ДАРААХ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

 Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүнд гарсан зөрчлийн талаар мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд НМХГ-ын Экспорт, Импортын хяналтын хэлтсийн албаны байцаагч Г.Батсүрэн, Улсын байцаагч Т.Лхагвабуян, О.Энхсаран нар оролцсон юм.

 

НМХГ-ын Экспорт, Импортын хяналтын хэлтсийн албаны байцаагч Г.Батсүрэн хяналт шалгалтын явцад гарсан зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийн талаар дараах мэдээллийг өглөө.

• АНУ-аас импортолсон 3.4 сая төгрөгийн 217 кг “Buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч нь хадгалалтын хугацаа дууссан байсан нь “Хүнсний тухай” хуулийг зөрчсөн тул 8,640,000 төгрөгийн шийтгэвэр ноогдуулан бүрэн барагдуулж, саатуулах акт үйлдэн бүтээгдэхүүнийг хурааж, гаалийн хяналтын талбайд саатуулсан.

• БНСУ-аас импортолсон 250,0 мянган төгрөгийн 32.5 кг “Berrymix” нэрийн жимстэй тараг нь лабораторийн шинжилгээгээр хүнд металлын үлдэгдэл буюу хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байсан. Хүнд металлын лабораторийн шинжилгээгээр шаардлага хангахгүй гарсан тул журмын дагуу хяналтын дээжийг давтан шинжилгээнд хамруулахад дахин шаардлага хангахгүй гарсан. Иймд лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж бүтээгдэхүүнийг хураан авч “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-уудын холбогдох заалтын дагуу арга хэмжээ авсан.

• ОХУ-аас импортолсон 2.1 сая төгрөгийн 25 кг хэмжээтэй “Фуросемид” нэрийн эм эмийн бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссан гүний хяналтын бүсээр нэвтэрсэн нь эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчсөн тул бүтээгдэхүүнийг хурааж, устгах тухай акт үйлдэж гаалийн горимоор устгасан.

• Грек улсаас импортолсон 2 сая төгрөгийн үнэтэй 77.8 кг хэмжээтэй “Septona” хуруу лент нь импортын лицензгүй гүний хяналтын бүсээр нэвтэрсэн нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчсөнийг илрүүлж, бүтээгдэхүүн хурааж, устгах тухай акт үйлдэж гаалийн горимоор устгасан.

• БНХАУ-аас 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр импортолсон 6 сая төгрөгийн үнэ бүхий 178 хайрцаг “Вэй Эр” нэрийн биологийн идэвхит бүтээгдэхүүнээс дээж авч МХЕГ-ын лабораторит шинжлүүлэхэд шинжилгээний хариу шаардлага хангахгүй гарсан тул шинжилгээний дүнг үндэслэн эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, үнэлэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн.

Дээрхи илэрсэн зөрчлүүд нь Монгол улсын “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай", "Хүнсний тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай” зэрэг хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн бөгөөд хариуцагч иргэн, ААН-үүдэд 9,408,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Цаашид импортын худалдаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгж нь Монгол улсад мөрдөж байгаа хууль, тогтоомж, стандартад нийцсэн бодис бараа бүтээгдэхүүнийг холбогдох баримт бичгийн бүрдэлтэй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийн горимыг баримтлан импортлоход анхаарч ажиллах шаардлагатай байна гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, Импорт хяналтын хэлтсээс анхааруулж байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ