруулах, ажилтнууд хамтран ажиллахад илүү таатай болгоход туслах хоёр төслийг хэн ч надад даалгаагүй байхад хэрэгжүүлэв. Энэ зуур маш их зүйлсийг сурч авсан.

Даалгасан ажлыг л хийгээд урсгалаараа явбал хэзээ ч хөгжихгүй. Илүү цагаар сууж ажилладаггүй юм аа гэхэд ядаж л ажлын 8 цагийг компанидаа бүрэн зориулах хэрэгтэй. Учир нь компани амжилттай байж л би сайхан амьдрахыг ухамсарласнаар удирдлагадаа ч үнэлэгдэж эхлэв.

Монгол компанид ажиллах хугацаанд товчхондоо ахиад нэг их сургууль төгссөний дайтай л ур чадвар, төлөвшлийг эзэмшсэн гэх үү дээ.

Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард төсөлтэй холбоотой судалгаа хийж байгаад цагийн ажлын зар гадны сайтаас харж, зайнаас ажиллах анхны төслөө авч байв.

Төслийг гурван хоногийн хугацаанд гүйцэтгэх байтал цагтаа амжихгүй, хугацаагаа сунгуулж, багагүй оролдсоны эцэст захиалагчийнхаа ажлын ард арайхийн гарсан.

Англиар ном их уншиж, аудио ном сонссоны ачаар унших, бичих чадвар сайжирсан хэдий ч ичимхий, дээрээс нь англиар ярих шаардлага өмнө нь огт гарч байгаагүй болохоор “ярихгүй, зөвхөн мэйлээр харилцана” гэсэн ганц болзолыг ажил олгогчдоо тавьж байлаа.

Харин хийсэн ажил маань захиалагч компанид таалагдсан хэрэг, үргэлжлүүлэн ажиллах санал ирж,Blueprint гэх программ хангамжийн компанид бүтэн цагийн фрийлансер болсон юм.

Ажлын минь хөлс дансанд орж ирсэн эсэхийг байсхийгээд л шалгана. Төд удалгүй дансанд минь доллар орж ирсэн тэр үеийн сэтгэл хөдлөл санаанаас ер гардаггүй юм.

Гурван хоног гэрээсээ ажиллаад сарын цалингаа олчихож байхад найман цаг оффист суух хэрэг юусан билээ?

Ингээд гурван жилийн минь хөдөлмөр, төсөөлөл минь биеллээ олж, хийж буй системүүдээ хүлээлгэн өгч, ажлаасаа гарав.

Хамгийн гол нь англи хэлний оноо, глобал компанид ажилласан туршлагатай байх шаардлагагүй, өгөгдсөн ажлыг заасан хугацаанд нь хариуцлагатай гүйцэтгэдэг, тодорхой хэмжээнд англиар төвөггүй ойлголцчихдог, харилцааны багахан соёлтой байхад зайнаас ажил олж болдгийг олж мэдлээ.

Харин одоо өдөр бүр Хятад болон Франц хэлээ сайжруулахаар хүүхдийн ном уншиж, шинэ зүйлс судалж, хийж буй ажилдаа сэтгэлээ зориулж, цаг хугацааг утга учиртай өнгөрөөж байна.

Залуус ахиу мөнгө олохын тулд заавал гадаадад хар ажил хийх эсвэл гадаадад дээд сургууль төгссөн байх шаардлагагүй, корпорацын шатаар мөлхөх ч хэрэггүй гэдгийг ойлгосон.

Оффист ажилладаг байхдаа өглөө ажилдаа явах, гэртээ харихдаа тус бүр 40 орчим минут, мөн үдийн цайны нэг цаг гээд нийтдээ бүтэн 2 цагийг дэмий өнгөрүүлдэг байжээ.

Зайнаас ажилладаг болсноор энэ мэт дэмий зүйлд зарцуулдаг цагаа хэмнэж, хамгийн чухал гэж үзсэн зүйлдээ их цаг зарцуулдаг болсон.

Гэрээсээ ажиллахдаа заримдаа төвлөрч чадахгүй үедээ өөртөө зохиосон дүрмээ мөрддөг. Мөн өнгөрсөн зунаас хойш өдөр тутамдаа помодоро техникээр буюу 25 минут төвлөрөөд 5 минут амрах байдлаар ажиллах аргыг хэрэгжүүлж буй.

Хүний сэтгэл гэдэг их тогтворгүй болохоор нэг бол өнгөрсөн рүү эсвэл ирээдүй рүү бодол тэнэж одно. Толгойгоо ажиллуулах, хүндхэн шийдвэр гаргах шаардлагатай үед оюун санаа зугтах гэж үзнэ.

Энэ мэтийн зүйлсээс сэргийлэхийн тулд тогтмол бясалгадог болов. Өглөө 10-15 минут, өдрийн хоолны дараа мөн ижил хугацаанд бясалгадаг. Стресст амархан автах гээд байдаг учраас бясалгал тайвширч төвлөрөхөд их тустай.

 

Өдөр тутмын ажил маань ур чадвар, тэвчээр сорьж, өөрийгөө чамламаар, шантармаар үе ч цөөнгүй тохиолдоно. Энэ л үеүд надад хамгийн том ташуур болдог.

Эдгээрийг давж гарсны дараа маш их зүйлийг сурч, хамгийн том өсөлтийг хийсэн байдаг болохоор би сорилтод их дуртай.

Хэчнээн завгүй байлаа ч өдөр тутамдаа хийх дуртай эсвэл зорьсон зүйлсийнхээ хэлтэрхийг ч болов хийх хэрэгтэй. 

Тэгж чадваас тухайн өдөртөө аз жаргалтай байна. Энэ нь үлдсэн амьдралаа аз жаргалтай туулах суурь нь болдог гэж боддог.

Тэгэхгүй бол “Х” гэсэн зорилго тавиад ирээдүйд би ийм л зүйл хийж, аз жаргалтай амьдарна гэдэг нь өөрөө утгагүй.

Зорилгодоо хүрэхийн тулд жижигхэн алхмуудад хувааж, түүнийгээ өдөр бүр заавал хийж хэвших хэрэгтэй. Энэ алхмуудыг дадал болгоод түүнээсээ сэтгэл ханамж авдаг болчихбол өнөө том зорилго тань ойртоно.

Тухайлбал, би 2009 оноос блог нээж манга орчуулж эхэлж байлаа. Харин блогоо 2016 оноос хойш идэвхтэй хөтөлж эхэлсэн.

Хоёр жилийн өмнөөс англи хэлээ сайжруулахаар англи хувилбараар бичдэг болов. Анхандаа өдөрт ганц өгүүлбэр бичдэг байв. Тэр ганц өгүүлбэр яваандаа блогийн бичвэр болж хувирсан хэрэг.

Хүмүүс зорьсон зүйлээ холоос хайгаад эхлэхээрээ ажил, амьдралдаа сэтгэл гаргахаа больдог юм шиг ээ. Ийм хандлагатай байвал урдах ажил нь зүгээр л “нэг зүйл” болж хувирдаг.

Гадагшаа л явчихвал, тэнд очоод сурч эсвэл ажиллавал бүх зүйл сайхан болчих юм шиг санагддаг. Гэтэл түүндээ хүрсний дараа бас л нэг зүйл болохгүй болж эхэлдэг.

Түүнийгээ бас л алсаас хайна. Энэ мэтээр эцэс төгсгөлгүй хүслийн “цалам”-нд хүмүүс амьдралаа зориулдаг юм шиг санагддаг. Тиймээс диваажин гэгч ойрхон, дэргэд  тань юм байна гэдгийг эртхэн ойлгож, олоод  харчих юм бол амьдрал илүү утга учиртай болох байх…

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан