Банкуудын зээлийн хүүг бууруулахгүй бол тэмцэнэ гэв

Банкуудын зээлийн хүүг бууруулахгүй бол тэмцэнэ гэв

 

Арилжааны банк болон ББСБ-уудын зээлийн хүү хэт өндөр байгааг эсэргүүцэж, Зээлдэгчдийн холбооны зүгээс мэдээлэл хийлээ. Ингэхдээ тэд банкууд зээлийн хүүгээ бууруулахгүй бол тэмцэнэ гэдгээ мэдэгдэж, уг тэмцэлд зээлтэй иргэд болон өндөр настангууд, бизнес эрхлэлдэг бүх хүмүүсийг нэгдэхийг уриалав. 

Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц. Солонго "МУ-ын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгэм, хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн 30 жил болж байхад манай төр Үндсэн хуулийн энэ үүргийг биелүүлж чадахгүй байна. Тиймээс зээлтэй иргэд бид өөрсдөө нэгдэх гэж байна. Учир нь арилжааны банк бол хувийн компани. Энэ хувийн компаний мөлжлөгийг УИХ, Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо аль нь ч дийлэхгүй байна.

Монгол улс дэлхийн хамгийн өндөр хүүтэй 10 улсын нэг хэвээрээ байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 онд гаргасан мэдээнээс үзэхэд арилжааны банкны жилийн хүү 25 хувь, ББСБ-ын жилийн хүү 38,4 хувь, Хадгалаж зээлийн хоршооны жилийн хүү 34,8 хувь, ломбард 42 хувьтай байна.  Өдрийн зээл бүр дийлдэхээ байсан. Өдрийн 10 хувь. Энэ бол үнэхээр хэмжээ хязгааргүй мөлжлөг. Арилжааны банкнаас 740,000 гаруй зээлдэгч, ББСБ-аас 234,000 гаруй зээлдэгч байна.

Эдгээр хүмүүсийн эрх ашгийг хэн хамгаалах юм бэ. Манай зээлдэгчдийн холбоо бол энэ хувийн компаниудын эсрэг хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд өөрсдөө тэмцэх естой юм байна гэдгийг хатуу ойлгосон. Хэлтэй амтай бүхэн зээлийн хүү хэтэрхий өндөр байна гэж ярьж хэлж байгаа ч хийж хэрэгжүүлж байгаа зүйл алга. Харин бид үүний эсрэг тэмцэх гэж байна. Зээлтэй иргэд болон, аж ахуйн нэгжүүд бидэнтэй нэгдээсэй гэж хүсч байна. Хэрвээ нэгдэхийг хүсвэл 85458615 дугаарт болон “Зээлдэгчдийн холбоо” гэсэн фэйсбүүк пэйж хуудсанд холбогдон өөрийнхөө мэдээллийг өгөөд нэгдэх бүрэн боломжтой" гэв. 

Тэд тэмцлээ дараах гурван шаардлагын хүрээнд явуулна гэлээ. 

  1. Зээлийн хүүг бууруулах, үйлчилгээний хууль бус мөлжлөг явуулахаа зогсоох шаардлагыг холбооны зүгээс хүргүүлнэ. Хэрвээ арга хэмжээ авахгүй бол зээлдэгчид тэмцлийн дараагийн алхамд шилжинэ. Жагсаал, цуглаан зохион байгуулна. Шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн Банк болон ББСБ-уудыг шүүхэд өгнө. Зээлдэгчид зээлээ шилжүүлнэ.
  2. Өөрсдөөс үл шалтгаалсан нөхцөлөөс зээлээ төлж чадаагүй барьцааны эд хөрөнгөө хураалгасан иргэд, ААН-үүдийн эрх ашгийг хамгаалж тухайн банкийг шүүхэд өгнө.
  3. Иргэдэд харилцах данс нээж, картаар үйлчилж байгаа ч иргэдийн мөнгийг эргэлдүүлж ашиг олж байгаа. Үүнд хүү тооцуулна. Иргэд харилцах дансаа хадгаламжийн данс болгож түүндээ картын үйлчилгээг холбуулахыг мэддэггүй. Тиймээс мөнгөө зүгээр ашиглуулж байгааг иргэдэд ойлгуулна.

 Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Баянзүрх салбарын салбар зөвлөлийн дарга, бизнес эрхлэгч Ш. Мөнхцэцэг "МУ-д зээлгүй гэр бүл гэж байхгүй болжээ. Монголын зөвхөн 200-хан айл баян. Бусад нь ядуу, доод давхаргынхан. Дунд давхарга гэж байхаа больсон. Хүмүүс бизнес хийхийн тулд банкнаас зээл авдаг. Учир нь амьдрахын тулд, хоол хүнсээ авахын тулд. Гэхдээ банкны хүүнд дарагдсанаас болж эхлүүлсэн бизнес нь дампуурах тохиолдол олон. Би нэг айлын зээлтэй танилцсан юм. Гэтэл тэр айл  тэтгэврийн зээл, бизнесийн зээл, картын зээл, лизингийн зээл, банк бусын зээл гэсэн 6 зээлтэй байсан. Түүний хамгийн том зээл нь банкны 100 сая төгрөгний зээл. 100 сая төгрөг авсан ч хүүнд нь 81,8 сая төгрөг төлж байна. Нийлээд 180 сая. Тэгэхээр энэ хүнд юу үлдэх вэ.  Үнэхээр бухимдаж байна.  Бид  энэ тэмцлийг цусгүй дайн гэж үзэж байгаа. Зээлтэй иргэд, зээлтэй өндөр настангууд, зээлтэй бизнес эрхэлдэг бүх хүмүүс энд нэгдэж, тэмцээсэй гэж хүсч байна" гэв. 

П.Энххүслэн 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ