С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө

 

Бид энэ удаа “Luxury Brand Asia Model Awards 2017” –ийн тэргүүн байрын эзэн, Азийн бяцхан топ модель, “Сhina international kids model awards”-ийн хоёрдугаар байрын эзэн, Фото мисс,  Барби мисс Содтуяагийн Содонгоог ярилцлагын буландаа урьж ярилцлаа.


Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

- Сайн байна уу? Юуны өмнө намайг урьж оролцуулж байгаа Breakingnews.mn сайтын хамт олонд маш их баярлалаа. Намайг Содтуяагийн Содонгоо гэдэг. Би есөн настай, Орос 14-р сургуулийн гуравдугаар ангид сурдаг. 

Хэзээнээс загварын ертөнцөд хөл тавьсан бэ?

- Би гурван настайдаа Барби сэтгүүлээс зохион байгуулдаг тэмцээнд оролцож “Барби мисс” болж байсан. Үүнээс хойш л загвартай холбогдсон.  Найман настайдаа фото мисс, хамгийн сүүлд олон улсын буюу Азийн бяцхан топ модель болсон. 

Хамгийн сүүлд оролцсон тэмцээнийхээ тухай яривал?

- Миний орсон тэмцээн Солонгос улсын Сөүл хотод болдог “Luxury Brand Asia Model Awards 2017”  гэдэг тэмцээн байсан. Тэмцээнд Хятад, Орос, Казахстан, Герман, Солонгос гэх мэт  20 орны загвар өмсөгчид оролцсон.  Монгол Улсаа төлөөлж миний бие болон С.Түмэнжаргал, н.Энхрийлэн, н.Ганхулан, н.Аззаяа гэсэн найзуудтайгаа оролцсон. Бид нар өглөө бүр зургаан цагт босож маш их шахуу ажлын хуваарьтай тэмцээндээ оролцсон учраас үнэхээр их ядарсан. Үүнийхээ хариуд маш том шагналыг авч эх орныхоо нэрийг гаргаж гранпри буюу ТОП-1 болж чадсандаа маш их баяртай байна. Тэмцээний үеэр эхний ТОП-3 болон тусгай байруудыг шалгаруулж шагнал урамшуулал гардуулсан. Монголоо төлөөлөн надтай хамт оролцсон С.Түмэнжаргал тусгай байрт шалгарсан сайхан үйл ажиллагаа болсон.

Тэмцээний ялагч болсон мэдрэмжээсээ хуваалцаач ?

- Маш гоё байсан. Үнэхээр их баярласан. Эх орон болон хамгийн гол нь ээжээрээ, өөрийнхөө тэсвэр тэвчээрээр бахархах мэдрэмж төрж байсан. Энэхүү тэмцээнд амжилттай оролцохын тулд би маш их хичээсэн. Идэх дуртай хоолоо ч идэж чадахгүй жимс жимсгэнээр хөнгөн, зөв хооллож, найзуудтайгаа тоглох цаг заваа багасгаж гадаа тоглохын оронд алхаагаа бэлдэж байсан. 

Хамгийн хайртай хүнийхээ тухай яриач?

- Миний хамгийн хайртай хүн бол миний ээж. Яагаад гэвэл миний ээж миний бүхий л ертөнц. Үргэлж надтай хамт байж, ямар ч үед намайг дэмжиж миний ар тал байсаар ирсэн. Энд мөн эмээгээ дурдах ёстой гэж бодож байна. Эмээ минь ч гэсэн яг л ээж шиг миний бүхий л арга хэмжээ, тэмцээн уралдаанд намайг дэмжиж байдаг. Мөн л миний бүхий л зүйлийг хийдэг юм. Би энэ хоёртоо хязгааргүй их хайртай. Би хэдий жоохон байгаа ч тэднийхээ ачийг хэзээ нэгэн өдөр хариулна аа гэж бодож явдаг. Энэ хоёр хүн бол миний хамгийн том ертөнц гэж хэлж болно. Миний ээжийн шавь нь ээжид маань маш гоё шүлэг зохиож өгсөн юм. Тухайн шүлэгэн дээр хэлэхдээ:  

“ Эхээс төрөхдөө эх болох заяанд төрж

Энх оршихуйн гэрэлт туяанаас хайр болон цацарч

Содон гоо үзэсгэлэнгийн зүрхэн шүтээн

Сод туяа солонгорон цацрана ” хэмээн шүлэглэсэн юм. Үнэхээр сайхан шүлэг байгаа биз дээ. /Инээв/

Чи ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?

- Холливүүдийн жүжигчин болох мөрөөдөлтэй байдаг. Миний хувьд жүжигчин гэдэг мэргэжил хамгийн сайхан нь санагддаг. Яагаад гэвэл жүжигчин хүн бүхнийг чаддаг. Тэд дуулдаг, бүжиглэдэг, модель болдог гээд л бүх л зүйлийг чадварлаг хийдэг. Би ч гэсэн дуулах, бүжиглэх, жүжиглэх, дуртай. Энэ талаараа ирээдүйд надад ямар боломж байгаа талаар ч судалгаа хийж үзсэн. Ер нь бол Холливүүд гэдэг кино урлагийн том газарт орж ажиллахын тулд маш их суралцаж, өөрийгөө бэлдэх ёстой байдаг юм билээ. Олон сургалт дамжаа төгсөж, олон сонгон шалгаруулалтад орж өрсөлдөгчдөөсөө ямар нэгэн байдлаар ялгарч чадах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод байгаа. Судалгаа хийхэд ээж минь маш сайн тусалдаг. Тэр надад үргэлж л зөвлөж намайг дэмжиж байдаг гэдгийг ахин хэлмээр байна.

С.Содонгоо миссээс өөр ямар авьяастай вэ?

- Би бүжиглэдэг, дуулдаг, төгөлдөр хуур тоглодог. Төгөлдөр хуур тоглоод хоёр жил болж байна. Саяхан Орос улсад болсон олон улсын бүжгийн Международные танцевальней фестивальд Орос 14-р сургуулиа төлөөлөн хамтлагаараа амжилттай оролцож “Дэлхийн улс үндэстэнүүдийн бүжиг” –ийн төрлөөр тэргүүн байрт  шалгарсан. Би бүхнийг л чаддаг болохын тулд хичээж байгаа. Урлагийн бүхий л төрөл надтай их ойр юм шиг санагддаг юм. Яагаад гээч миний эмээ төгөлдөр хуурч шүү дээ. 

Тэгвэл чамд эмээ чинь төгөлдөр хуур зааж өгсөн үү?

- Үгүй ээ. Би одоо Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш н.Золзаяа багшийн удирдлага дор төгөлдөр хуураар хичээллэдэг. Анх хичээллэж эхэлхэд би багшаасаа намхан байсан , харин одоо би багшаасаа өндөр шүү дээ. /Инээв/

Яагаад эмээгээсээ сурч болохгүй гэж?

- Яагаад гэвэл эмээ минь миний бүхий л ар талын ажлыг зохицуулдаг учраас хэт их ачаалалтай байлгаж болохгүй шүү дээ. Би ингэж л боддог, миний ээж ч гэсэн. Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө. Үргэлж л миний дэргэд байгаасай гэж үнэхээр их хүсдэг.

Чи чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Зураг зурах, алхаагаа бэлдэх, ном унших дуртай. Орос болон Англи ном унших сонирхолтой байдаг юм.  

Ямар хичээлдээ илүү их сонирхолтой вэ?

- Математик, Дуу хөгжим, Зургийн хичээлдээ дуртай. Бүгд л миний сонирхлыг маш их татдаг юм. Энэ нь эргээд урлагтай их холбогдолтой мэргэжлүүд шүү дээ. 

Ойрын зорилго чинь юу вэ?

- Солонгос улс руу явж алдартай брендийн нүүр царайгаар ажиллана. Тэнд очиж зөндөө олон зураг авалтанд орох юм шиг байна. Үүнээс гадна би Дэлхийн Топ Моделийн тэмцээнд оролцох гэж байгаа. 

Мисс болохын тулд хэр их чадвар шаарддаг юм байна?

- Санасныг бодоход тийм ч амархан ажил биш юм шиг санагддаг. Би дотроо найзуудтайгаа тоглоё гэж бодсон ч чадахгүй түүний оронд алхаагаа бэлдэнэ, төгөлдөр хуурын хичээлээ давтана, өдөрт заавал ном уншдаг юм. Мисс болохын тулд маш их тэвчээр хэрэгтэй. Хамгийн гол нь залхуурч болохгүй. Мисс хүний хамгийн том дайсан бол залхуурал. Бүгдийг сайн хийж, сайн мисс болохын тулд илүү их тэвчээр бэлтгэл сургуулилт шаарддаг.

Анх “Барби мисс” болж байсан С.Содонгоо Азийн топ модель боллоо шүү дээ. Энэ хугацаанд өөрийгөө хэр их өөрчлөгдсөн гэж бодож байна?

- Миний хувьд жил бүр өсөн дэвжиж, өөрчлөгдөж байгаа. Учир нь би жаахан байхдаа зарим нэг нарийн учрийг ойлгодоггүй, үүргээ ухамсарлдгүй байсан. Харин одоо бол өдөр бүр завгүй, ажил ихтэй байгаа. Би бүр өөрийгөө хамгийн сүүлд унтаад хамгийн эрт босдог хүүхэд болчихсон мэтээр л төсөөлөөд байгаа. Энэ ч бодит амьдралаас хол зөрөхгүй л дээ. Бас нэг зүйл бий. Би  чинь одоо жаахан хүүхэд биш охин болсон шүү дээ. Учир нь миний сонирхол их өөрчлөгдөөд байгаа. Жаахан байхдаа ягаан өнгө буюу  барби өнгөндөө их дуртай, үргэлж л ягаан, цэнхэр өнгийн зүйл сонирхдог байсан бол сүүлийн үед арай өөр Готек загварын зүйл сонирхдог болсон. /Готек буюу Gothic style- гоёл чимэглэл ихтэй, өвөрмөц загварын төрөл /

Хамгийн их үлгэр дууриалал авдаг Монгол загвар өмсөгч хэн бэ?

- Мэдээж миний ээж. Би ээжээсээ маш их зүйл суралцдаг, өдөр бүр. Алхаа гишгээ, харилцааны соёл, бие авч явах соёл гээд л бүхий л зүйлийг би ээжээсээ сурсан. Өөр мундаг олон миссүүд байгаа л даа. Гэхдээ л миний хувьд хамгийн шилдэг нь ээж маань гэж боддог.

Үеийн чинь яг чамтай ижил хүсэл мөрөөдөлтэй байгаа тэдгээр хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр байна?

- Хүүхдүүд тоглоё наадъя гэж их хэлдэг, түүнийгээ ч хийдэг. Түүнийхээ оронд маргааш юу өмсөх билээ, ямар ажилтай байгаа билээ, яаж алхах ёстой билээ, ямар дугуйланд явах ёстой гэдгээ л сайн мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ би дандаа тоглохгүй байна гэж байхгүй л дээ. Би зүгээр л тоглох цагаа хэтрүүлдэггүй. Хүүхдүүдээ, найзуудаа зорилготой байж түүнийхээ төлөө өдөр бүр хичээгээрэй гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан