2020 оноос эхлэн хэрэгжүүлэх судалгааны төслийн сонгон шалгаруулалтыг зарлалаа

 

1.         Ерөнхий мэдээлэл

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам (ШУТЯ) хооронд байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2020 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна:

-           Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 11 дугаар сарын 24-ний өдөр

-           Төсөл хэрэгжих хугацаа: 3 жил

-           Монголын талын төслийн санхүүжилт:  жилд 26,700,000 төгрөг хүртэл

Монголын талын төслийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх журам” (2018 онд өөрчлөлт орсон), Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан “Шинжлэх ухаан технологийн төслийн төсөвт өртөг зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/696 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах аргачлал”-ын дагуу сонгон шалгаруулна.

2.         Төсөл хэрэгжүүлэгч

2.1.      Төслийн удирдагч, төсөл хэрэгжүүлэгч нь “Шинжлэх ухаан, технологийн төсөл сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх журам”-д заасан шаардлагыг хангасан байна.

2.2.      Төслийн удирдагч нэг, төсөл хэрэгжүүлэгч нь хоёроос дээш төсөлд оролцож болохгүй.

2.3.      Төсөл мэдүүлэх үед ШУТЯ-тай өмнө хэрэгжүүлсэн төслийн тайланг хугацаандаа өгөөгүй байгаа төслийн удирдагч шинээр төсөл мэдүүлэх эрхгүй болно.

2.4.      Төслийн удирдагч нь багийн гишүүдийг төлөөлж төсөл мэдүүлэх ба төсөл сонгон шалгарсан тохиолдолд төслийн багийг төлөөлж захиалагчтай харьцах, гэрээ байгуулах, төслийн явцын болон эцсийн үр дүнг тайлагнах, төсөлтэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдийн өмнө төлөөлж үүрэг, хариуцлага хүлээнэ.

2.5.      Төсөл хэрэгжүүлэгч багийн гишүүн бүр төслийн бүрэлдэхүүнд орохдоо дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байна:

2.5.1.   Сонгон шалгаруулалтын нөхцөлтэй танилцаж хүлээн зөвшөөрсөн байна;

2.5.2.   Төслийн агуулга нь өмнө хийж байсан судалгааны ажлын агуулгатай ижил байж болохгүйгээс гадна улсын болон арилжааны нууцад хамаарах мэдээлэл агуулаагүй байна;

2.5.3.   Төсөл хэрэгжүүлэх дотоодын болон гадаадын багийн бүрэлдэхүүнтэй танилцсан байна;

2.5.4.   Шинжлэх ухаан, технологийн сангийн Эрдэм шинжилгээний ажилтны мэдээллийн санд бүртгүүлсэн эсвэл ORCID дугаартай байна. Төсөл мэдүүлэх үеийн мэдээлэл иж бүрэн бөгөөд шинэчлэгдсэн байвал зохино.

2.5.5.   Цахим хуудсанд бүртгүүлсэн мэдээлэл болон 2.5.4-т заасан мэдээллийг төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор ашиглахыг хүлээн зөвшөөрсөн байх.

 

3.         Төслийн бүртгэл, төсөлд тавигдах шаардлага

3.1.      Монголын талын төслийн саналыг БСШУСЯ, хятадын талын төслийн саналыг ШУТЯ тус тус хүлээн авна. БСШУСЯ-д мэдүүлэхдээ дараах төслийн мэдүүлгийн маягтыг ашиглана  mecss.gov.mn/шинжлэх ухаан/грант,тэтгэлэг,төсөл/гадаадтай хамтарсан төсөл/төслийн мэдүүлгийн маягт.

3.2.      Монгол, хятадын судлаачид өөрсдийн төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна.

3.3.      Хамтарсан судалгааны төсөл хоёр талын сонирхолд нийцсэн судалгааны төсөл байх ба дараах салбаруудад хэрэгжинэ:

(01) газар тариалан, мал аж ахуй, (agriculture and animal husbandry);

(02) логистикийн тогтолцоо болон хил дамнасан э-арилжаа, (logistics system and cross-border e-commerce);

(03) усны хүрээлэн буй орчны хамгаалал, (water environmental protection);

(04) уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалт, (comprehensive utilization of mineral resources)

(05) анагаах ухааны биотехнологи, (biological medicine).

 

3.4.      Төслийн нэрийг монгол, англи хэлээр бичих ба англи нэр нь хятадын талд мэдүүлсэнтэй ижил байна.

3.5.      Төслийн мэдүүлгийг цахим хэлбэрээр http://project.edu.mn цахим хуудсаар мэдүүлэх ба баталгаажуулан хэвлэсэн нэг хувийг БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газарт хүргүүлсэн байна. Хэвлэмэл хувийг буцааж олгохгүй.

3.6.      Төслийн мэдүүлгийг дээрх цахим хуудсаар нэг удаа бүртгүүлэх ба “хадгалах” товчийг дарснаар 4 оронтой бүртгэлийн дугаар олгогдоно. Төслийн мэдээллийг бүрэн оруулж, нягталсаны дараа “илгээх” товчийг дарснаар сонгон шалгаруулалтад оролцох эрх нээгдэнэ.

3.7.      Төслийн агуулга нь төсвийн санхүүжилт болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн төслүүдтэй агуулгын хувьд ижил байж болохгүй.

4.         Төслийн сонгон шалгаруулалт

4.1.      Монголын талд бүртгүүлсэн төслийг сонгон шалгаруулалтад дараах тохиолдолд оролцуулахгүй:

– Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аливаа байгууллагаас өмнө нь санхүүжилт авч байсан төсөл;

– Монгол Улсын төсвөөс санхүүжигдэж байгаа судалгаа-шинжилгээний ажилтай ижил нэртэй эсвэл давхардсан агуулгатай төсөл;

– оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан мэдээллийн эзэмшигчээс зөвшөөрөл аваагүйгээр ашигласан төсөл;

– улсын болон арилжааны нууцын мэдээлэл агуулсан төсөл;

– зард дурдсан нөхцөл, шаардлагыг биелүүлээгүй;

– ШУТЯ төслийг бүртгэхээс татгалзсан болон ШУТЯ-д тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй.

4.2.      Сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн төслийг төслийн сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэр гарахаас өмнө БСШУСЯ, ШУТЯ болон гуравдагч этгээдээс зарлан явуулж буй өөр төслийн сонгон шалгаруулалтад дэвшүүлж болохгүй.

4.3.      Төслийн сонгон шалгаруулалтыг БСШУСЯ болон ШУТЯ өөрсдийн холбогдох журмын дагуу тусдаа явуулна.

4.4.      Зөвхөн сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан төслийн удирдагчид энэ тухай мэдэгдэнэ.

4.5.      БСШУСЯ болон ШУТЯ-ийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй төслийг эцсийн сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.

4.6.      Хоёр талын бие даасан сонгон шалгаруулалтын дүнг харгалзан эцсийн шийдвэрийг 2020 оны 2 дугаар улиралд багтаан БСШУСЯ болон ШУТЯ  хамтран гаргана

4.7.      Төсөл хэрэгжүүлэгч, төслийн мэдүүлэг болон сонгон шалгаруулалтын мэдээлэл нууц байна.

4.8.      Эцсийн сонгон шалгаруулалтад тэнцсэн төслийн удирдагчид төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулах эрх олгогдоно.

4.9.      Хоёр талын дэмжлэг хүлээсэн, гэрээ байгуулсан төслийн санхүүжилтийг БСШУСЯ болон ШУТЯ хариуцна. Монголын судлаачдын зардлыг БСШУСЯ, хятадын судлаачдын зардлыг ШУТЯ санхүүжүүлнэ.

4.10.    Төслийн санхүүжилтийг жилээр олгоно.

4.11.    Явцын тайлангийн үр дүн болон явцын тайлангийн үр дүнг үндэслэн төслийг дараа жил үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, санхүүжүүлэх шийдвэрийг гаргана.

4.12.    Төсөл хэрэгжүүлэгчид төслийн эцсийн тайланг хүлээлгэн өгөхөөс өмнө хятадын судлаачидтай хамтран олон улсын сэтгүүлд төслийн үр дүнгийн талаар нийтлүүлэх үүрэг хүлээнэ. Эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэхдээ БСШУСЯ болон ШУТЯ-ны дэмжлэгийг заавал дурдсан байна. Тухайлбал: «The reported study was funded by MECSS of Mongolia and MOST of P.R. of China according to the research project № 19-51-2001».

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГЫН ГАЗАР

утас: (51) 263181, цахим хаяг: baterdene@mecs.gov.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан