Ган гачигтай бүс нутгуудад галт тэргээр цэвэр ус түгээж байна

Энэтхэгийн олон бүс нутгаар хэт халалт үргэлжилж байна. Энэ лхагва гарагт улсын нийслэл Шинэ Дели хотын зарим хэсэгт агаарын температур цельсийн 47 градуст хүрчээ.

 

Мөн Гужарат мужийн Ахма-дабад хотод 50 градус хүрч халсан байна.  Ийнхүү хэт халуун, хуурай цаг агаараас үүдэлтэйгээр олон бүс нутаг ган гачигт нэрвэгдсэн бол эдгээр бүс нутгуудад цэвэр ус түгээх үйлчилгээнд галт тэрэг ашиглаж эхэлсэн таатай мэдээг Ассошиэйтед Пресс уламжилж байна. Өмнө нь газрын тос, ургамлын тос зэрэг бараа тээвэрлэдэг байсан чингэлгүүд одоо ус түгээж эхэлсэн байна. Ийм чингэлгүүдийг цэвэр ус тээвэрлэх ариун цэврийн шаардлагад нийцүүлэхийн тулд химийн аргаар цэвэрлэж, халуун уураар ариутгажээ.

 

Эдгээр чингэлгээс бүрдсэн 9 галт тэрэг Энэтхэгийн баруун төвийн нутагт оршдог Латур хотын ард иргэдэд өнгөрсөн сарын 19-нөөс эхлэн ус тээвэрлэж эхэлсэн юм. Галт тэрэг тус бүр 10 контейнертэй бөгөөд өдөрт 500 мянган литр улсыг Латур хотод хүргэж байсан. Харин энэ сарын 5-наас эхлэн чингэлэгний тоог 5 дахин олшруулж, 50 чингэлэгтэй галт тэргээр ус зөөвөрлөх болжээ.

Ган гачигтай холбоотойгоор Латур хотын зарим хэсэгт ус тасарсан учраас хотын захиргаа өдөр бүр галт тэргээр ирсэн цэвэр усыг орон нутгийн иргэдэд усны машинаар түгээж байгаа юм. Одоо тус хотод өдөрт 2 сая 500 мянган литр усыг галт тэргээр хүргэж байна. Нэг галт тэргийг усаар дүүргэхэд 8 цаг шаардагддаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Борооны улирал эхэлтэл галт тэргээр ус тээвэрлэх ажил үргэлжлэх юм.

 

Энэтхэг улс даяар ган гачигт нэрвэгдсэн бүс нутгуудад наад зах нь 330 сая хүн амьдарч байгаа мэдээ байна. Тус улсад борооны улирлын өмнөх дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд ган гачиг нүүрлэдэг. Газар тариалан, аж үйлдвэрлэлд их хэмжээний ус ашигладаг тогтвортой бус дадлаас үүдэн Энэтхэг улсын гүний усны нөөц шавхагдахад ойрхон ирсэн гэдгийг мэргэжилтнүүд санууллаа.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: mnb.mn

Шинэ мэдээ
Их уншсан