MADE IN MONGOLIA тусгаар тогтнолын баталгаа

MADE IN MONGOLIA тусгаар тогтнолын баталгаа

 

Нийтлэлч Д.Болдхуягийн нийтлэлийг хүргэж байна.

Монголчууд доллар, валютаар авсан хоол хүнс, эд бараа ихэд хэрэглэх учраас доллар, валютаар “бие засна”, биеийг халхална. Хонгон дээрээ хөх толботой төрөөд ноён Бенжамин Франклин, нөхөр Мао Зэдун нараар морь харж, мөр үзэх blue sky заяатай ажгуу. Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн мэдээ зангиас үзвэл даяар олноороо 28201 төрлийн эд таваар хэрэглэх ба үүнийхээ 281-ийг нь өөрсдөө үйлдвэрлэж байна. Эдлэх хэрэглэхийнхээ 99 хувийг хатуу валютаар авч буй манай монголчууд чухам алтан цээжтэй, мөнгөн бөгстэй улс болой.

Энгүй сайхан түүнд
Зуун зүрх тэмүүлж
Эцэс хойно нь болоход

Ерэн ес нь нь шархалдаг юм гэдэг шиг эх орны үйлдвэрийн бараа 99-д ганцхан тохионо. Жилдээ авч хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ өртөг нь дундчаар 2,6 тэрбум доллар. Үүний нэг тэрбум нь түлш шатахуунд Орос руу шилжүүлдэг төлбөр. Ахиад нэг тэрбумыг төмөр хийц, тоног төхөөрөмж, машин механизм, сэлбэг хэрэгсэлд зориулна. Булган, Сэлэнгэд ургадаг 22 төрлийн ногоо хольсон чех алаг салат, Архангайг хол гээд Австралиас далай дамнуулан авчирсан хуурай сүү, загас язганасан Эгийн голын эрэг дээр задалдаг лаазалсан орос жараахай мэтийн хоол хүнс, өргөн хэрэглээний эд бараанд 600 сая орчим доллар төлнө. Түүхий эд хямдхан гаргаад, болсон эд үнэтэй оруулна.

Монгол пуужин саран дээр буухгүй байж болно гэхэд айлаас атга гурил, балга сүү, амны цаас авахгүй байвал хэрэглээнийхээ боол биш, улсын дайтай улс болдог. Консервын лаазаа хийж чадахгүй өнгөрсөн гэж шоолдог коммунизмын үед 6000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол капитализмын үед үүнээсээ 25 дахин ухарсан байна. Хийх нь багасч, хэрэглэх нь ихэссэн байна.Ойгоо хяргаж дуусахаар буруу тооцоолсон Тосонцэнгэлийн модны үйлдвэр , хийц загвар муутай гутал гэх зэрэг ганц нэг жишээ татан Монголд үйлдвэр бүтэхгүйх эмээн батлах нутлах санаатай байдаг юм.

Тэгвэл Боря ах хочтой “Боргио” шар айраг, нэхий дээл, савхин хүрмэнд оросууд нүдээ өгөхөөс буцахгүй явсан үе бий. Наяад оны дунд үед зөвхөн Улаанбаатарын Махкомбинат нөөшилсөн мах, өлөн гэдэс, яс, цусны гурил зэргийг социалист орнуудад экспортолж жилд дангаараа 100 сая доллар олж байсан юм. Өнөөгийн ханшаар бол 250 тэрбум төгрөг. Хорин таван сая малтай байхдаа жилд 3 сая гогцоо өлөн гэдэс экспортолдог байсан бол өнөөдөр гурав дахин их сүрэгтэй мөртлөө 6 дахин багыг гаргаж байна.

Малаас гардаг маш их буяныг хаяж булах бөлгөө. Бараг мөрөөдлөөс ч чинагш балай их уналт.

Рояал, хятад спиртэнд хордох нь байтугай эх орондоо сая литрийг үйлдвэрлээд гадаадад зарчихдаг байжээ. Нэг хүнд нэгээс илүү архи зарж болохгүй, картын хязгаар, хяналтанд оруулахад 400 мянган литрийг экспортонд гаргаж байв. Монголд үйлдвэрлэсэн 2000 тонн чихэр, 1000 тонн гоймон, жигнэмэг, ундаа Зөвлөлт, Дорнод Европт ам сайтай, амт сайхантай бүтээгдэхүүнд тооцогдож байсан билээ.

Монгол цэрэг хятад гутал хөлдөө жийчихээд хил манадаггүй байсан. 17 тэрбум долларын үнэлгээтэй 360 үйлдвэр үүд хаалгаа барьж, хаалганд нь цоож зүүж, хашаанд нь шарилж ургаж, төхөөрөмжийг нь төмрийн хогны үнээр урагшаа ачуулж, 110 мянган хүн ажилгүй болсон. Мөхлийн тойрог, сүйрлийн зам болсон ганзагын эрин 27 жил үргэлжилж байна. Гаальтай машин яг хэвээрээ. Гахай, ганзага тэр янзаараа. Солонгосын үйлдвэрт ажиллах дугаар дараалал гундуу бөгөөд сунагар. Дархан, Эрдэнэт хотынхүн амтай тэнцэх их нүүдлээр гадагшаа гарсан 200 мянган монгол бол эдийн засгийн дүрвэгчид юм. Хийх ажил, авах цалин эрэн хайж бядан явах бэдрэгсэд юм. Ургамлын үндсээр хооллодог ямаа өсгөж, ухнын сексийг дэмжсээр эмзэг тогтоцтой эх нутгаа цөлжүүлэн байж, дэлхийн түүхий ноолуурын гуравны нэгийг гаргадаг ч зах зээлээс нь 3 хувийн буюу хусам нь ноогддог. Өрмийг нь гаргаад тогоог нь долоодог түүхийн эдийн түүх ийм.

Долларын ханш тогтохоо байлаа гэж гайхах хэрэггүй юм. Доллар гэдэг юмны ханш нь доллартайгаа цуг байдаг. Долларгүйгээрээ ханш нь тусдаа тогтдоггүй ажээ. Нэг доллар 2000 онд 1000 төгрөг, 2010 онд 1300 төгрөг байсан, өнөөдөр 2500. Эзэн Чингис хааны хөрөгтэй монгол төгрөг цагаас цагт цаас болж, эзэнт гүрний их түүх гэж цээжээ дэлдэвч 800 жилийн өмнө захирч явсан улс орнууддаа хүчир ажилд зүтгэж, биеэ үнэлж, эхэс ургаа хүртэл зулбуулан зарж амь зууж байгааг их нүүдлийн зам гэхгүй, их сүйрлийн мөр гэнэ.

Эдийн засгийн, оюун санааны, төрийн тусгаар тогтнолын хэмээх тулгын гурван чулуун дээр тулж байж улс үндэстэн хүчирхэг оршиж, хувь заяаныхаа эзэн нь байдаг гэж инженер Д.Жаргалсайхан хэлж байна. Хэлдэг хүн биш хийдэг хүн гэдгийг нь мэдэх нэг нь мэднэ. “Экобус” компанийн захирал, эрчим хүчээр хооллодог бага оврын автобус Монголд угсарч буй хүн. Бага оврын J-800 автобус нь 100 км-т мянган төгрөгний цахилгаан хэрэглэнэ. Нэг км-т 10 хан төгрөгний хоол иднэ. Ховд орох замыг 15 мянгаар, Москва хүрэх холыг 60 мянгаар туулна гэсэн үг. Оросын түлшээр биш Багануурын нүүрсээр, Дөрөвдүгээр цахилгаан станцад гаргасан эрчим хүчээр явдаг эх оронч ногоон унаа. Ирэх сайн цагийн бурхан Майдар ногоон морьтой байдаг шиг түлшний хар утаа хаяхгүй, эко буюу энх оршихуйн үзэл санаагаар бүтээгдсэн төмөр хүлэг. Өмнөговийн Даланзадгад хотод эхний 8 ширхэг нь явж эхэлсэн. Японы “Исузу”-тай хамтарсан ажил нь ид өрнөж байна. Нэг бүтэн цэнэгээр гурван зуун км замыг туулахдаа 30 мянган төгрөгний эрчим хүч зарцуулах автобус угсарч эхэлжээ. Зайгаа дүүргэж аваад гарахад Дархан хүрнэ. Тээврийн үнэ 10 дахин хямдарч, Улаанбаатар-Дарханы хооронд 24 мянгаар биш 2400 төгрөгөөр зорчино гэсэн үг. Такси 1,5 км явах үнээр 220 км-ийг туулна. Түлшээр ажилладаг автобус 20 гаруйг угсарсан, СХД-ийн сургуульд нэг нь үйлчлэхээр болсон тухай мэдээ гарчээ. Монголд бүтээж чадахгүй гэж цагаан тугаа өргөж, хэлээ гаргаж, буугаад өгчихсөн гутранги гунигийн туйлууд ганц боолт ч хийж чадахгүй юм байж гэдэг.

Нэг машин бараг гуч гаруй мянган төрлийн эд ангиас бүрддэг юм байна. Нэмүү өртөг, үнэ цэн шингэсэн бүтэн бүхэл машинаар нь их үнэ төлж авснаас өөрсдийн гаргасан зураг, тооцоогоор, брэнд бүтээгдэхүүн болгож, 500 иж бүрдэл эд анги, моторын 196 төрлийн хэсгийг цуглуулан эвлүүлж босгон, автобус угсрахад хэд дахин хямд тусна. Цаашдаа бүр илүү их задаргаагаар нь авбал тэр хэрээр өртөг нь хямд гарна. Япон, герман, америк машины бүх эд анги 100 хувь нэг улсынх байдаггүй. Бид түүхий ноолуур гаргаад бага ашиг хүртдэг шиг аргыг ганц юманд ч атугай эсрэгээр хэрэглэж болох юм байна.

Хорин доллараар авсан нэг кг монгол ноолуураар оёсон итали загварын хүрэм 5000 доллар хүргэдэг. Техник технологи, брэндинг менежмент, мэдлэг чадвар, итгэл, нэр хүнд ийм үнэтэй. Улаанбаатар дотор, хот хооронд явж байгаа 6841 автобусны 90 хувь нь тэтгэврийн насных. Утаа тортог, өртөг зардал ихтэй. Өөрөөр хэлбэл бас л доллараар хооллолдог. Монголд угсарсан, цахилгаан хөдөлгүүртэй тэргээр Улаанбаатарын 2000 автобусыг сольчихвол 50 сая доллар гадагшаа урсгахгүй, байнгын өртөг зардал нь хүртэл монгол нүүрс, Монголын эрчим хүч, монгол ажилчид, монгол жолооч нарын цалин хөлс болж Монголдоо үлдэнэ. “Экобус” гучаад ажилчинтай. Захиалга байхгүй, гадаад автобус тендерээр аваад байгаа учраас 50 гаруй нь аргагүйн эрхэнд Солонгосыг зорьсон. Эднийх жилд 30 мянган цахилгаан хөдөлгүүрт машин угсрах төлөвлөгөө, зорилттой. Тэгвэл 3000 мянган хүн, 30 жижиг үйлдвэр дагаад ажиллана. Монгол орон төмрийн хүдрээ түүхийгээр нь гаргахаас илүү төмөрлөг, химийн үйлдвэрээ хөгжүүлбэл газар газрын хуучин машин техникийн оршуулгын газар байхаа болино. Дональд Трампад ч тэр, манай урд хойд хөршид ч тэр дэлхийн дэг журам сонин биш, эрх ашиг нь илүү үнэ цэнтэй. Америк ажилчдыг ардаа зогсоож байгаад л гангаас 25%-ийн, хөнгөн цагаанаас 10%-ийн татвар авах зарлигт гарын үсэг зурсан. Хятадын 100 орчим төрлийн жар гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний “хар жагсаалт” гарган татвар оноох гэж байна.

Хойд хилийн цаадах Оросын цэргийн ангиуд монгол хонины махыг өвчтэй гэчихээд Шинэ Зеландаас авчруулдаг. Жирийн орос хүн монгол хонины мах илүү амттайг мэдэх учир хувийн шугамаар зөөж идэх дуртай. Тэгэхэд бид орос бараа л бол сайн гэсэн хөнгөн хуурмаг ухуулгад автан Буриадад австрали имжний махаар хийсэн хиам импортлоод идэж байна. Бэлчээртээ ихэдсэн малтай байж, Монголын буянаа гүвж, уутат амьтны улаан махны цөвдөл Буриадаас доллараар авч идэж байгаа нь бидний хохь.

Хүний хүүхдүүд ийм айхтар гэдэг шиг манайхаас бусад нь өөрийн үйлдвэрлэлээ элдэв дээдээр хамгаална. Монгол жижиг, Орос, Хятад, Солонгос том байх нь хамаагүй. Монголын хивс, мах, савхи, самар, ноос, ноолуур муудаа биш төр засгийнх нь бодлоготой эсэхэд л учир начир нь байна. Манай гаалийн импортын татвар 5 хувь, зарим бүтээгдэхүүнд НӨАТ-тайгаа хамтад нь бүр тэглэдэг, дээрээс нь гаальтай машин гэдэг огт гаальгүй машинтай. Тэгвэл хойд айл Орос 25-63 хувь, урд хөрш Хятад 17-125 хувь, Солонгос 10-225 хувийн татвар оногдуулж, үйлдвэрлэгчдээ ажлын байр, авах цалин, ашиг орлогыг нь хамгаалдаг. Үйлдвэрлэгчид бүтээгчдээ дэмждэг хямд зээл, элдэв төрлийн хөшүүргийг орхиод зөвхөн импортын татварыг нь харьцуулахад л тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Том зах зээлтэй,хүн ам ихтэй орнуудаж үйлдвэрийн салбараа ангаахай мэт асарч тойлж, өсгөж өндийлгөж, хамгаалж хаацайлдаг байхад Монголд бүтээгчид хөрвийн арга, бор зүрхээрээ хөл дээрээ тогтох нь онцгой хүнд байдал юм. Буяныг гаргадаг, бузрыг оруулдаг хаалга үүдгүй, хана туургагүй, эзэнгүй айл шиг улсыг Эрээний наймаачин ч дээрэлхэнэ.

Дарга нар гадагшаа явахаараа зээл хүсч, тэр мөнгөөр нь нөгөө улсынхаа эд бараа, үйлчилгээг авахаар болчихоод ирдэг. Өөрөөр хэлбэл хэрэглээний лизингийн зээлээс ялгаагүй юманд гарын үсэг зурчихдаг. Дарга гадаад явахаар л юу авчрах бол гэж айх юм. Инженерүүд, баялаг бүтээгчид бол шинэ санаа, шинэ хэрэгцээ, шинэ технологи олж хардаг, авч ирдэг.

Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс хөгжлийн хурдасгуур болох гурван тулгуурт бодлогыг боловсруулан шийдвэр гаргагчдад хаяглан санал, төслөө хүргүүлсээр байна. Дотоодын зах зээлээ гааль, НӨАТ-ын татвар, үндэсний стандартаар хамгаалах нь нэг тулгуур. Богдын хүүд өөрийн бодол бий гэдэг. Жишээ нь, Үндэсний стандартаар хамгаална гэдэг нь наад зах нь харь хэлээр бичсан шошго заавартай бараа бүтээгдэхүүн зарахыг хориглохоос эхэлнэ. Монголд усыг нь уух гэж байгаа бол ёсыг нь дагахыг шаардах хэм хэмжээ.

Тулгын гурван чулууны нэг нь эх оронч худалдан авалт. Засгийн газрын жилийн худалдан авалт 1,6 их наяд. Энэ дунд эх орон худалдан авалт бараг алга байна. Ерэн оноос хойших түүхэнд анх удаа ЗТХ-ийн сайд Д.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайдын тушаалыг эс тооцвол эх оронч худалдан авалт бараг алга байна. Ерөнхий сайд эх орон худалдан авалтын талаар ярьж эхэлсэн, одоо бодит ажил болгох л үлдэж байна. Эх оронч худалдан авалтыг хуульчлан тогтоох гол өөрчлөлт нь Тендерийн тухай хууль. Зөвхөн 2015-2016 онд ажлын гутал 62617 хосыг авах тендер зарлал цацагджээ. Цэрэг цагдаа, уул уурхай, малчдын хэрэгцээнд 88 тэрбум төгрөгийн сая гаруй хос ширхэг ажлын гутлын хэрэгцээ шаардлага байна гэж Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн тоо баримтанд дурьдсан байна. Манай сав баглаа боодлын жилиийн хэрэгцээ 500 тэрбум төгрөг. Үүний 30 хувийг нь өөрсдөө, 70 хувийг нь импортоор хангана. Тэр 30 хувийг хангадаг үйлдвэрүүдэд 2000 хүн ажиллаж байна. Хэрвээ 100 хувь бол 6000 хүн ажилтай байж, Эрдэнэт үйлдвэрийн орон тоотой тэнцэнэ. Мэдээж нефть-химийн үйлдвэр хөгжөөгүй учраас гялгар уутны түүхий эд ньМонголынх биш. Гэхдээ үрлэн будаа шиг түүхий эдийг нь хайлуулж, тууз болгож, зураг хэв цутгаж уут сав болгох гэж 6000 хүн ажиллана. Цалин авна, татвар төлнө, зарагдахгүй байгаа орон сууцны ипотект хамрагдана. Чамлахааргүй чанга атгах хэрэгцээ мяндсан шуудай, даавуун уут, цаасан хайрцаг, гялгар хүүдий, шошго оёход оршиж байна. Гааль, татварын хамгаалалтын бодлого, эх оронч худалдан авалт дээр Үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт, өөрөөр хэлбэл хямд мөнгө хэрэгтэй. Жилийн 30 хувийн хүүтэй мөнгөөр үйлдвэр байгуулж, эх орныхоо зах зээлд импортын бараатай өрсөлдөнө гэвэл зангууны үлгэр болно.

Дэлхийн банкнаас гаргасан Эдийн засгийн аюулгүй байдлын 20 гаруй үзүүлэлтээр гаргадаг шалгуурт Монгол Улс нэгээс бусдад нь бүдэрч байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Дотоодын хөрөнгө оруулалтын дэлхийн босго 30 хувь байдаг бол манайд 2. Аж үйлдвэрт боловсруулах үйлдвэрийн салбарын эзлэх хувь дэлхийд 70 бол Монголд 7. Машин зохион бүтээхүйлдвэрийн эзлэх жин 20 бол манайд 0,2. Экспортонд эзлэх түүхий эдийн хувь дээд тал нь 60 бол манайд 99 хувь гэх мэт. Хүнс, өргөн хэрэглээ, нефтийн бүтээгдэхүүний импорт 30 хувиас хэтэрвэл эдийн засгийн аюул гэж үздэг. Монголд хүнснийхээ 60, өргөн хэрэглээнийхээ 90, нефтээ 100 хувь импортоор авдаг. Өөрөөр хэлбэл доллар идэж, доллар өмсөж, доллар шатааж амьдардагийг батлах үзүүлэлт. Гэрийн тэжээмэл амьтны хуурай хоолонд жилд 2 сая доллар төлж байна. Монгол айлын нохой муур хүртэл доллар идэх хөх толботой болой.

Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийнхөн үйлдвэржилтийг дэмжих, тендер, Мэргэжлийн холбоод нь зах зээлээ хянах тухай гурван хууль, 9 тогтоолын төсөл боловсруулан, баталж хэрэгжүүлэхийг хүсч байна. Эдийн засгийн аюултай байдлаас гарахын хүсвэл төр хууль, бодлогоо өөрчлөхөөс эхэлнэ. “Монголд үйлдвэрлэв”-ийг уриа лоозонгоос ажил болгох сонирхол Ерөнхийлөгчөөс эхлээд олон хүнд байгаа, одоо яг хувьсгалын тохироо нь бүрдсэн гэхээр нөхцөлтэй байна. Эдийн засгийн аюулгүй байдал нойл заасан нь аливаа муу юм ерөнхийдөө сайн хэмээх ёж утга, шинэ чигийг зааж байна.

Оюутолгой төслийн зардлын 90 хувь буюу 6 тэрбум доллар төмөр хийц, машин механизм, металлург, тоног төхөөрөмжинд буцаад гарсан байна. Ноогдол ашгаас илүү өрөм тос, өгөөж шимийг нь өөрсдөө хийж бүтээж хүртэнэ гэсэн үг. Аль ч нийгэм, түүний дотор ардчилсан нийгэмд ажил хийж, бүтээж амьдардаг. Аль нэг бусдаа илүү, дутахгүй чадвараа мөнгө болгож амьдардаг.

MADE IN MONGOLIA гэдэг жижигхэн шошго тусгаар тогтнолын бичиг. Цээж өвчин ортол нүдсэнээс илүү “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” гэдэг бяцхан бичиг тусгаар тогтнолын баталгаа. Оросууд шошгыг ярлык гэдэг нь Монголын зарлиг хэмээх үг юм билээ л дээ.

Нийтлэлч Д.Болдхуяг 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан