Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмнэ

Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмнэ

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмнэ

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-ийн ажлын хэсэгтэй тохиролцсоны дагуу 2018 оны Улсын төсөвт төрийн албан хаагчдад олгохоор батлагдсан урамшууллын эх үүсвэрт багтаан төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр өнөөдөр Засгийн газраас шийдвэрлэлээ

Багш эмч нарын албан тушаалын үндсэн цалингийн доод жишигтэй дүйцэхүйц буюу тэдгээрээс бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар  нэмэгдүүллээ.

Харин эрүүл мэнд боловсролын салбарын албан хаагчдын цалинг ЭМЯ, БСШУСЯ, ХНХЯ-тай хамтран явуулсан ажлын байрны үнэлгээнд үндэслэн тогтоосон байна. Ажлын байран дахь ажлын ачаалал өндөр, уртасгасан цагаар ажилладаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл зэргийг нь харгалзан бага ангийн болон цэцэрлэгийн багш, эмнэлгийн сувилагч нарын албан тушаалын зэрэглэлийг 1-2 зэрэглэлээр ахиулж, цалинг 12,3-30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болов.

Соёл урлагийн салбарын ажилчдын хувьд цалин хөлс бусдаас харьцангуй доогуур байгаа учир салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн төрийн үйлчилгээний бусад ажилчдын төвшинд хүргэж цалинг 14-30 хүртэл хувиар өсгөхөөр болов.

Энэ удаагийн цалингийн нэмэгдэлд Төрийн албаны удирдах албан  тушаалтнууд, төрийн өндөр болон улстөрийн албан тушаалтан, шүүх, прокурорын албан хаагчид хамрагдахгүй.

Цалин нэмэгдүүлэх энэхүү арга хэмжээнд төрийн албан хаагчдын 92,4 хувь буюу 173,1 мянга нь хамрагдах бол тэдний 145 мянга нь 8 хувь, үлдсэн 28,200 нь албан тушаалын зэрэглэл, ажлын байрны үнэлгээ зэргээс шалтгаалан 30 хүртэл хувиар цалингаа нэмэгдүүлж авах юм.

Сум, дүүрэг бүрт Мал эмнэлгийн тасаг байгуулна 

Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хууль энэ оны зургадугаар сараас хэрэгжиж, Мал эмнэлгийн Ерөнхий газрыг Засгийн газрын тогтоолоор  байгуулсан. Үүнтэй холбогдуулан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд аймаг бүрт Аймгийн Засаг даргын Тамгын газарт Мал эмнэлгийн газар байгуулж, сум, дүүрэгт байх Мал эмнэлгийн үржлийн нэгжийг "Хөдөө аж ахуйн болон Мал эмнэлгийн тасаг" болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 

Сум, дүүрэгт Хөдөө аж ахуйн болон Мал эмнэлгийн тасаг байгуулснаар Монгол Улсын Засгийн газар нийт малынхаа эрүүл мэндийг хянах боломж бүрдэнэ. Малын гоц халдварт өвчний тархалтыг зогсоох, гарсан хойно нь биш урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон даяар жигд зохион байгуулах нэгдсэн бүтэцтэй болж байна. Боловсон хүчний нөөц хүрэлцээтэй, цаашид боловсон хүчнээ чадавхижуулж дахин сургахад анхаарч ажиллана гэж ХХААХҮ-ийн сайд мэдэгдэв. 

Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барина

Монгол Улс БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгтой 2016 онд “Ялтан шилжүүлэх гэрээ”, 2018 оны гуравдугаар сард “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийг тус тус байгуулсан юм.  

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Манай улс БНХАУ-тай “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, ”Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын хоорондын гэрээ”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын гэрээ”-тэй ч  эдгээр нь Хонконг болон Макаод үйлчилдэггүй юм. Сүүлийн жилүүдэд монгол иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, гэмт хэрэгт холбогдох болсон нь Хонконг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүдийг байгуулах шаардлагыг үүсгэсэн юм.

Тус хэлэлцээр нь 23 зүйлтэй, эрхзүйн туслалцааны хүсэлтүүдийг зүйл бүрээр зохицуулсан. Зардал эрх зүйн туслалцааны хүсэлтийн агуулга, харилцах төв байгууллагууд, хүсэлтийг биелүүлэхээс татгалзах үндэслэлүүдийг заасан байна. Хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгйин хэргйин мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм. 2018 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсын 35 иргэн Хонконгод ял эдэлж байна. 

Мөн “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар  хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов.

Товч мэдээ 

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг шинэчлэн баталлаа. Төрийн үйлчилгээг ард иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, цаг ашиглалтыг дээшлүүлэх зорилгоор “Төрийн цахим мэдээлэл солилцох системд холбох төрийн үйлчилгээний жагсаалт”, “Төрийн цахим мэдээлэл солилцох системийг ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний жагсаалт”-ыг тус тус шинэчлэн тогтоов

Мал Амьтны эрүүл мэндийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан “Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт”, “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг батлав. Хорио цээрийн дэглэм тогтоох өвчинд гахайн томуу, шувууны тахал, тэмээний цэцэг, адууны цэцэг, бог малын мялзан, боом зэрэг 23 өвчнийг нэрлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

31-08-2018, 10:15