Энэ сарын 21-ны өдөр замын цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг 250 000 төгрөгөөр торгосон асуудлаар шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.  Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.

 

     Тодруулбал;

     Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зөрчил гаргагч Ц.Баярцогтод авсан  эрх бүхий албан хаагч буюу цагдаагийн шийдвэрийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн.  Учир нь эрх бүхий  албан хаагч буюу цагдаа нь Зөрчлийн тухай хуульд зааснаар  хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэхдээ  зөрчлийн баримтуудыг хавсаргаагүй,  прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тухай  баримтгүй, торгууль төлсөн баримт хэрэгт авагдаагүй юм байна.  Ийм зөрчил илэрсэн учраас нотлох баримт дутуу  байсан тул прокуророос танхайрсан зөрчлөөр хэргийг шийлвэрлүүлэх хүсэлтийг  шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн байна.  Энэ нь  зөрчил гаргасан этгээд хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэдгийг шийдвэрлэсэн байна.   Шүүхийн энэхүү шийдвэрийг  прокурор эсэргүүцэх юм бол давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Хэрвээ шүүх хуралд оролцогч талууд давж заалдах шатны шүүхэд хандахгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр болно.  Харин  зөрчлийг үргэлжлүүлэн шалгах эрх прокурорын байгууллагд хэвээр үлдэж байгаа юм.  

 

     Ингэснээр салаавч гаргасан үйлдэлд нь торгууль оногдуулсан нь хүчингүй болж байгаа. Харин баривчлах уу нэг сая төгрөгөөр торгох уу гэдгийг үдээс хойш дахин шүүх хурал болж шийдвэрлэх болно. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас холбогдох баримт, материалыг хянаад иргэн Б-гийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан "Олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, танхайрсан үйлдэл байна гэж үзэж” 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн.Прокурорын дүгнэлтийг үндэслэн зөрчлийг хэргийг хянан хэлэлцэх хүртэл хугацаанд иргэн Б-г 48 цаг хүртэл хугацаагаар саатуулаад байгаа. Дээрх зүйлд хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан байгаа. Үүнийг шүүх шийдвэрлэнэ. Яг энэ асуудлыг өнөөдөр шүүх хурал үдээс хойш шийдвэрлэх юм.

 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.