МУИС-ийн оюутнууд жагсаж, өлсөхөд бэлэн гэв

 

МУИС-ийн оюутнууд жагсаж, өлсөхөд бэлэн гэв

Монгол Улсын их сургуулийн оюутны зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус сургуульд дүнгийн болон дипломын наймаа гардаг гэдгийг онцолж, хичээл зүтгэлээрээ сурч зохих дүнгээ авч байхад зарим нь дүнг худалдаад авч байгаа явдлыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.

БСШУСЯ-ын хяналт шалгалтын дүнгээр 2013 онд хоёр дүн, 2014 онд 221 дүн, 2015 онд 74 дүн, 2016 онд 70 дүн, 2017 онд 27 дүнг тус тус зассан байдаг аж. Мөн МУИС-ийн оюутнуудын дундах “Нэгдэл групп”-т МУИС-ийг төгсөхөд тусална гэсэн зар тавигдаж байгаа нь дүнгийн наймаа байгааг тодорхой харуулж байна хэмээн мэдэгдсэн юм.

Энэ сарын 22-нд дээрх асуудалтай холбоотойгоор Оюутны холбоо нь МУИС-ийн захиргаа болон удирдлагуудад албан шаардлага хүргүүлсэн байна. Албан бичгийн хариуд МУИС-ийн одоогийн удирдлага, бүтцээс өмнөх асуудал байна гэх хариуг энэ сарын 25-нд өгчээ. Оюутнууд дүн засах асуудлыг бүрэн зогсоохыг шаардаж байгаа аж.

Энэ талаар МУИС-ийн оюутны холбооны тэргүүн Н.Мандах хэлэхдээ “Юун түрүүнд, МУИС-д дүнгийн, дипломын наймаа болон хууль бус үйлдлүүд гарч байгаа нь нотлогдсон. Зарим оюутнууд өнөөдөр өдөр шөнөгүй хичээл номоо хийж, суралцаж, хөдөлмөрлөж дүн авч байхад хэсэг бүлэг хүмүүс мөнгөнийхөө хүчээр дүн худалдаж авдаг болчхоод байна. Энэ асуудлаар бид МУИС-ийн захирал, удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн. Энэхүү бичигтээ тодорхой хариу авч чадахгүй байгаа учраас өнөөдөр бид үргэлжлүүлэн дараагийн арга хэмжээндээ орохоор болсон нь энэ юм.

МУИС-д АТГ-аас дүн засдаг асуудлыг анхаарч ажиллахыг зөвлөсөн байдаг. Гэтэл энэ байдал засрахгүй үргэлжлэх юм бол оюутнууд бид дараагийн тэмцлийн арга хэмжээг авах болно. Оюутнууд бидний хамгийн том эрх ашиг бол зөвхөн үүн дээр нэгдэж байгаа. Бидний үйл ажиллагааг дэмжиж 400 оюутан гарын үсгээ зурсан. Цаашдаа ч нэгдэх байх. Оюутан бидний шаардлагыг биелүүлэхгүй бол цаашдаа жагсаж өлсөхөд ч бэлэн" гэлээ.  

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ