MCS-ИЙН ЗАДРАЛ БА Х.БАТТУЛГЫН ДАРААГИЙН НҮҮДЭЛ

    Өнгөрсөн наадмаар Элдэвээ захиралд “өвдөг шороодсон” Х.Баттулга энэ жил харин Ерөнхийлөгчийн тамгаа MCS групптэй холбоотой сонирхолтой мэдээлэл дунд хүлээж авав. MCS-ийн гэх тодотголтой Л.Элдэв-Очир захирал Баянхонгор аймагт Х.Баттулгатай хүч үзэж, УИХ-ын гишүүн болсон үндсэн шалтгаан нь хонгор нутгийн хоёр хүүгийн олон жил дамнасан бизнесийн талцалтай холбогддог. Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай болдогийг баталсан Жэнко Х.Баттулга болон MCS-ийн Ж.Оджаргалын талцалд эцэс ирээгүй гэдэг нь зах зээлийн хөдөлгөөнүүдээр нотлогдож байна. 

 

 

    Төрийн хар хүн болохоосоо өмнө Л.Элдэв-Очир захирал “Tiger”-ийн Монгол дахь үйлдвэрийн босс хийж явсан туршлагатай. Тэгвэл түүний ахалж явсан MCS группийн охин компани MBC нь(үүнд Спирт бал бурам, СББ трейд багтдаг) АПУ-гийн мэдэлд шилжих тухай дуулиантай зэрэгцээд Х.Баттулга Монголын Ерөнхийлөгч болжээ. Үнэндээ жил гаруйн хугацаанд яригдсан энэ нэгдэл албан ёсоор эцэслэж буй бололтой. Түүгээр ч зогсохгүй Монголын шинэ Ерөнхийлөгч тодрох торгон тэр агшинд Хонконгийн хөрөнгийн биржид “Mongolian mining corporation”-ий хувьцааны ханш газардаж, хөрөнгийн биржийн туршлагатай тоглогчид ханшийн савалгаанаас мөнгө хийсэн байна. 

 

    Таван толгойг ярих үед холбоо үг мэт сонсогдох болсон “Mongolian mining corporation” нь MCS групптэй ямар хамаатай юм бол гэж гайхдаг хүн байвал ЭНД http://www.mcs.mn/business_direction/index/25   дарна уу. “Mongolian mining corporation” буюу “Энержи ресурс” нэрээр нь бидний сайн мэдэх энэ компани  MCS группийн уул уурхайн салбарын өнгө төрх гэдгийг Та харж байна. 

 

 

    Үнэндээ тэд уул уурхай, аялал жуулчлалын салбарт анхаарах замаар бусад бизнесээ орхиж эхэлжээ. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт оролцох үедээ ч Ж.Оджаргал захирал “Монголд ирээдүйтэй гурван салбар бий гэж бид харж байгаа. Нэгдүгээрт, уул уурхай. Хоёрдугаарт, аялал жуулчлал. Сүүлийнх нь хөдөө аж ахуй” гэж хэлсэн байдаг. Түүний хэлсэн энэ үг MCS-ийн алсын хараа болж зангидагдсан аж. 
 
    Жишээ нь, Ж.Оджаргалын вант улсад харъяалалтай асан “Анун” төвийг нэрлэж болно. Тавилгын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр дагнадаг энэ аж ахуйн нэгжийг Ж.Оджаргал менежментийн багийнханд буюу ажлаа гардан гүйцэтгэж явсан залуучуудад борлуулсан тухайгаа ярьсан байдаг. Товчхондоо “buy out” хийжээ. Мөн компьютер худалдааны IT zone, шил толь болж гялалздаг “Irish Pub” гэхчилэнгээр олон бизнесээ MCS орхисон юм. Тэгвэл наадмын энэ өдрүүдэд “Tiger”-ийн шар айрагны үйлдвэрээ АПУ-д нийлүүлж буй тухай мэдээлэл олны чихэнд хүрэв. Энэ оны эцэс гэхэд уг ажил бүрэн албажих хүлээлттэй байна. 

 

    Ерөөс MCS группийн уул уурхай болон аялал жуулчлалын бизнес өөдөө улам өндийж, мэдээлэл холбоо, үл хөдлөхийн бизнесүүдтэй нь зэрэгцээд иржээ. Уул уурхайн нүүр царай нь дээр дурдсан “Энержи ресурс” бол олон улсын Шангри-Ла сүлжээ зочид буудалтай хамтарч байгуулсан, хүүхдийн паркын хойно сүндэрлэх бүтээн байгуулалт нь аялал жуулчлалын салбартай холбогдож байна. MCS-ийн задрал ба улам ч ахиж дэвших хүлээлт нь харин шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгын дараагийн нүүдлүүдээс шалтгаалахаар байна. 

 

    Ямартай ч шинэ Ерөнхийлөгч төрийн тамгыг гартаа атгаснаар Тавантолгойн “unplugged гацалт” цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй болж ирснийг олон нийт төвөггүй ойлгож байгаа юм. Төмөр замаар Монголыг хэрэх бодлогыг батлуулж явсан Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь царигийн маргаанаар нэрд гарсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километрийн төмөр замын үлгэр жаргах болоогүйг харуулна. Үнэндээ манай шинэ Ерөнхийлөгчийн нэр дээр дурдсан төмөр зам, түүнийг тавих газар шорооны ажлаас болж сэжигтэн, буруутан хүртэл сэвтчихсэн юм. Хамгийн аймар нь, Х.Баттулгын нэрийг сэвтүүлсэн төмөр замын хэрэг түүнтэй холбогддог Тавантолгойг эргэлтэд оруулах тухай олны анхаарлын төвд байсан том сэдвүүд алсрах тийшээ хандаж тун магадгүй болж байгаа юм. Энэ нь “Mongolian mining corportion”-ийн хувьцааны ханш шинэ Ерөнхийлөгчийн чимээнээр шалдаа буусны шалтгаан болж байна. 

 

    Ямартай ч Монголын бизнесийн хамгийн том тоглогч Ж.Оджаргал болон Төрийн тэргүүн Х.Баттулга нарын талцалд эцэс ирээгүй нь цаашдаа ч анхаарлын төвд байх сэдэв гэдгийг нь харуулж байна. Хэрхэхийг тэнгэр мэдэж, үр дүн нь Монголын жижиг эдийн засагт өөрийн өнгө төрхөөр нөлөөлөх юм. 

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан