“Шилдэг” улстөрчдийг ичээсэн Т.Аюурсайханы үг

 

Хүн бүр дор бүрнээ өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөж буй энэ өдрүүдэд хаа сайгүй л шилдгээ шалгаруулдаг уламжлал тогтож. Гэвч улс орны эдийн засаг хямралд орж, ард түмний амьдрал уруудан доройтсон хүнд үед шилдэг улстөрч шал­гаруулна гэдэг өвдсөнийг шоолж, бахардсаныг тавлана гэгч болж байна. Тэр дундаа “Монгол Улсын шилдэг 99 улстөрчийг шалгаруулах олон нийтийн рейтинг тогтоох судалгаа-2016” олныг унтууцуулаад авав. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Улс нь ядуу байхад улстөрч нь шилдэг байна гэж юу байх вэ! Намайг энэ жагсаалтаасаа хасна уу! Улсаа ядууруулсан шилдэг хулгайчдыг шалгаруулъя?” гэж жиргэснээрээ цагаа олоогүй мэдрэмжгүй шалгаруулалтын эрчийг сааруулав. Түүгээр ч зогсохгүй элдэв шилдэгт нэрээ оруулдаг ёолкны мод шиг чимэгт дуртай улстөрчдийг ч мад тавилаа. Төрийн ордонд суугаа 76 дотор ганц ч болов сийрэг толгойтон сууж байгаа нь баярлууштай.

Монгол Улсын одоогийн байдал эдийн засгийн гүн хямралын гол буруутан нь тооцоогүй их өр зээл гэж дэлхийн хэвлэлээр бичиж буй. Энэ бүх бодлогын алдааг гаргаж ирсэн улстөрчид улс орноо хөгжүүлэх зөв санаачлага гаргаж, ганц ч болов алхам хийсэн бол шилдэг байтугай баатар болгосон ч яахав. Харамсалтай нь өнөөдөр улс орноо хөгжүүлэхэд өчүүхэн ч болов хувь нэмэр оруулаагүй атлаа Шилдэг болох гээд чичирч суугаа улстөрчдийг Т.Аюурсайханы үг ичээсэн байлгүй дээ. Харин ч одоо улстөрчдийг шагнах нь бүү хэл улс дампууруулах шахсан буруутныг олж тогтоох хэрэгтэй юм. Ер нь сайн, муу хүн шалгаруулж байхаар шилдэг санал, оновчтой бодлого шалгаруулж, түүнийг нь ажил хэрэг болгож байдаг зөв жишиг тогтоох юмсан даа.

 

Х.ХАТАН

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан