Хар тамхины наймаачныг устгавал одонгоор шагнана

Филиппиний шинэ Ерөнхийлөгч Родриго Дутерте насаараа хуульчаар ажилласан гэдэг утгаараа улс орондоо хууль хяналтыг чангатгаж, гэмт хэрэгтнүүдтэй хатуу гараар үзэлцэж, эмх журмыг тогтооно гэж амласан. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Давао хотод ялалтын баяраа тэмдэглэж байхдаа хуран цугларсан хэдэн мянган иргэндээ хандан нэгэн чухал мэдэгдэл хийсэн нь олон улсын анхаарлыг татлаа. Түүний зорьж буй ажлуудын нэг нь хар тамхины наймааг таслан зогсоох бөгөөд иргэд хар тамхи дамлан наймаалагчдыг хөнөөсөн тохиолдолд хуулийн хариуцлага тооцохгүй харин ч одонгоор шагнаж хөхиүлэн дэмжинэ хэмээжээ. Мөн цааш нь хэлэхдээ хэр олон хар тамхичинг устгана төдий чинээ сайн хэмээн тодотгов. Филиппиний Төрийн шинэ тэргүүн 71 настай Р.Дутертегийн хэлсэн үгнээс эш татахад "Хар тамхи наймаалагчид танай хажуу айлд чинь байвал хууль сахиулагчдад шууд мэдэгд. Эсвэл танд буу байгаа бол өөрөө цааш нь харуул. Би таныг дэмжинэ. Өөдөөс чинь эсэргүүцвэл үхтэлээ тэмц, та чаднаа. Таныг чадвал би одонгоор шагнана" гэсэн байна. Хэрвээ Филиппиний ард түмэн Ерөнхийлөгчийнхөө энэ үгийг бодит амьдрал дээр хэрэгжүүлж эхэлбэл гэмт хэргийн эсрэг цуст дайн явуулна гэсэн амлалт нь биелэлээ олж эхлэх хэдий ч хэлмэгдүүлэлт явагдаж болзошгүйг олон улсын ажиглагчид анхааруулжээ. Албаны зарим эх сурвалжийн мэдээлж байгагаар хар тамхины бүлэглэлийн толгойлогчийг устгасан этгээдэд таван сая песо буюу 15 мянган фунт стерлингээр шагнах бололтой.

С.Дамдин

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: zuvsongolt.mn

Шинэ мэдээ
Их уншсан