Улаанбаатарын утаа хаяанд ирлээ.

 

Хотын утаа хоолой хорсгох улирал хаяанд ирлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хэмжээгээр нэг шоо метр агаарт хамгийн ихдээ 50 микрограмм тоосонцор байх ёстой. Тэгтэл Улаанбаатар хотод идэр есын хүйтний үеэр нэг шоо метр агаар дахь тоосонцрын хэмжээ 2685 микрограмм хүрч байсан тохиолдол ч бий.

 

Нийслэлийн бохирдлын эс үүсвэрийн 80 хувийг гэр хорооллын уурын зуух, 10 хувийг тээврийн хэрэгслийн утаа, зургаан хувийг дулааны цахилгаан станцаас гарах утаа, үлдсэн дөрвөн хувийг нь хог шороо хөрсний бохирдол эзэлдэг байна.

Тодруулбал гэр хорооллын 184 мянган айл өрх, 3200 орчим нам даралтын усан халаалтын зуух бүхий дөрвөн том цахилгаан станц, 800 мянга орчим авто тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа нь агаар бохирдуулах эх үүсвэр болж байна.

 

АГААРЫН БОХИРДОЛ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТҮВШИНГӨӨС 10 ДАХИН ИХ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

Канадын Саймон Фрейзерын их сургуулийн доктор, дэд профессор Райн Аллен Улаанбаатар хотын агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар хэд хэдэн удаа судалгаа хийсэн. 2011 онд явуулсан судалгаагаар Улаанбаатарын агаарын бохирдлын улмаас ирээдүйд нийслэлийн хүн амын арван хүний нэг нь нас барж магадгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Профессор Алений судалгааныхаа үеэр Улаанбаатар хотын таван хэсэгт бохирдлын хэмжилт хийжээ. ДЭМБ-ын тогтоосон Агаарын бохирдлын аюулгүй байдлын төвшингөөс 10 дахин илүү өндөр үзүүлэлт хэмжилтээр гарсан байна.

Профессор Аллений судалгаа нь Air Quality, Atmosphere and Health сэтгүүлд хэвлэгдсэн. “Улаанбаатар Азийн бусад том хотууд шиг дэлхийн анхааралд байдаггүй. Гэхдээ энэ хотын агаарын бохирдол дэлхийн анхаарлын төвд орохоор хэмжээнд очсон. Бидний хийсэн судалгааны гол зорилго нь бодит байдлыг тодорхойлох, агаарын бохирдол нь иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар судлах байлаа. Манай баг зорилгоо биелүүлж чадсан ” гэж Ален хэлжээ.

Түүнчлэн профессор Райн Аллен Улаанбаатар хотын агаарын бохирдлын ургийн өсөлтөд үзүүлэх нөлөөллийг тогтоох судалгаа хийжээ. Тэрбээр судалгааныхаа хүрээнд Сүхбаатар дүүргийн 540 ээжийг сонгож авч, эдгээр хүмүүсийг хоёр хуваажээ. Эхнийх нь гэр сууцны дотоод орчин, агаарын бохирдол үүн дотроо нарийн ширхэгтэй тоосонцор PМ2.5-ыг багасгасан бол нөгөө хэсгийн хүмүүсийнхийг багасгаагүй байна. Ингээд судалж үзэхэд агаарын бохирдлыг бууруулсан багаас төрсөн ээжүүдийн нярай илүү жинтэй буюу 80 гр, 0.4 см-ээр урт байжээ. Нөгөө талаар агаарын бохирдол энэ хэмжээгээр ургийн өсөлт, хөгжилтөд нөлөөлж байна гэсэн үг юм.

Судалгааныхаа талаар тэрбээр "Өсөлт, хөгжилтийн гол үзүүлэлт нь жин, өндөр, толгойн тойргийн хэмжилт байдаг. Бид жирэмсний явцад агаарын бохирдлын талаар анхны судалгааг хийсэн. Энэ судалгааны үр дүнгээр эерэг дүн гарсан. Агаарын бохирдол, тоосонцрын агууламжийг бууруулахад ургийн жин, урт нэмэгдсэн. Тиймээс хувь хүн, жирэмсэн ээжүүд өөрийгөө хамгаалах арга хэмжээ авах ёстой. Үүний нэг нь бидний судалгаанд ашигласан гэр сууцныхаа, өөрийнхөө амьдрах ихэнх цагийг өнгөрөөдөг дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах багаж, тоног төхөөрөмж, багийг ашиглах ёстой. Хоёрдугаарт, агаарын бохирдол их байдаг өглөө эрт цонхоо онгойлгохгүй, орой гадагшаа гарах хэрэггүй" гэлээ.

УТАА УУШГИНЫ ГОЛ ДАЙСАН

Энэтхэгийн эмч, судлаач Нареш Трехан арван жил Дели хотод амьдарсан хүний уушигны зургийг олон нийтэд дэлгэлээ. Эмч эрүүл хүний уушгийг, Делид 10 жил амьдарсан 52 настай хүний уушгитай харьцуулан харуулсан зураг India Today сонинд нийтлэгджээ.

 

 

"Уушги өөрийгөө хамгаалах, цэвэршүүлэх системтэй. Гэхдээ утаа, тоос шороонд удаан хугацаагаар байгаад байвал уушгины хамгаалах, цэвэрлэх системийн үйл ажиллагаа алдагддаг. Утаа, тоос нь хүний уушгинд ороод барьцалдаж, чулуун нүүрс шиг болчихдог. Уушги хатуураад гэмтдэг. Утаа бол уушгины дайсан" хэмээн Энэтхэгийн эмч Нареш Трехан хэлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 онд хамгийн их агаарын бохирдолтой хотоор Нью-Дели хотыг нэрлэсэн билээ. Ялангуяа өвлийн улиралд тус хотын агаарын бохирдлын хэмжээ улам нэмэгддэг бөгөөд өглөөдөө сааралтан, нягтаршсан тоос шороо бүхий утаат манан хотыг бүхэлд нь нөмөрдөг байна. Нью-Дели хотын агаарын бохирдол Бээжингийнхээс 1.5 дахин их гэгддэг. Энд нэг бүтэн өдөр хэвийн амьсгалахад 40 тамхи татсантай ижил хэмжээний хорт хавдрын бодис хүний биед үүсдэг аж.

ДЭМБ-ын мэдээлж буйгаар агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн эрсдэлт хүчин зүйл болж байна. Мөн гадаад, дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байгаа бөгөөд жил бүр тэдний 3.1 нь наснаасаа эрт хорвоог орхиж байгаа ажээ. Эрүүл мэндийн статистик мэдээллээр 1999-2016 онд агаарын бохирдолтой шууд хол­боотой амьсгалын өвчин дунд­жаар 26.8, зүрх су­дасны өвчин 18.1 хувиар нэмэгдсэн аж.

Манай орны хувьд хүн амын тал хувь нь нийслэлдээ амьдардаг. Улаан­баатар хотын агаарын бохирдлыг буу­руу­лах талаар олон ажил хийж байгаа ч агаарын чанарын стандарт дахь хүл­цэх агууламж, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс дав­сан үзүүлэлт буурахгүй л байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан