Ж.Энхбаяр: Хотын даргыг огцруулах асуудлыг тавина

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар яг одоо Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна.

Үйлдвэржилт хөгжиж, нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй болж, шинээр барих шаардлагатай болж буй. Шинэ төв цэвэрлэх байгууламж барихад 900 орчим сая ам.доллар шаардлагатай гэсэн судалгааны дүн гарсан юм.

Хэдэн жилийн өмнөөс төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шаардлагатай талаар асуудал хөндөгдөж ирсэн ч өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй байгаа.

Тэгвэл төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах асуудлыг энэ ондоо багтаан шийдэж, ирэх жил гэхэд барьж байгуулах ажилдаа орохгүй бол Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарыг огцруулах асуудлыг тавих болно гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдэгдлээ.

Тэрбээр “Улаанбаатар хотын иргэд аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Мэргэжлийн бодлого завхарснаас Улаанбаатар хот өтгөнтэйгээ хутгалдаад сууж байна. Нийслэлийн менежер шийдчих ёстой байсан асуудлыг өнөөдөр УИХ дээр яриад сууж байна. Асуудлыг захиргааны аргаар шийдэхээс аргагүй. Энэ жилдээ багтаагаад төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг шийдэх ёстой, ирэх жил барилгын ажил нь эхэлсэн байх ёстой. 2020 он гэхэд шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон байх ёстой.

Энэ жилдээ багтаагаад төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг шийдэхгүй бол Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, хотын дарга гурвыг огцруулах асуудлыг тавина” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярын хувьд өмнө нь хотын дарга байсан. Энэ чиглэлийг мэддэг хүн танаас өөр байхгүй. Тийм учраас ачаагаа үүрээд ажиллах ёстой. Ж.Энхбаяр гишүүнтэй санал нэг байна” гэлээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: News.mn

Шинэ мэдээ
Их уншсан