“Тэд” суллагдаж, бид айж байна 

 

...Өнөөдөр баахан хоригдол суллагдаж байгаа гэнэ шүү, болгоомжтой яваарай. Орой үдэш, охин хүүхдээ аль болох битгий гаргаарай, нөгөө хэд чинь суллагдаж байгаа шүү... 

Ийм анхааруулга хаа сайгүй сонсогдов. Та ч бас нэгийг бодож л байгаа байх. Мэдээж болгоомж илүүдэхгүй. 2500 гаруй хоригдол нэг л өдөр суллагдаад гараад ирнэ гэхээр үнэндээ аймаар ч байлгүй. Уг нь бол өчигдөр уржигдраас л өршөөлд хамрагдагсад суллагдаж эхэллээ гээд байгаа болохоос уг нь Өршөөлийн хууль /бүтэн нэр нь их урт, Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль гэдэг нэртэй/ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг буюу аравдугаар сарын 29-нд батлагдсан. Хууль батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр хэрэгжих учраас аль дээр халуун зунаар Өршөөлийн хууль батлагдахад л “бэлтгэлээ хангачихсан” байсан хорихынхон ч бараг л маргааш нь шахуу хоригдлуудаа суллаж эхэлсэн байх магадлалтай шүү дээ.

 

Таксины жолоочтой "буу халсан" яриа

-Нөгөө хэд чинь хаа сайгүй явж байна шүү /өршөөлөөр суллагдсан хүмүүсийг хэлж байгаа аж/

-Хаагуур? Суллаад эхэлчихсэн бил үү?

-Ааль дээр.

-Өө тийм үү. Та яаж мэдэв?

-Мэдэлгүй яахав , наад суудал дээр чинь /таксины арын суудал/ сууж байхад л энерги нь мэдрэгддэг юм шүү дээ.

-Муухай харцтай, муухай энергитэй гэж үү?

- Хулмалзаа л гилбэлзээ л, тэгснээ ийш тийш харж сонирхоо л ....Байшин, машин сонирхож хараад л, хөөрөөд байгаа юм шиг мөртлөө, яриа нь эвлэхгүй түг таг гээ л. Хөөрхий байдгаараа л эвтэйхэн харагдаж, эвтэйхэн харьцах гэж хичээгээд байгаа бололтой. Гэхдээ л “биш шүү”. Эвгүй харьцвал бас эвгүй.   Өмнөөс нь жаахан муухай аашилбал хутга шөвөг ч гаргаад ирж магадгүй.

Таксины жолооч хорих ангийн нэг барилга дээр ч билүү инженерээр ажилладаг байсан учраас “тэд”-нийг сайн мэддэг аж. Бааранд нэг “эвгүй” нөхөр найзтай нь маргаж эхлэхэд гараас нь бариад автал чулуу шиг булчинтай нөхөр байж. Царай нь хөрзгөрдүү, нас тавь гарсан баймаар атал хар ажил хийсээр бие нь чивчирсэн, харц гүйлгэр. Тэгэнгүүт нь “Чи одоо саяхан суллагдчихаад боль л доо, өнөөхөө л хийж явах юм, ухаантай байгаач” гэсэн чинь “За” гээд дуу нь сулраад эргээд явчихсан гэнэ. “Бодвол намайг цагдаа, засангийн эвгүй гаруудын нэг” гэж бодоо биз” гэж таксины жолооч, жолоогоо эвлэг мушгин, бас мушилзана. Зам үргэлжилсээр

-За даа тэгээд нэгэнт “сурчихсан” хүмүүс чинь “сурсан” ажлаа л хийдэг юм даа. Ихэнх нь эргээд л орно. Засанд Дамба гээд нэг нөхөр байсан юм. Яриа хөөрөө эвлэг, ухаантай, мундаг залуу. Яаж яваад шоронд орчихсон юм бол доо, хөөрхий гэж боддог байсан. Зун тааралдлаа, “Суллагдсаан, одоо хүн шиг амьдарна аа” гэж байсан. Саяхан засангийн нэг хүнтэй таарсан, Дамба буцаад орчихсон сурагтай. Сурсан “ажлаа” хийчихсэн хэрэг л дээ.

-Ямар “ажил” хийдэг юм бэ?

-Хутгаар л хүн “шоглочих” гээд байдаг нөхөр л дөө.  Ер нь тэгээд цаадуул чинь хийдгээ л хийнэ. Үгүй тэгээд гарч ирээд бас амьдарчих гээд л үзнэ л дээ. Тэгээд одоо амьдрал ямархуу байгаа билээ, харж үздэг ах дүүстэй нь ч хэр билээ. “Тэд”-энд битгий хэл, надад ажил олдохгүй, ингээд л такси бариад явж байна шүү дээ. Хэчнээн ч юм хугацаагаар хоригдчихсон хүн л юм чинь баар саванд ормоор, хүүхэн шуухан эргүүлмээр л санагддана. “Тэд”-нд тэгээд ямар юмных нь ч мөнгө байх вэ, орон шоронд суусан, яриа хөөрөө, царай зүс эвдэрчихсэн хүнтэй ямар л бүсгүй аятайхан харьцав л гэж. Тэгээд л сурсан ажлаа хийгээд л сурсан аргаараа “аваад” л явчихна шүү дээ.

-Архийг бол хулгайлаад л хүүхнийг бол хүчиндээд л үү?

-За даа бараг л шүү. Охин хүүхдээ ер нь орой үдэш битгий гаргаарай. Та ч гэсэн болгоомжтой яваарай.

Залуухан, инженер мэргэжилтэй, “халтуурчин” жолооч ийн хэлсээр хоцров. Нээрээ ч 30 дөнгөж шүргэж яваа, инженер залууд ажил олдохгүй байна гэхээр...

Өдгөө 2000 гаруй хоригдлыг “бага бага”-аар цувуулан хорихоос суллаж байна. Эрүүгийн нөхцөл байдал хүндэрнэ гэж цагдаагийнхан ч анхааруулж байна. Хүмүүс бол аль хэдийнэ айгаад эхэлчихсэн. Эвгүйхэн харагдсан хүнээс зугатмаар ч юм шиг. Гэтэл “тэд” ч бас эрх чөлөөтэй “хүн” шиг амьдрах хөлөө олж тэнцэж ядаж байгаа байх даа гэж өрөвдмөөр.   

Яамаар ч юм бэ дээ, бодвол, тэсч тэвчиж, тэмцэж амьдарч чадах нь нарандаа үлдэж, ихэнх нь эргээд “нарс” руугаа явах байх даа, хөөрхий. “Хөл”-д хүний амь нас, эрүүл мэнд үрэгдэх вий дээ, та ч бас болгоомжтой байгаарай.

А.Туяа

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан