Нийгмийн даатгалынхан нас барагсдын мөнгийг залилж завшдаг байжээ

Манайд залилангийн хэрэг газар авч байгаа. Түүний нэг нь нийгмийн даатгалын ажилтнууд банкуудтай хуйвалдаж, нас барсан ахмад настнуудын нэр дээр тэтгэврийн зээл авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл юм. Тухайлбал,  тэтгэвэр авдаг байгаад нас барсан ахмад настнуудын материалыг улсын бүртгэлд оруулалгүй, нэр дээр нь тэтгэврийн зээл авсан юм байна. Тухайн иргэдийг нас бараагүй хэмээн тэтгэврийг нь сар бүр олгосон гээд нийгмийн даатгалын ажилтнууд уг мөнгийг нь тэтгэврийн зээл рүү нь шилжүүлдэг байсан ноцтой залилангийн хэрэг илэрсэн аж.

Улсад олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан энэ хэрэгт аймаг, дүүргийн  нийгмийн даатгал болон банкны нэлээд олон ажилчид оролцсон бололтой. Ер нь нийслэл болон хөдөө, орон нутгаас маш  олон хүн  холбогдон шалгагдаж байгаа гэнэ.

Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүйгээс гадна хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж буй тул шалгагдаж буй хүмүүсийн нэр усыг зарлах боломжгүй аж. Шалгалтын ажиллагаа үргэлжлэх тусам энэ хэрэгт холбогдогсод нэмэгдэж, хохирлын хэмжээ өсөх магадлалтай байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл буюу Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна. Тодруулбал тус зүйлийн 4-т: “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-аас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Тэрээр энэхүү заалт нь саяхан батлагдсан Өршөөлийн хуулиас “мултарч” үлдсэн зүйл заалтуудын нэг аж.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ