Тарчиг ядуу амьдралаас боссон дэлхийд цуутай тэрбумтан эмэгтэй

Дэлхийн шилдэг баячууд болох Дональд Трамп, Стивен Спилберг, Опра Уинфри нараас ч баян Хятадын тэрбумтан Жан Шин тарчиг ядуу гэр бүлд төрж өсөн, 14 настайгаасаа үйлдвэрт хөдөлмөр эрхлэх болжээ.

Тэрбээр үл хөдлөх хөрөнгийн салбарт дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн жагсаалтын долоодугаарт бичигддэг, 3.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэнэ.
Түүний хөрөнгө дэлхийд алдар цуутай тэрбумтан эмэгтэй болох Опра Уинфригийнхээс 800 сая ам.доллараар илүү аж.
Жан Шин Хятадын барилга тохижуулалтын компани болох “SOHO China” компанийг байгуулсан бөгөөд ийм лого бүхий барилга Бээжин хотын хаана ч таарах юм. Бээжин хотноо “SOHO China”-гийн 18 барилга байгууламж   байдаг бөгөөд ихэнх нь архитектурын сонин содон шийдэлтэй ажээ. Мөн Шанхай хотноо тус компанийн эзэмшлийн 11 барилга байгууламж байдаг аж.
Түүний Бээжин дэх томоохон хоёр төслийн нэг нь өнгөрсөн онд дуусчээ. Харин нөгөөх нь  уран барилгачдын хамгийн дээд шагнал болох Прицкерийн шагналт архитектор Заха Хадидын загвар бөгөөд одоогоор барилгын ажил ид явагдаж байгаа гэнэ.
Өдгөө 47 настай Жан Шин Мао Зедуний Соёлын хувьсгал (1966-1976) болохоос өмнө Бээжинд төрсөн бөгөөд ядуу зүдүү амьдралд өсч торнижээ. “Намайг бага байхад хот чимээ аниргүй, ямар ч машин явахгүй, дэлгүүр хоршоо ажиллахгүй, гэрэл гэгээгүй байлаа. Хүмүүс зөвхөн дугуй унадаг байсан юм”  хэмээн дурсана.
14 настай байхдаа тэрбээр ээжтэйгээ Хонконг  руу нүүж, тоглоом, хувцас, цахилгаан барааны үйлдвэрт тааруухан цалинтай ажил хийж эхлэв. Ажиллах хугацаандаа Англид боловсрол эзэмшихийг эрмэлзэж мөнгөө цуглуулдаг байжээ.
“Ямар ч боловсролгүй, тэр ч бүү хэл нутгийн кантон аялга ч үгүй хүн Хонконгт нүүж ирж амьдарна гэдэг маш хүнд байсан” хэмээн Жан ярина. Тэрбээр Лондон хүрэх онгоцны тийз болон англи хэлний курст суралцах гэж таван жил мөнгөө хураажээ. Ингээд их сургуульд суралцах тэтгэлэг авч, улмаар  Кэмбрижийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр төгсч магистрын зэрэгтэй болоод анхны ажил болох Нью Йорк дахь “Голдман Сакс”-т орсон байна.
Жан Уолл Стрит дэх сайхан амьдралаа орхин Бээжин рүү буцжээ. Төрөлх хотдоо ирээдүйн нөхөртэйгөө танилцсан бөгөөд улмаар түүний хамт “SOHO China” компаниа байгуулжээ.
“Хүмүүс Хятадыг хэрхэн өөрчлөх вэ хэмээн сэтгэл түгшин  ярьдаг байлаа, байдал хаашаа ч эргэж болохуйц цаг үе байв” хэмээн тэрбээр дурсаад “Миний хувьд манай орон томоохон өөрчлөлт хийж байна. Би тэр бүхний багахан хэсэг байхыг хүсч байлаа” гэжээ.
Жан болон түүний нөхөр Пан Ший 1995 онд “SOHO China“-г байгуулснаас хойш энэ нь Хятадын хамгийн том барилга тохижуулалтын компани болсон бөгөөд Бээжин болон Шанхай хотноо нийт 184 сая мкв бүхий барилга байгууламж эзэмшиж байна.
Жан Хятадын нийгмийн сүлжээ болох “Weibo”-д 5 сая гаруй дагагчтай бөгөөд ажил хэрэг болон архитектурын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг аж.
Санхүүгийн томоохон амжилтанд хүрсэн хэдий ч тэрбээр хүүхдээ элбэг дэлбэг байлгахаас зайлсхийдэг гэнэ. Жан 14 настай хүүгээ МакДональдс юм уу KFC-д ажил хийлгэхийг хүссэн ч хүүг нь балчир байна хэмээн аваагүй ажээ.
“Би мөнгөнд маш хатуу хандаж хүүгээ гуйхаас нааш өгдөггүй. Надад хоол идэх 100 юань хэрэгтэй байна гэж гуйхад нь өгнө. Тиймээс хүү маань илүү мөнгө халаасалж явдаггүй” гэжээ.
А.Цацрал
скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: news.gogo.mn

Шинэ мэдээ
Их уншсан