Гишүүн Ц.Гарамжав, Сайд Н.Номтойбаяр нарын тухай ноцтой баримтыг дэлгэж байна...

2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн АН-д итгэх итгэлээ баран МАН-д үнэмлэхүй ялалтыг өгсөн билээ. Харин эрх мэдэлд хүрээд 7-н сарыг үзэж буй МАН, түүний засгийн газар, төрийн сайдууд юу хийж явна вэ? Эрх баригчид нөлөө бүхий телевиз, сонин, сайт, сошиал медиагийн төлөөлөгчдийг хаалтын гэрээгээр угжин, алдаа дутагдал бүрийг АН-д хаяглаж байна. Харин сөрөг хүчний байр сууринд ажиллаж буй жирийн сэтгүүлч надад цөхөрсөн төрийн албан хаагчид, хууль хүчний байгууллагын шударга ажилтнууд, эрх баригч намын гомдогсдын арми, эрэн сурвалжлах чиглэлийн сэтгүүлчид, шударга иргэд хандаж байгаад талархал илэрхийлье.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар 2016.12.21-ний өдөр илтэд ашиг сонирхол бүхий тогтоолыг засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлжээ.

Хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал Ц.Гарамжав "Монполимет" групп, Н.Номтойбаяр "МАК" групптэй хамаагүй, хувь эзэмшдэггүй болох нь харагдана. Гэхдээ "Монполимет" группыг төрсөн охин нь, "МАК" группыг төрсөн аав нь удирддаг тул нэгдмэл сонирхолтой этгээд хэмээн хуульчилдаг. Өөрийн аавынхаа компанид гадаад ажилтны квот олгон, гадаадаас ажилтан оруулж ирдэг 22 компани хүсэлт гаргаж байхад зөвхөн Ц.Гарамжав болон өөрийнхөө нэгдмэл сонирхолтой компанид зөвшөөрөл олгох нь зөв үү?

Хамгийн ноцтой нь улс орны төсвийн орлого тасалдан дампуурал зарлахдаа тулчихаад байхад ичихгүй эдгээр компаниудаа ажлын байрны төлбөрөөс 100% чөлөөлжээ. "Монцемент билдинг материалс" ХХК-ийн 710, "Монголын алт" ХХК-ийн 1600 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг чөлөөлөхдөө Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, журмыг ноцтой зөрчжээ. Энэхүү тогтоолын дагуу "Монцемент билдинг материалс" ХХК-ийн 710 гадаад ажилтан тус бүр сард 480.000 төгрөг/Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн/ төлөхөөс чөлөөлөгдөж байна. Үүнийг жилийн хугацаагаар тооцвол 4.089.600.000 /Дөрвөн тэрбум/ төгрөг улсын төсөвт оролгүй эзэн УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын халаасанд үлдэж байна.

Мөн МАК буюу "Монголын алт" ХХК-ийн 1600 гадаад ажилтан энэ тооцоогоор 9.216.000.000 /Есөн тэрбум/ төгрөгөөс чөлөөлөгдөв.

За яахав Засгийн Газар дотоодын топ үйлдвэрлэгч, том аж ахуй нэгжүүдээ дэмжсэн, чөлөөлөх эрхтэй байлгүй гэж бодтол хүчин төгөлдөр үйлчилж буй ЗГ-ын 2001 оны 139-р тогтоолоор ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журамд хувийн компани, үйлдвэржилтийг дэмжих чиглэлээр чөлөөлнө гэсэн ганц ч үг, өгүүлбэр алга. Дипломат төлөөлөгчийн газар, төртэй гэрээ байгуулан ажиллаж буй сайн дурын ажилтан, ЗГ-ын гэрээтэй ажиллаж буй мэргэжилтнүүд, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт гэрээгээр ажиллаж буй мэргэжилтнүүд, нүүрс тээвэрлэлтийн онцгой нөхцөл, гамшиг ослын үед л гадаад ажилтныг төлбөрөөс чөлөөлнө гэж хоёргүй утгаар заажээ.

УИХ-ын гишүүн болохоор үхэн хатан зүтгэж, тэрбум тэрбумаар нь мөнгө хаядагийн шалтгаан ердөө л энэ... Засгийн газрын ганцхан тогтоолоор 13.2 тэрбум төгрөгийг чөлөөлж бизнест дийлдэшгүй болж байна.

Сэтгүүлч Н.Урантогтох

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: http://mongolcom.mn/

Шинэ мэдээ
Их уншсан