СҮХБААТАРЫН “ШИНЭ” УДИРДЛАГУУД ЭРХЗҮЙН ЧАДАМЖГҮЙ БОЛОХЫГ ТОГТООЛОО

2016 оны УИХ-ын  болон  аймаг, нийслэлийн  ИТХ-ын сонгуулиар хамгийн их маргаан үүсгэж асуудал дагуулсан газар бол Сүхбаатар  аймаг байв.  Учир нь тус аймагт УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Ч.Улаан гарсан бол ИТХ-ын сонгуульд  33 төлөөлөгч сонгогдохоос  АН 16, МАН 16 суудал авч тэнцэн нэг тойргийн маргаан шүүхийн шатанд удтал сунжирсан. Улмаар маргаан эцэслэгдээгүй байхад аймгийн МАН өөрсдийгөө олонх болсон хэмээн 16+1 гэсэн байдлаар хуралдаж, тамга, тэмдэг хууль бусаар хийлгэн  Ерөнхий сайдад бичиг илгээж, Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг томилуулсан  байдаг. Энэ мэт олон зөрчилтэй асуудал хэд хэдэн шатны шүүхээр орсон бол тус аймгийн МАН шүүх хурлыг байнга хойшлуулж чирэгдүүлж иржээ. Тэгвэл энэ сарын 7- нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тус маргааныг хянан хэлэлцээд өөрсдийгөө олонх болсон хэмээн үзэж, Засаг дарга, ИТХ-ын даргыг томилон үйл ажиллагаа  явуулж ирсэн нь хүчингүй болохыг тогтоожээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн ИТХ дахь МАН-ын 16 төлөөлөгч, шүүхийн шийдвэрээр нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан нэг хүнийг нэмж 17 болж хуралдаад тамга, тэмдэггүй хууль бус албан баланкан дээр Засаг даргад З.Энхтөр гэдэг хүнийг томилуулахаар Засгийн газар руу илгээж,  Ерөнхий сайд түүнийг нь батламжилснаар өнөөдөр Сүхбаатар аймаг “шинэ” Засаг дарга, Иргэдийн хурлын дарга төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа.

 Тиймээс энэ бүх хууль бус, хуудуутай  үйл ажиллагааг аймгийн Ардчилсан нам, түүний удирдлага үл тэвчиж энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ийнхүү эцэслэн шийдэгдсэн байна.

Давж заалдах шатны  шүүхийн   шийдвэрт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй үндэслэлүүд байхгүй байна” гэж үзжээ. Ингэснээр Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай”, “Тооллогын комисс байгуулах тухай”, “Тогтоолын төсөл хянан боловсруулах комисс байгуулах тухай”, “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга сонгох тухай”, “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай”, “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” зэрэг  тогтоолуудыг түдгэлзүүлэх захирамж гаргажээ. Түүнчлэн шүүхийн энэхүү захирам­жид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсан байна.

Шүүхийн шийдвэр ийнхүү гарснаар өнөөдрийн аймгийн “шинэ” удирдлагууд эрхзүйн чадамжгүй болж таарч байна. Нөгөө талаар тэдний гаргаж буй шийдвэр бүхэн хууль бус, хүчингүй болох аж.

Ч.ОЛДОХ

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Шинэ мэдээ
Их уншсан