Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг баярлуулсан мэдээ...

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нэгэн чухал асуудал авч хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр болсон юм. Энэ нь Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн  албан татвараас чөлөөлөх тухай хууль байсан.   

Уг хууль 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан байдаг. Өнгөрсөн хугацаанд 31 нэр төрлийн 618 ширхэг тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн бөгөөд 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мөрдөгджээ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.13-т “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэж тусгасан бөгөөд мөн хуулийн хугацааг үргэлжлүүлэн сунгах шаардлагатай байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих үүднээс жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын найман гишүүн 2016 оны 12 дугаар сарын 22-нд УИХ-д өргөн мэдүүлснийг ийнхүү өнөөдөр Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр болов.

Өнөөдөр Монгол Улсад бизнес регистрийн санд бүртгэлтэй 126 560 аж ахуйн нэгжээс 64301 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 84,3% буюу 54237 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч хөдөө аж ахуйн 3380, хүнсний 1292, боловсруулах үйлдвэрийн 2801, худалдааны 21952, үйлчилгээний 4235, бусад чиглэлээр 20577 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Жижиг, дунд үйлдвэрийн салбарт 766 910 хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 70 хувийг эзэлж байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, экспортын бүтээгдэхүүний таван хувийг үйлдвэрлэж байгаа ажээ. Дээрх хууль хэрэгжсэнээр 2014, 2015, 2016 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд нийт 1419 иргэн, аж ахуйн нэгж 3201 төрлийн 7 мянган ширхэг тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортоор оруулж ирсэн бөгөөд 13,2 тэрбум төгрөгийн гаалийн чөлөөлөлтөнд хамрагджээ. Судалгаагаар мах махан, нөөшилсөн бүтээгдэхүүн, мод боловсруулах модон материал, ноос ноолуур, арьс шир оёдол, сүү сүүн бүтээгдэхүүн жимс жимсгэнэ гэсэн хөнгөн, хүнсний салбарууд чөлөөлөлтөд хамгийн их хамрагдсан аж.

Жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн тогтвортой хөгжлийг дэмжих замаар орчин үеийн инноваци шингэсэн шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зорилгоор татварыг бодлогоор дэмжих нь чухал гэж УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулгадаа онцолж байсан. 

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Х.Баделхан, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Н.Амарзаяа, З.Нарантуяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүдийн хувьд уг хуулийн төсөл батлагдвал 2017 оны төсвийн орлого хэдэн хувиар буурах, Засгийн газар орлогын хувь хэмжээг бууруулахгүйн тулд ямар тооцоо судлагаа хийж орлого нөхөх гэж байгаа талаар илүүтэй сонирхож байсан. Эцэст нь гишүүд 100 хувийн саналаар Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн  албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2018 он хүртэл сунгах хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэхээр боллоо. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: mongolcom.mn

Шинэ мэдээ