МОШОД АФОЛАБИ: НАМАЙГ МОНГОЛД ХУУРЧ АВЧИРСАН АГЕНТДАА ҮНЭХЭЭР ГОМДОЖ БАЙНА

МОШОД АФОЛАБИ: НАМАЙГ МОНГОЛД ХУУРЧ АВЧИРСАН АГЕНТДАА ҮНЭХЭЭР ГОМДОЖ БАЙНА

 

Мэргэжлийн хөлбөмбөгчин болох, томоохон клубт хүчин зүтгэх мөрөөдөлдөө хөтлөгдөн Монголд ирсэн Нигерийн тамирчин Мошод Афолаби тун хүнд байдалд байна. Манай улсын хөлбөмбөгийн лигт тоглуулахаар зуучилсан, нутаг нэгт Майкл гэгч эр түүнийг мэхэлжээ. Гадаадын томоохон лигийн хараанд өртөх боломж хайсаар, дэврүүн мөрөөдөлтэй ирсэн Мошод Афолабигийн визнийх нь хугацаа жилээр хэтэрчихсэн, эх орон руугаа буцах зардлын мөнгөгүй ёстой л нөгөө дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдэрч сууна. Визнийх нь хугацаа хэтэрсэн болохоор Монголд ажил хийх, аль нэг багт тоглох боломжгүй. Хүний нутагт хэнд хандах, юу хийхээ үл олж яваа түүний тухай “Аль-Жазира” агентлаг мэдээлсэн нь олны анхаарлыг ихэд татсан. Зарим хүн үүнд Монголын хөлбөмбөгийн холбоог, Мошод Афолабигийн гурван сар хүчин зүтгэсэн “Ховд вестерн ФС” клубийнхныг буруутгаж байгаа нь анзаарагдсан. Тиймээс бид Мошод Афолабитай ярилцан, уншигчдад үнэн, бодит мэдээлэл хүргэхийг зорилоо.

ВӨӨ ААВ ХОЁР НАДАД ТУСЛАХЫН ТУЛД ГАЗРАА ЗАРСАН

-Майкл Монголын лигт тоглуулах санал танд тавихад хэрхэн хүлээж авсан бэ. Тухайн үед юу болсон талаар сонирхуулахгүй юу?

-Би Майклыг сайн танина. Тэр танай улсын лигт тоглодог байсан. Үнэнийг хэлэхэд би анхандаа Монголын бус Мозанбекийн лигт хүчин зүтгэх сонирхолтой байлаа. Түүнийгээ Майклд хэлэхэд “Би Мозанбект тамирчин зуучилж, тоглуулсан. Цалин багатай, хөлбөмбөг тоглохын хажуугаар ажил хийх боломжгүй, дэмий юм билээ. Би Монголын лигийг сайн мэднэ, ихэнх клубийн удирдлагыг танина. Холбоод өгч чадна. Тухайн клуб чамайг сард 200 ам.доллараар цалинжуулаад, байр, хоол гээд бусад зүйлийг нь даана” гэсэн. Би түүнд итгэсэн, дажгүй санагдсан. Юу ч гэсэн Монголын лигт тоглоод үзье, гадаадын том багийн хараанд өртөж магадгүй гэж бодсон л доо. Монголын лигт хүчин зүтгэдэг нигер хөлбөмбөгчдөөс асуухад “Боломжийн, хүрээд ир” гэсэн. Майкл миний визийг гаргуулж, онгоцны тийз бичүүлэхийн тулд надаас эхлээд 1500 нира авсан. Өвөө, аав хоёр надад туслахын тулд газраа зарсан. Тэгээд би жуулчны нэг сарын визээр Майклын хамт өнгөрсөн оны тавдугаар сарын 10-нд Монголд ирэхдээ түүнд дахиад 1200 ам.доллар өгсөн. Гэтэл энд ирэхэд тэс өөр нөхцөл байдал угтсан. Би анхандаа юу болоод байгааг ер ойлгоогүй. Танай улсад ирэнгүүтээ клубтэй гэрээ байгуулна, өндөр цалин авна гэж бодоод ирсэн шүү дээ. Гэтэл байдал эсрэгээрээ эргэлээ. Яг юу болоод байгааг Майклаас асуухаар “Удахгүй зохицуулна аа” гэдэг байв. Асуудал эвгүйтсэнийг мэдсэн ч надад буцах зардал байгаагүй. Тийм хүнд нөхцөлд байхад “Ховд вестерн ФС” клубийнхэн надад тусалж, багтаа тоглуулсан. Тус  клуб мэргэжлийн, дээд лигийн баг биш тул намайг цалинжуулах боломж байгаагүй. Байр, хоол зэрэг бусад зардлыг минь даая гэсэн болохоор 2018 оны тавдугаар сарын 18-нд тэдэнтэй гэрээ байгуулаад тоглосон юм. Монголын хөлбөмбөгийн өнгөрсөн жилийн нэгдүгээр лиг хоёр сар орчим үргэлжилсэн. Тэгж явсаар миний гэрээ өнгөрсөн жилийн наймдугаар сард дуусав. Би “Ховд вестерн ФС” багт тоглосондоо сэтгэл хангалуун байна, 20 гаруй гоол оруулсан. Аав, өвөө хоёр минь надад ямар их итгэж, найдаад явуулсан билээ. Гэтэл ийм юм болчихлоо. “Ховд вестерн ФС” клубтэй байгуулсан гэрээ дууссанаас хойш нэг найзтайгаа хамт байр түрээслэн амьдарч байна. Найз минь нигер, бас визнийх нь хугацаа дуусчихсан. Миний визний хугацаа дууссан болохоор ажил хийх, аль нэг багт тоглох ямар ч боломжгүй. Хуулиндаа хориотой болохоор ямар ч аргагүй. Өнгөрсөн хугацаанд юм юм л хийлээ. Барилгын туслах, угаагч гээд хийж үзээгүй ажил ховор үлдсээн. Хөлбөмбөг тоглохоос өөр чадах юмгүй, мэргэжилгүй болохоор бүр ч хэцүү юм. Би хувь хүнээр дамжуулаад танай улсад ирсэн болохоор Монголын хөлбөмбөгийн холбоо буруугүй.

-Нутаг руугаа явснаас нь хойш агент Майклтай холбоо барьсан уу?

-Тэр өнгөрсөн жил Монголын лигт тоглоод, дуусангуут нь эх орон руугаа буцчихсан юм билээ. Тэгснийг нь би тухайн үед мэдээгүй. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш түүнтэй ер холбоо барьж чадахгүй байгаа. Фэйсбүүк, твиттерээсээ миний хаягийг блоклочихсон. Түүнд үнэхээр гомдож байна.

-“Ховд вестерн ФС” багт тоглож байхад чинь таны визний хугацаа дууссан. Тухайн үед тэдэнд хэлсэн үү?

-Анхандаа хэлээгүй. Тэд бүр дууссаных нь дараа мэдсэн.

НАМАЙГ МАЙКЛ ХУУРСАН БОЛОХООС МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО, “ХОВД ВЕСТЕРН ФС” КЛУБ ЯМАР Ч БУРУУГҮЙ

-Визний чинь хугацаа дуусангуут яагаад сунгаагүй, Гадаадын иргэн харьяатын газарт хандаагүй юм бэ?

-Монголд манай улсын Элчин сайдын яам байхгүй. Визээ сунгуулахын тулд заавал өөр улсад очих учиртай юм билээ. Тийшээ явах зардал надад байхгүй. Үнэнийг хэлэхэд хэнд хэлэх, хаана хандах учраа олохгүй явсаар өдий хүрлээ. Визний хугацаа нэг хоногоор хэтрүүлэхэд хоёр ам.долларын торгуултай. Жил гаруй хэтрүүлсэн болохоор торгууль нь талийсан. Гадаадын иргэн харьяатын газарт хандвал намайг шууд бариад хорьчих байх. Тэгэхээс нь их айж байна. Би Улаанбаатар дахь НҮБ-ын салбарт хандаж, тусламж хүссэн. Тэгэхэд намайг Гадаадын иргэн харьяатын газарт хандахыг зөвлөлөө. Одоо ч гэсэн би яахаа мэдэхгүй байна.

-Танай тухай “Аль-Жазира” агентлаг онцолсон. Та тэдэнтэй хэрхэн холбогдов?

-Ийм хүнд байдалд орсон хүн чинь янз бүрийн гарц хайдаг юм байна. Би тус агентлагийн нэг сэтгүүлчтэй цахим хуудсаар холбогдон, учир байдлаа тайлбарласан юм.

-Тэр нийтлэлд “Ховд вестерн ФС” клубийн ахлагч Э.Цогбадрал та хоёрын хамт авхуулсан зураг нийтлэгдсэн юм билээ. Олон хүн түүнийг таныг луйвардаж гэж андуурч байгаа нь анзаарагдсан.

-Өө, тийм үү, яана аа. “Ховд вестерн ФС” клубтэй гэрээ байгуулсны дараа Э.Цогбадрал намайг фитнест үнэгүй хичээллэх эрхийн бичгээр шагнахдаа тэр зургийг авхуулсан юм. “Аль-Жазира”-гийн сэтгүүч тэр зургийг над руу чатаар явуулснаа “Энэ чи мөн үү” гэхэд нь би “Тийм ээ” хэмээсэн. Гэтэл тэр зургийг нийтлэлдээ оруулчихсан байна лээ. Энд нэг зүйлийг онцлохыг хүсэж байна. Намайг Майкл л хуурсан болохоос энэ асуудалд Монголын хөлбөмбөгийн холбоо, “Ховд вестерн ФС” клуб ямар ч буруугүй юм шүү.

-Та гэр бүлийнхэнтэй үргэлж холбоотой байдаг уу?

-Би ганц бие. Манай гэрийнхэн надад их тусласаан, байнга л мөнгө шилжүүлдэг байсан юм. Тэдэнтэйгээ холбоо бариагүй удаж байна. Би мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг үнэхээр мөрөөддөг. Гэтэл бүх зүйл талаар боллоо. Одоо надад эх орон руугаа л яаж буцах вэ гэдгээс өөр бодож байгаа юм алга. Монголд өвлийн улиралд үнэхээр хүйтэн байдаг юм билээ. Өнгөрсөн өвөл их зутарсан. Надад одоо автобусны ч мөнгө байхгүй. Байрны түрээсний мөнгөө арайхийж олж байна. Монголд тоглодог нигер хөлбөмбөгчид, “Ховд вестерн ФС” багийнхан надад тусладаг. Гадаадын лигт тоглох анхны оролдлого минь ингээд бүтэлгүйтлээ. Одоо яадаг юм бүү мэд. Өвөл болохоос л өмнө нутаг руугаа буцах юм сан.

Б.БУЯНДАЛАЙ

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ