Албан тушаалын наймаа байдгийг Анагаахын захирал батлах уу

АШУҮИС нь эрдэм шинжилгээний байгууллагын чиг үүргээсээ хазайж эхэлжээ. Өөрөөр хэлбэл,  академик шинж чанараа алдаж байгаа төдийгүй “мөнгө үнэртсэн байгууллага” болсон гэдгийг мэргэжилтнүүд нь хэлж байна. Анагаахын  шинжлэх ухааны үндэсний их сургууль бодлогын алдаа гаргаж буйн илрэл нь хэд, хэдэн учир шалтгаантай ажээ. Өнгөрсөн хичээлийн шинэ жилд зориулж  баталсан  хичээлийн агуулга зорилгоосоо ухарч, мэргэжлийн багш нар нь заах хичээлгүй, оюутнууд  нь сонсох лекцгүй гадуур сэлгүүцэж явна. АШУҮИС-ийн оюутан бол ирээдүй, хойч үеийн эрүүл энхийн манаанд зогсох ёстой хамгийн нэр хүндтэй, хариуцлагатай иргэн байх учиртай. Харамсалтай нь энэ сургуульд боловсон хүчний бодлого аль хэдийнэ алдагджээ.

 

Үүнийг  тус сургуулийн захирлаар одоо ажиллаж байгаа Г.Батбаатартай холбон тайлбарлаж байна. Тэрбээр мэдлэг, мэргэжил тааруухан багш нарыг өөрийн гар хөлөө болгон ашиглаж, хичээлийн тоног төхөөрөмжийг хүртэл худалдан борлуулж ямар ч хараа хяналтгүй аашлах болсоор удаж байгаа бололтой. Түүний энэхүү хууль бус үйлдлийг эсэргүүцсэн багш нарыг “Ажилгүй болгоно, албан тушаалыг чинь бууруулна” хэмээн сүрдүүлж элдвээр доромжилдог гэнэ.  Г.Батбаатар захирлын үзэмжид тааруулан ажиллахын тулд сургуулийн багш, ажилчид аргаа барж байгаа талаар сүүлийн үед сошиал ертөнцөөр ил тод явж байна. Ийм байдлаар удаан явах юм бол АШУҮИС дампуурлын дээд цэгтээ хүрэх нь гэдгийг багш нар онцолж буй. Түүний хадам аав нь харьяа сургуулиудын шагнал урамшууллыг шийддэг, эхнэр нь тус сургуулийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог гээд тоочвол цөөнгүй  баримт гарч ирэх нь.  Оюутны эрх, багш ажилчдын эрх  ашгийг алхам тутамд хөндөж  юм л бол хөөж тууж, хараалын муу үгээр доромжилж, өрөө болгонд камер тавьж дарамталж, өдөр болгон айдастай байлгаж, хэн нэгнийхээ улыг шагайж суухаас өөр хийх юмгүй болжээ. Хамгийн гол нь оюутан охидыг бэлгийн дарамтад оруулж дарга  нарт өгдөг, гадаадын оюутны байранд тусгайлан өрөө бэлтгэн архидан согтуурах, садар самууныг дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулсан нь  нотлох бичлэг, баримт  байгаа талаар ярьж байна. Үүнийг цагдаагийн байгууллага шалгах цаг нь болсон юм биш үү.  Энэ сургууль төрийн өмчийнх үү, эсвэл Г.Батбаатар захирлын хувийн өмч үү гэдгийг ялгах цаг хэдийнэ болжээ.

Саяхан БСШУСЯ-наас  тус сургуульд аудитын шалгалт оруулсан байна. Гэтэл АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар шалгалтынхныг “аргалчихсан” гэж  ярьж яваа сурагтай. Тус сургуулийн 2016 оны эхний найман сарын санхүүгийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны дотоод аудитын газраас хийсэн хяналт шалгалт нь “Төсвийн тухай хууль”, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм” –ийн хүрээнд хийгдэх учиртай боловч уг аудитын дүгнэлт нь зөрүүтэй гарсан нь мэргэжлийн хүмүүсийг гайхшруулаад байна. Тодруулбал, АШУҮИС нь нийт есөн салбар сургуультай боловч уг дотоод аудитын шалгалтын хүрээнд зөвхөн ганц сургууль болох Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль  хамрагдаж, бусад сургуулиудыг шалгалтад хамруулаагүй талаар багш нар гомдоллон мэдэгдэж, дахин шалгалт явуулах талаар шаардах боллоо.

 

Нийт 10888 оюутантай тус сургуулийн хоёр мянга  гаруй оюутан нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их  сургуульд суралцдаг. Тодруулбал,   оюутны тооны хувьд байх ёстой,  хамрах хүрээний ердөө 20 орчим хувь хамрагдсан гэсэн үг. Иймээс  бусад  найман  сургууль дээр гарч болох эрсдлийг огт судалж тооцоолоогүй нь аудитын дүгнэлтийг үнэн зөв, бодитой гаргах боломжийг бууруулсан байх  магадлалтай юм.  Өөр нэг баримт бол  тус сургуулийн шинэ цогцолбор А,Б блокийн барилгын ажлын тендерийг зохион байгуулахдаа “Барилгын тухай” хуулийн 40.1.9 дэх хэсэгт заасан барилга байгууламжийн суурь хана, хучилт, шат, араг бүтэц, дээврийн ажлуудыг барилгын ажил гүйцэтгэгэч нь бие даан гүйцэтгэнэ гэснийг зөрчиж барилгын ажлын тендерийг хэд хэдэн багцад хувааж зарласан. Үүний өмнө буюу 2016 оны долоодугаар сард тус барилгын зөвхөн араг бүтцийн /каркас/ ажлын тендерийг тусад нь зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж санхүүжүүлсэн  хууль бус үйл ажиллагаа юм. Улсын өмчийг  хайр найргүй цөлмөдөг, төрөөс төрсөн тэрбумтануудтай өнөөдөр хатуухан тэмцэх цаг нэгэнт болжээ.  Тиймээс  тус сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн тендерийн булхайг Авлигатай тэмцэх газар, холбогдох хууль хяналтын байгууллагууд нь анхааралдаа авах зайлшгүй  шаардлагатай байна.  Тэрбээр “би бүгдэд нь мөнгө өгчихсөн, одоо  баараггүй үлдэнэ” гэж МАН-ыхныг  хүртэл гутааж, ичгүүр сонжуургүй  ярьж явна. 

 

АШУҮИС-ын захирал Г.Батбаатар албан тушаал дээрээ үлдэхийн тулд  БСШСЯ-ны Дэд сайдад 200 саяыг өгчихсөн гэж өөрөө дотнын нөхөртөө ярьсан байна. МАН-ын холбогдох нөхөдтэй тохироод өгдөг юмыг нь өгчихсөн, ах дүү нарыг албан тушаалд нь үлдээхээр болсон  гэж яваа нь цаанаа албан тушаалын наймаа байгаа эсэхийг тодруулахад гэмгүй.  АН-ын үед Л.Гантөмөрт 300 сая төгрөг өгч гарч ирсэн гэгддэг тэр  МАН ялж төр солигдчихсон байхад мөн л увиагүй аргаараа МАН-ыхныг аргална гэдэгтээ үнэн итгэлтэй байгаа нь харагдаж байна.  Энэ бүхнийг хараад, сонсоод, гүтгүүлээд суугаад байх уу? АН-ын “Нэг ардчилал” фракцыг санхүүжүүлэгч, Л.Гантөмөрийн гар хөл, Анагаахын сургуулийг АН-ын нууц ажиллагааны үүр олон жил болгож, намын нөхдүүдээ байнга цуглуулж нууц үйл ажиллагаа явуулж байсныг хэн хүнгүй мэднэ. Тэрбээр ямар нэгэн аргаар үлдэж нэгт идсэн ууснаа хамгаалах, хоёрт АН-ынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлж намын даргын сунгаанд хүртэл Анагаахын шинжлэх ухааны сургуулийн багш, ажилчид, оюутнуудыг захиргаадан дайчлах, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг ялагдуулах агуулгатай гэдэг нь хэнд  ч ойлгомжтой болов уу.  

 

Тэрбээр сургуулийн захирал болсноос хойш нэг жилийн дараа “тэрбумтан” болсноо тэмдэглэж хамсаатнаа урьж залан, нижгэр найр хийснээр их зодооны эхлэлийг тавьсан нэгэн. АШУҮИС-ийн Санхүүгийн албаны дарга Содномжамцтайгаа мөнгөнөөс болж муудалцсан удаатай. Энэ зодооноо баллахын тулд  санхүүгийнхээ хүмүүсийг гадаадад аялуулж “амыг нь барьсан” сурагтай. Мөн  БСШУСЯ-наас 2016 онд 441 магистрын дипломны дугаар аваад 2016 онд зөвхөн 77 магистрт диплом олгосон нь хамт олных нь дундаас гурван зуу гаруй магистрын диплом зарсан гэдэг нь оргүй биш бололтой. Хувийн лабораторио сургууль дээр ажиллуулж, хэд хэдэн дансаар мөнгөө авдаг,  хурал дээр сууж байхдаа шууд л “тийм байна лаборатори байна, та энэ дансанд мөнгөө хий“ гэж ярихыг  олон багш нар сонсчээ. Татвар огт төлдөггүй, 10-15 жил болж байгаа гэх.  Лабораторийн үйл ажиллагаанаас болж олон хүнийг ажилгүй болгож, хохироож байгаа аж.  Харамсалтай нь лаборатори нь буруу шинжилгээ хийнэ. Ахмад профессор, академич эрдэмтдийг хүндэлнэ гэж байхгүй, зөвхөн өөрийнх нь хадам аав, хамсаатных нь төрөл биш бол бусад нь хүн биш.  Ардын хүүхдүүдэд эрдэм мэдлэг олгодог АШУҮИС-ийг их сургууль шиг сургууль болгохын тулд эрдэм мэдлэгтэй, эрдэмтэн профессорууд мөн ч их хэрэгтэй байна даа.  АН-ын гол санхүүжүүлэгчийн нэг Анагаахын сургуулийн захирал Г.Батбаатар ардын хүүхдүүдийн амьдралаар хэдий болтол тоглох вэ. Хэлж өгөөч, эрхмүүд ээ. Улсын өмчийг идэж ууж ханахгүй дахин шүлэнгэтэн дайрч, дээрээс нь тэдний тарьсан балгийг баллуурдаж арилгах гэж өдөр шөнөгүй зүтгэж яваа салбарынхан руугаа нулимж, доромжилж гутаачихаад  цаашдаа яаж хамтарч ажиллана   гээд бас шүлсээ гоожуулаад янз бүрийн арга хэрэглээд явж чадаж байна вэ. Ийм байдал цаашдаа  хором ч үргэлжилж болохгүйг мэргэжил нэгт нөхөд нь хэлж байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: tumen.mn

Шинэ мэдээ
Их уншсан